Захиргааны хэрэг нянан шийдвэрлэх тухай хууль

ХэвлэхDOC Татаж авах
ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

 

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх болон уул захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж, түүнийг хэрэглэх

2.1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Монгол Улсын Шүүхийн тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2.2.Захиргааны хэргийн шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль болон Монгол Улсын олон улсын гэрээг баримтална.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.”захиргааны байгууллага” гэж нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн засагласан шийдвэр гаргадаг, төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага, түүнчлэн Засгийн газрын байгууллагын зарим үүргийг төлөөлөн гүйцэтгэдэг Засгийн газрын бус байгууллага, хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр бусдыг захирамжилсан шийдвэр гаргаж, нийтлэг үйлчилгээ үзүүлдэг сургууль, эмнэлэг, холбоо, харилцаа, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны болон шашны байгууллага зэрэг нийтийн эрх зүйн субъект болох байгууллагыг;

3.1.2.”захиргааны албан тушаалтан” гэж энэ хуулийн 3.1.1-д заасан байгууллагын нийтийн эрх зүйн хүрээнд захирамжлах, зохион байгуулах бүрэн эрхийг бие даан хэрэгжүүлдэг төрийн албан хаагч, түүнчлэн нийтийн эрх зүйн холбогдолтой асуудлаар бусдыг захирамжилсан шийдвэр гаргадаг төрийн бус албан тушаалтныг;

/Энэ заатад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.3.”иргэн” гэж Монгол Улсын иргэн, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнийг;

3.1.4.”захиргааны акт” гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг; энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна;

/Энэ заатад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.5.”үйл ажиллагаа” гэж үйлдэл, эс үйлдэхүйг;

3.1.6.”эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсныг;

3.1.7.”нэхэмжлэл” гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг;

3.1.8.”гомдол” гэж захиргааны хууль бус актын талаар тухайн байгууллагын удирдах дээд шатны нь байгууллага, албан тушаалтанд болон шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлээс бусад өргөдлийг;

3.1.9.”шүүхийн шийдвэр” гэж анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргасан шийдвэрийг;

/Энэ заатад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.10.”шүүхийн тогтоол” гэж захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүнээс гаргасан болон хяналтын шатны шүүх захиргааны хэргийг хянаад гаргасан шийдвэрийг;

/Энэ заалтыг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.1.11.”шүүхийн магадлал” гэж давж заалдах шатны шүүхээс захиргааны хэргийг хянан хэлэлцээд гаргасан шийдвэрийг;

/Энэ заатад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.12.”шүүгчийн захирамж” гэж захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс дангаараа гаргасан шийдвэрийг;

/Энэ заатад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.13.“шийтгэвэр” гэж захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны зөрчил гаргасан этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага ногдуулсан шийдвэрийг.

/Энэ заалтыг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4 дүгээр зүйл. Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан

4.1.Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 3.1.1., 3.1.2.-т заасны дагуу дараахь байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэнэ:

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.1.Монгол Улсын Засгийн газар;

/Энэ заалтыг 2005 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4.1.2.Монгол Улсын Засгийн газрын гишүүн /Ерөнхий сайд, сайд/;

4.1.3.Монгол Улсын яам;

4.1.4.Монгол Улсын Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг;

4.1.5.Төрийн албаны Зөвлөл, түүний салбар байгууллага;

4.1.6.Сонгуулийн ерөнхий хороо;

/Энэ заалтыг 2005 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4.1.7.Монголбанк;

4.1.8 Санхүүгийн зохицуулах хороо;

/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

4.1.9.яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг, түүнтэй адилтгах газар, зөвлөл, товчоо, төв, сан зэрэг байгууллага;

4.1.10.аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;

4.1.11.аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг /хэлтэс, газар/;

4.1.12.улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч, цагдаагийн, тагнуулын, хилийн цэргийн байгууллага, түүний захиргааны таслан зогсоох болон шийтгэлийн арга хэмжээ авах эрх бүхий бүх албан тушаалтан;

4.1.13.аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал, тэдгээрийн Тэргүүлэгчид;

4.1.14.төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг болон холбоо, харилцаа, эрчим хүчний системийн захиргаа зэрэг үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг байгууллага;

4.1.15.сүм хийдийн захиргаа;

4.1.16.шийдвэр, үйл ажиллагааг нь захиргааны хэргийн шүүхэд давж гомдол гаргаж байхаар хуульд тусгайлан заасан нийтийн эрх зүйн субъект болох бусад байгууллага, албан тушаалтан.

