Ч.Содномцэрэн: Санал асуулга явуулахад цаг хугацаа ч орно, хөрөнгө зардал ч гарна

Хэвлэх

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд сонгуулийн тогтолцооны талаар ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөл өргөн барих болсон. Тийм боломж бий юу?


Ард нийтийн санал асуулгын тухай хуульд УИХ-ын нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь хамтарч санал асуулга явуулахыг санаачлах эрхтэй гэсэн заалт бий. Гэхдээ энэ хуулийн зарим заалтууд нь хэрэгжих боломжгүй, хүчингүй болчихсон байгаа.


Яагаад боломжгүй гэж, хууль нь хүчин төгөлдөр байгаа шүү дээ?


1995 онд батлагдсан энэ хууль хүчин төгөлдөр байгаа хэдий ч түүний зарим заалтууд нь хэрэгжих боломжгүй болсон. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн тухай 1992, 2005 оны хуулийн зарим зүйл заалтыг баримтлахаар заасан заалтууд нь хуультайгаа хамт хүчингүй болчихсон. Нэр томъёоны хувьд ч хуучин хэллэгээрээ, иргэнийг паспортоор нь бүртгэх, сонгогчдын нэрийн жагсаалтыг тойргийн хороо нэгтгэх тухай заалтууд бий. Эдгээр заалтууд нь бүгд хүчингүй болсон.


Ийм тохиолдолд яах ёстой вэ?


Эхлээд хуулиа өөрчлөх хэрэгтэй. Ер нь шинэчилсэн найруулга хийх болсон. Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд саналаа боловсруулж УИХ-д хүргүүлсэн. Хуульдаа өөрчлөлт оруулсны дараа санал асуулга явуулах эсэхээ ярих нь зүйтэй байх.


Сонгуулийн Ерөнхий Хорооны саналд ямар асуудлууд тусгагдсан бэ?


Дээр хэлсэнчлэн хүчингүй болсон заалтуудыг шинэчилсэн саналууд байгаа. Мөн санал асуулгын зарчим, шийдвэрлэх асуудал, товлон зарлах, зохион байгуулалт, зардал, сонгогчдын нэрийн жагсаалт, санал авах, тоолох, дүн мэдээ гаргах гээд нэлээд дэлгэрэнгүй 200 гаруй томъёолсон санал боловсруулсан. Өөр нэг томоохон бүлэг санал нь гадаадад байгаа иргэдийг санал асуулгад оролцуулах  асуудал байгаа. Манай Сонгуулийн Ерөнхий Хорооны зүгээс гадаадад байгаа иргэдийг санал асуулгад оролцуулахаар саналаа бэлтгэсэн, хэрхэн шийдвэрлэх нь Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал.


Санал асуулгыг автомат машинаар тоолохгүй гэсэн байна лээ?


Уг нь Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн нэг зорилт нь ард нийтийн санал асуулгыг зохион байгуулан дүнг гаргах ажиллагаанд автомат тоолох хэрэгсэл ашиглах гэж тодорхойлсон байгаа билээ. Гэхдээ санал асуулгыг Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу явуулах эсэхийг  мөн л УИХ л шийднэ шүү дээ.


2012 оноос хойшхи олон удаагийн нөхөн сонгуульд автомат машинаа ашиглаж чадаагүй юм биш үү?


УИХ-ын шийдвэргүйгээр автомат машиныг нөхөн сонгуульд хэрэглэх боломжгүй. Хуульд сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх талаар УИХ шийдвэр гаргана гэсэн заалт бий. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн агуулга нь ээлжит сонгуулиуд болон ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах үзэл санаагаар боловсруулагдсан.


МАН-ын бүлгийн зүгээс санал асуулга явуулахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдахгүй гэж байсан?


Цаг хугацаа ч орно, хөрөнгө зардал ч гарах нь тодорхой. Хуульд хугацааны талаар тодорхой заалтууд бий. Тухайлбал, санал асуулга авах өдөр нь шийдвэр гарснаас хойш 30-аас доошгүй хоног байхаар хуульд заасан. Энэ хугацаанд зохион байгуулалт, бэлтгэл ажлаа хангана гэсэн үг. Хөрөнгө зардлын хувьд санал асуулгын хуудас хэвлүүлэх, хэсгийн хороодод хүргэхээс эхлээд бичиг хэрэг, сурталчилгаа, шуудан холбоо, тээвэр шатахууны гээд зардлууд гарна. Эдгээр бүх зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж хуульд заасан байдаг.


Санал асуулгын хувьд Та ямар байр суурьтай байна вэ?


Би өнөөгийн бодит байдлыг л хэллээ. Эхлээд Ард нийтийн санал асуулгын хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. 2011 онд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг боловсруулах явцад санал асуулга явуулах тухай асуудал бас л яригдаж байсан, Гэвч ард иргэдээсээ асуулгүйгээр хуулиа баталж хосолсон тогтолцоо руу шилжсэн. Уг нь тэр үед хосолсон тогтолцоо руу шилжих үү, үгүй юу гээд асуулга явуулсан бол оновчтой байсан болов уу. ХБНГУ, Франц, БНСУ, ОХУ, Япон зэрэг улсуудыг харахад  хосолсон тогтолцоогоор сонгуулиа явуулж байна. Манай улс сонгуулийн энэ тогтолцоо руу шилжээд ердөө гурван жил гаруй л болж байна. Сонгуулийн тогтолцоогоо ойр ойрхон өөрчлөөд байх нь тийм ч сайн зүйл биш дээ.





Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.