4.2.Энэ хуулийн 4.1-д заасан байгууллагын зөвхөн гадагш /бусдаас/ дагаж мөрдөх буюу заавал биелүүлэх захиргааны акт нь захиргааны хэргийн шүүхэд хамаарна.

4.3.Шүүх, прокурорын байгууллага, түүнчлэн эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын байцаан шийтгэх, эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явуулсан үйл ажиллагааны талаар иргэн, хуулийн этгээдээс шүүхэд гаргасан гомдлыг эрүүгийн болон иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ.

5 дугаар зүйл. Захиргааны хэргийн шүүхийн акт, түүнийг заавал биелүүлэх

5.1.Захиргааны хэргийн шүүхийн акт нь шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэр гэсэн хэлбэртэй байна.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.2.Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр актыг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох бүх байгууллага, албан тушаалтан, иргэн заавал биелүүлнэ.

5.3.Захиргааны хэргийн шүүхийн актыг биелүүлээгүй этгээдэд энэ хууль, Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актад заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа,

шүүхэд нэхэмжлэл гаргах эрх

6 дугаар зүйл. Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах

6.1.Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана.

6.2.Гомдол нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

6.3.Энэ хуулийн 6.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол захиргааны байгууллага, албан тушаалтан уг хугацааг хэтэрснээс хойшхи гурван сарын дотор нөхөн сэргээж болно. Хугацаа сэргээхтэй холбогдсон гомдлыг шүүхэд гаргана.

6.4.Энэ хуулийн 6.1.-д заасан байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болно. Хугацаа сунгасан тухай гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ.

7 дугаар зүйл. Хэргийг урьдчилан шийдвэрлэх журам

7.1.Захиргааны байгууллага, албан тушаалтан гомдлыг урьдчилан шийдвэрлэх талаар дараахь ажиллагаа явуулна:

7.1.1.захиргааны акт хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгах;

7.1.2.гомдол гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шаардлагатай бол эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гуравдагч этгээдэд хэрэг шийдвэрлэх он, сар, өдөр, газрыг мэдэгдэж, уг ажиллагаанд хүсэлтээр нь байлцуулах.

7.2.Энэ хуулийн 7.1.2.-т заасан этгээд хүрэлцэн ирээгүй бол тэдгээрийн оролцоогүйгээр хэргийг урьдчилан шийдвэрлэж болно.

7.3.Шаардлагатай гэж үзвэл шинжээч томилон дүгнэлт гаргуулна.

7.4.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцын талаар тэмдэглэл хөтөлнө. Уг тэмдэглэлд дараахь зүйлийг тусгана:

7.4.1.шийдвэр гаргаж байгаа байгууллагын нэр, хаяг, албан тушаалтны овог, эцгийн болон өөрийн нэр;

7.4.2.шийдвэр гаргасан, хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан он, сар, өдөр, газар;

7.4.3.гомдол гаргагч, хариуцагч, бусад оролцогчын овог, эцгийн болон өөрийн нэр;

7.4.4.гомдлын агуулга, шаардлага;

7.4.5.шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримт;

7.4.6.тэмдэглэл хөтөлсөн болон гомдлыг шийдвэрлэсэн албан тушаалтан, захиргааны байгууллагын эрх баригчийн гарын үсэг.

7.5.Хамтын удирдлага бүхий захиргааны байгууллага гомдлыг хэлэлцсэн бол асуудал шийдвэрлэх ердийн журмыг баримтлан шийдвэр гаргана.

7.6.Гомдлыг хүлээж авсан байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 45, 46 дугаар зүйлд заасан журмын дагуу маргаантай захиргааны актын биелэлтийг гомдол бүхий хэргийг хянан шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлж болно.

8 дугаар зүйл. Захиргааны байгууллага, албан тушаалтан гомдлыг хянан үзээд гаргах шийдвэр

8.1.Энэ хуулийн 6.1.-д заасан захиргааны байгууллага, албан тушаалтан гомдлын дагуу хэргийг хянан үзээд дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

8.1.1.захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх;

8.1.2.маргаан бүхий захиргааны акт гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох;

/Энэ заатад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.1.3.захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах.

8.1.4.захиргааны актыг хэвээр үлдээх.

/Энэ заалтыг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

8.2.Энэ хуулийн 8.1.-д заасан захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтан заавал биелүүлнэ.

9 дүгээр зүйл. Захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах

9.1.Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана:

9.1.1.захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай;

9.1.2.бичгийн хэлбэрээр гаргасан захиргааны актыг батлан гаргасан байгууллага, албан тушаалтан нь тодорхойгүй;

9.1.3.захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан;

9.1.4.захиргааны актыг гүйцэтгэх субъект тодорхой бус;

9.1.5.хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан;

9.1.6.нийтийн ёс зүйн хэм хэмжээг илт зөрчсөн;

9.1.7.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;

9.1.8.захиргааны акт гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн;

9.1.9.захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн.

9.2.Захиргааны актын аль нэг заалт илт хууль бус бөгөөд тухайн заалтгүйгээр захиргааны актын агуулга ойлгомжгүй болоход хүрвэл захиргааны актыг бүхэлд нь илт хууль бус гэж тооцно.

10 дугаар зүйл. Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох

10.1.Маргаан бүхий захиргааны акт иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон бол энэ хуулийн 6.1.-д заасан захиргааны байгууллага, албан тушаалтан уг актыг хүчин төгөлдөр үйлчилж байгаа, эсхүл ирээдүйд хүчин төгөлдөр болох эсэхээс үл хамааран бүхэлд нь буюу холбогдох хэсгийг хүчингүй болгосон шийдвэр гаргана.

11 дүгээр зүйл. Захиргааны акт гаргахыг даалгах

11.1.Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгана:

11.1.1.захиргааны акт гаргахаас үндэслэлгүйгээр татгалзсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгож, захиргааны акт гаргах;

11.1.2. захиргааны байгууллага, албан тушаалтны эс үйлдэхүйн улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон.

11.2.Захиргааны байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 11.1.-д зааснаас бусад үйлдэл хийж гүйцэтгэхийг даалгасан шийдвэр гаргаж болно.

12 дугаар зүйл. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх

12.1.Иргэн, хуулийн этгээд дараахь тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй:

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

12.1.1.хуульд тусгайлан заасан;

12.1.2.дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас энэ хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн;

/Энэ заатад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.1.3.захиргааны байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэрийг биелүүлээгүй;

/Энэ заатад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.1.4.шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй.

12.2.Харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан байхгүй бол иргэн, хуулийн этгээд нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар энэ хуулийн 6.1.-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана.

12.3.Нэхэмжлэгч энэ хуулийн 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтээ тухайн захиргааны хэргийн шүүхэд гаргаж болох бөгөөд уг хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

13 дугаар зүйл. Шүүхээс захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим

13.1.Захиргааны хэргийн шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4-11 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтлана.

14 дүгээр зүйл. Захиргааны хэргийн нутаг дэвсгэрийн харьяалал

14.1.Нэхэмжлэлийг тухайн захиргааны акт гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны харьяалах захиргааны хэргийн шүүхэд гаргана.

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15 дугаар зүйл. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал

15.1.Аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүх энэ хуульд заасны дагуу үүсгэсэн захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.

15.2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

15.3.Улсын дээд шүүх давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн захиргааны хэргийг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар нэмсэн/

15.4.Монгол Улсын дээд шүүх шаардлагатай гэж үзвэл ямар ч хэргийг татан авч анхан шатны журмаар хянан шийдвэрлэх эрхтэй.

/Энэ хэсгийн дугаарыг 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

15.5.Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын талаар гарсан шүүх хоорондын маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийн дугаарыг 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

/Энэ хэсэгт 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
Хэргийн оролцогч

16 дугаар зүйл. Хэргийн оролцогчдын бүрэлдэхүүн

16.1.Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг хэргийн оролцогч гэнэ.

16.2.Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь захиргааны хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж буюу өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж буй этгээд мөн.

17 дугаар зүйл. Хэргийн оролцогчийн иргэний эрх зүйн чадвар

17.1.Захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхэд иргэн, хуулийн этгээд оролцох эрхтэй.

17.2.Хуулийн этгээдийн эрхгүй боловч тухайн захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай холбоо, сан зэрэг нэгтгэлийг шүүгч захирамж гаргаж уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж болно.

18 дугаар зүйл. Хэргийн оролцогчийн иргэний эрх зүйн чадамж

18.1.Шүүхэд захиргааны эрх зүйн хэм хэмжээгээр заагдсан эрхээ өөрөө хэрэгжүүлж үүргээ биелүүлэх, хариуцлага хүлээх буюу төлөөлөгчөөрөө гүйцэтгүүлэх чадварыг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд эдэлнэ.

18.2.Иргэний эрх зүйн зарим чадамжтай, эсхүл сэтгэцийн өвчний, мансууруулах бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдэгийн улмаас эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч төлөөлөн хамгаалана.

18.3.16-18 хүртэлх насны иргэн өөрөө хүсвэл түүний эцэг, эх, харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр захиргааны хэргийн шүүхэд биечлэн оролцох эрхтэй.

19 дүгээр зүйл. Нэхэмжлэгчийн эрх, үүрэг

19.1.Нэхэмжлэгч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:

19.1.1.нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх;

19.1.2.захиргааны хэргийн шүүхийн болон эсрэг талын шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох;

19.1.3.нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах;

19.1.4.шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч, прокурор, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргахыг шаардах;

19.1.5.шүүх хуралдааны бусад оролцогчид асуулт тавих;

19.1.6.захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах;

/Энэ заатад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19.1.7. хуульд заасан бусад эрх.

19.2.Нэхэмжлэгч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь үүрэг хүлээнэ:

19.2.1.захиргааны хэргийн шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх;

19.2.2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих;

19.2.3.захиргааны хэргийн шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх.

/Энэ заатад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19.2.4.захиргааны хэргийн шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах;

/Энэ заалтыг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

19.2.5.захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд гардан авах;

/Энэ заалтыг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

19.2.6.захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх.

/Энэ заалтыг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

20 дугаар зүйл. Хариуцагчийн эрх, үүрэг

20.1.Хариуцагч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:

20.1.1.нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх;

/Энэ заалтыг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

20.1.2.энэ хуулийн 19.1.2-19.1.7-д заасан эрх.

/Энэ заалтыг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

20.1.3.захиргааны хэргийн шүүхийн болон эсрэг талын шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл, хуулбар хийх;

/Энэ заалтыг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

20.1.4. гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, нэмэлт нотлох баримт цуглуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах;

/Энэ заалтыг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

20.1.5.энэ хуулийн 19.1.4.-19.1.7.-д заасан эрх.

/Энэ заалтыг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

20.2.Хариуцагч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь үүрэг хүлээнэ:

20.2.1.нэхэмжлэлийн талаар бичгээр тайлбар гаргах, захиргааны хэргийн шүүхээс шаардсан нотлох баримтыг гаргаж өгөх;

20.2.2. энэ хуулийн 19.2-т заасан үүрэг.

/Энэ заалтыг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

20.2.3.захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх.

/Энэ заалтыг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

21 дүгээр зүйл. Гуравдагч этгээд

21.1.Тухайн захиргааны актын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл уг актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг шүүгч захирамж гарган захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно.

21.2.Гуравдагч этгээд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

/Дээрх 21 дүгээр зүйлийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

22 дугаар зүйл. Нэхэмжлэлийг хэд хэдэн этгээд хамтран гаргах

22.1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг хэд хэдэн нэхэмжлэгч хамтран гаргаж болно.

22.2.Энэ хуулийн 22.1.-д заасан тохиолдолд нэхэмжлэгчид дундаасаа төлөөлөгч томилон итгэмжлэл буюу бүрэн эрх олгож, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийгөө төлөөлүүлэн оролцуулах эрхтэй.

22.3.Нэхэмжлэлийг 20 буюу түүнээс дээш этгээд хамтран гаргасан тохиолдолд шүүгч тэдэнд төлөөлөгчөө энэ хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу захиргааны хэрэг үүсгэснээс хойш 14 хоногийн дотор томилон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахыг санал болгоно.

22.4.Энэ хуулийн 22.3.-т заасан хугацаанд нэхэмжлэгчид төлөөлөгчөө томилоогүй бол шүүгч тэдний дундаас төлөөлөгчийг нь томилно.

22.5.Төлөөлөгчийн тоо 3-аас илүүгүй байх ба энэ тохиолдолд шүүгч төлөөлөгчийн бүрэн эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-т зааснаар хязгаарлаж болохгүй.

23 дугаар зүйл. Хамтран хариуцагч

23.1.Нэг нэхэмжлэлд хэд хэдэн хариуцагч байж болох ба тэдгээр нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан оролцох эрхтэй.

23.2.Хамтран хариуцагчид нь ашиг сонирхлын зөрчилгүй, уг хэргийг хянан шийдвэрлэхэд бүгд оролцох шаардлагагүй, түүнчлэн хэргийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл хэн нэгийгээ томилон өөрсдийгөө төлөөлүүлэн оролцуулж болно.

24 дүгээр зүйл. Хариуцагчийг солих

24.1.Хариуцагчаар татагдсан этгээд уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино.

24.2.Хариуцагчийг солихыг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй бол уг этгээдийг шүүгч хамтран хариуцагчаар татан оролцуулна.

24.3.Хариуцагчийг нотлох баримт цуглуулахаас өмнө солих бөгөөд хэрэв тийнхүү цуглуулсны дараа солиход хүрвэл шинээр тогтоогдсон хариуцагч буюу хамтран хариуцагч уг хэргийн нотлох баримтыг шинээр цуглуулж үнэлүүлэхийг шаардах эрхтэй.

25 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлан авах

25.1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг залгамжлахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан журмыг баримтлана.

26 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг төлөөлөх

26.1.Иргэний эрх зүйн чадамж бүхий иргэн шаардлагатай гэж үзвэл захиргааны хэргийг хянан хэлэлцэхэд төлөөлөгчөө оролцуулна.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

26.2.Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагын эрх баригч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө.

26.3.Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийн төлөөлөгчөөр оролцох байгууллагын эрх баригч нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ гэрчилсэн баримт бичиг, бусад ажилтан олгогдсон итгэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгнө.

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

26.4.Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна.

27 дугаар зүйл. Төлөөлөгчийн бүрэн эрх

27.1.Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна.

27.2.Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ:

27.2.1. нэхэмжлэлийн өргөдөлд гарын үсэг зурах;

27.2.2.нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх;

/Энэ заалтыг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

27.2.3.нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн буюу хэсэгчлэн татгалзах;

27.2.4.нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх;

27.2.5.эвлэрэх;

27.2.6.захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах;

/Энэ заатад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.2.7.төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийг бусдад шилжүүлэх;

27.2.8.захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхийг шаардах.

28 дугаар зүйл. Төлөөлөн оролцож болохгүй байдал

28.1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг 18 насанд хүрээгүй болон эрх зүйн зарим буюу бүрэн чадамжгүй этгээд төлөөлөн оролцож болохгүй.

28.2. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хувиар, эсхүл ажиллаж байгаа байгууллагаа төлөөлөн тухайн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаагаас бусад тохиолдолд шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч.

29 дүгээр зүйл. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох

29.1.Хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцож болно.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

29.2.Талууд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчийн туслалцаа авч болно.

29.3.Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн бүрэн эрх нь хууль зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно.

29.4.Өмгөөлөгч нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Нотлох баримт

30 дугаар зүйл. Нотлох баримт

30.1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтыг ойлгох, гаргаж өгөх, цуглуулах, үнэлэхдээ энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 40-45, 47-49, 51 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.

31 дүгээр зүйл. Захиргааны хэргийг нотлох үүрэг

31.1.Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.

31.2.Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, иргэнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд уг шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

31.3.Оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгч нотлох баримт гаргаж өгөх, үнэлэхийг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй.

31.4.Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

31.5.Энэ хуулийн 31.2.-т заасан шаардлагыг биелүүлээгүй гэм буруутай этгээдэд Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

31.6.Төрийн байгууллага, хуулийн этгээд, хувь хүний гаргаж өгсөн бичмэл нотлох баримтыг уг хэргийн талаар захиргааны хэргийн шүүхээс гаргасан шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа анх гаргаж өгсөн этгээдийн хүсэлтээр буцааж өгч болох бөгөөд шаардлагатай гэж үзвэл хуулбарыг хэрэгт хавсаргана.

31.7.Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт зайлшгүй шаардагдвал хуралдааныг нэг удаа хойшлуулна. Энэ тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.

31.8.Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасч, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргах бөгөөд тийм баримтыг шаардан гаргуулж болохгүй.

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 


ТАВДУГААР БҮЛЭГ
Нэхэмжлэл гаргах, түүнийг хүлээн авах

32 дугаар зүйл. Нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэр, агуулга

32.1.Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэлд нэхэмжлэгч, эсхүл түүнийг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж байгаа этгээд гарын үсэг зурсан байна.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

32.2.Нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгана:

32.2.1.нэхэмжлэлийг захиргааны хэргийн ямар шүүхэд гаргаж байгаа;

32.2.2.нэхэмжлэгч, хариуцагчийн овог, эцгийн болон өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол нэр, оршин байгаа газрын хаяг;

32.2.3.нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл;

/Энэ заатад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

32.2.4.хавсаргасан баримт бичгийн жагсаалт.

32.3.Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүнчлэн нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг хавсаргана.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

32.4.Нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгнө.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

32.5.Энэ хуулийн 32.2.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэдэгт дараахь зүйл багтана:

32.5.1.захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;

32.5.2.захиргааны хэргийн шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсэж байгаа, түүний үндэслэл;

32.5.3.захиргааны хууль бус актын улмаас ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

33 дугаар зүйл. Нэхэмжлэл хүлээн авах

33.1.Нэхэмжлэлийг тухайн захиргааны хэргийн шүүхийн нарийн бичгийн дарга хүлээн авч, ийнхүү хүлээн авсан нэхэмжлэл, хавсаргасан материалын хуудасны тоо, огноо, цаг, минутыг нэхэмжлэлд тэмдэглэн, нэхэмжлэл бүртгэх дэвтэрт бүртгэж баримтжуулна.

33.2.Нэхэмжлэл нь энэ хуулийн 32.2-т заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно.

33.3.Нэхэмжлэгч шүүгчийн тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй бол уг нэхэмжлэлийг шүүгчийн захирамж гаргаж буцаана.

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

34 дүгээр зүйл. Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах

34.1.Шүүгч дараахь тохиололд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:

34.1.1.захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус ;

34.1.2.тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус ;

34.1.3.захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой;

34.1.4.нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй бөгөөд түүнийг төлөөлсөн этгээд байхгүй;

34.1.5.нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;

/Энэ заалтад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

34.1.6.нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа;

/Энэ заалтад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

34.1.7.нэхэмжлэгч болох иргэн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан боловч эрх, үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй;

34.1.8.энэ хуулийн 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол.

/Энэ заалтыг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

34.1.9.захиргааны акт нь эрүүгийн эрх зүйн маргаан бол;

/Энэ заалтыг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

34.1.10.захиргааны акт нь иргэний эрх зүйн маргаан бол.

/Энэ заалтыг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

34.2.Нэхэмжлэлийг энэ хуулийн 34.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгч, нэхэмжлэлийг нэхэмжлэгчид буцаана.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

35 дугаар зүйл. Нэхэмжлэлийг өөр шүүхэд шилжүүлэх

35.1.Энэ хуулийн 34.1.1., 34.1.2., 34.1.8., 34.1.10.-т заасан үндэслэл байвал нэхэмжлэлийг харьяалагдах шүүхэд буюу Үндсэн хуулийн цэцэд, мөн хуулийн 34.1.9.-д заасан үндэслэл байвал прокурорт тус тус шилжүүлнэ.

35.2.Нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсны дараа шилжүүлнэ.

35.3.Тухайн хэргийн шүүхийн харьяаллын талаар гарсан шүүх хоорондын маргааныг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын тэргүүн шийдвэрлэнэ.

/Дээрх 35 дугаар зүйлийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

36 дугаар зүйл. Захиргааны хэрэг үүсгэх

36.1.Шүүгч энэ хуулийн 34.1.-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж гаргана.

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

37 дугаар зүйл. Захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаа

37.1.Нэхэмжлэл хүлээн авч, хэрэг үүсгэсэн шүүгч дараахь ажиллагаа явуулна:

37.1.1.хариуцагчийг дуудан ирүүлж, нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримт бичгийн хувийг гардуулж, энэ тухайгаа баталгаажуулах;

37.1.2.хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрчийг дуудаж мэдүүлэг авах, шинжээч, орчуулагч, хэлмэрч томилох болон шаардлагатай бусад ажиллагаа явуулах;

37.1.3.хэргийн оролцогчид эрх, үүргийг нь амаар тайлбарлан өгч, энэ тухай тэмдэглэлд бичиж, гарын үсэг зуруулах;

37.1.4.шаардлагатай бол холбогдох шүүхэд шүүхийн даалгавар явуулах;

37.1.5.талуудыг эвлэрүүлэх арга хэмжээ авах;

37.1.6.нэхэмжлэлийн үнэ, захиргааны хэргийн шүүхийн зардлын тухай шийдвэрлэх.

38 дугаар зүйл. Нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах

38.1.Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш нийслэлд 7, орон нутагт 14 хоногийн дотор шүүгч нэхэмжлэлийг хариуцагчид гардуулна.

38.2.Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.

38.3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бол тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримтаа хамтад нь гаргаж ирүүлнэ.

38.4.Энэ хуулийн 38.2., 38.3.-т заасан хугацаа болон шаардлагын дагуу тайлбараа гаргаж өгөөгүй гэм буруутай албан тушаалтанд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

39 дүгээр зүйл. Сөрөг нэхэмжлэл

39.1.Хариуцагч нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх явцад үндсэн нэхэмжлэлтэй хамруулан хянан шийдвэрлүүлэхийн тулд шүүх хуралдаанаар хэлэлцэхийн өмнө сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй.

39.2.Сөрөг нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэл гаргах нийтлэг журмыг баримтална.

39.3.Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах болон захиргааны акт гаргуулах тухай нэхэмжлэлтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргахыг хориглоно.

40 дүгээр зүйл. Иргэн, албан тушаалтныг захиргааны хэргийн шүүхэд дуудан ирүүлэх

40.1.Шүүгч хэргийн оролцогч, гэрчийг шүүхийн мэдэгдэх хуудсаар захиргааны хэргийн шүүх болон шүүх хуралдаанд дуудан ирүүлнэ.

40.2.Шүүхийн мэдэгдэх хуудсыг бичих, түүнийг хүргэх, гардуулах болон хариуцлага хүлээлгэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасныг баримтална.

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

41 дүгээр зүйл. Нэхэмжлэлээс татгалзах

41.1.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй.

41.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ татгалзвал хуралдааны ажиллагааг дуусгаж, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулна.

41.3.Нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд энэ нь бусад этгээд уг асуудлаар бие даасан нэхэмжлэл гаргахад саад болохгүй.

41.4.Шүүгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргаж, захиргааны хэргийн шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэнэ.

42 дугаар зүйл. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх

42.1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана.

42.2.Шүүгч захирамж гаргахдаа захиргааны хэргийн шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэнэ.

42.3.Энэ хуулийн 42.1-д заасан захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

43 дугаар зүйл. Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх

43.1.Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.

43.2.Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурсан байна. Шүүх хуралдааны явцад эвлэрвэл хуралдааны тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулна.

43.3.Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, эсхүл бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргаж, захиргааны хэргийн шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийн тухай асуудлыг шийдвэрлэнэ.

43.4.Энэ хуулийн 41, 42, 43 дугаар зүйлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн тохиолдолд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

44 дүгээр зүйл. Хэргийг нэгтгэх, тусгаарлах

/Энэ зүйлийн гарчигт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

44.1.Аль нэг захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн маргаантай хэрэг байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг захиргааны хэргийн шүүх нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж болно.

44.2.Нэгтгэн гаргасан, эсхүл хэд хэдэн нэхэмжлэгч гаргасан буюу хэд хэдэн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай нэг буюу хэд хэдэн хэргийг шүүгчийн захирамжаар тусгаарлаж болно.

45 дугаар зүйл. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх

45.1.Энэ хуулийн 46 дугаар зүйлд болон өөр хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүгч захирамж гаргаж, маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ.

45.2.Хэм хэмжээ тогтоосон захиргааны актыг зөвхөн хуульд зааснаар түдгэлзүүлж болно.

45.3.Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

46 дугаар зүйл. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй нөхцөл

46.1.Захиргааны актын биелэлтийг дараахь тохиолдолд түдгэлзүүлж болохгүй:

46.1.1.захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, хуулийн этгээдэд илт хохирол учруулахаар бол;

46.1.2.иргэн, хуулийн этгээдээс албан татвар, төлбөр, хураамж гаргуулах тухай акт бол;

46.1.3.захиргааны журам зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэсэн болон уг зөрчлийг таслан зогсоох тухай захиргааны хяналтын байгууллага, албан тушаалтны шийдвэр бол;

46.1.4.хууль тогтоомжид заасан тохиолдолд үл маргалдах журмаар биелүүлэх бол.

47 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа

47.1.Хуулиар тусгайлан хугацаа тогтоогоогүй бол захиргааны хэргийн шүүх хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

47.2.Хэргийг давж заалдах болон хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан бол уг хэргийг тухайн захиргааны хэргийн шүүх хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

47.3.Шаардлагатай тохиолдолд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хугацааг тухайн захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор, 15 хоногоор 2 дахь удаагаа сунгаж болно.

47.4.Хугацааг тоолох, тодорхойлоход Иргэний хуульд заасан журмыг баримтална.

47.5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусад хугацааг энэ хуулийн 47.1.- д заасан хугацааны дотор шүүх тогтоож болно.

48 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх

48.1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийг баримтална.

 


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Шүүх хуралдааныг товлон зарлах, түүнд бэлтгэх

49 дүгээр зүйл. Шүүх хуралдааныг товлон зарлах

49.1.Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 47.1.-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай бусад тохиолдолд шүүгч захирамж гаргаж, шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг товлон зарлана.

49.2.Хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болох товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ.

49.3.Хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

50 дугаар зүйл. Шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох

50.1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, түүнчлэн хэргийг шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэх бол шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4-т заасны дагуу томилно.

/Энэ хэсэгт 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

51 дүгээр зүйл. Иргэдийн төлөөлөгчийг томилох

51.1.Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг Монгол Улсын шүүхийн тухай хууль болон бусад хуульд заасны дагуу оролцуулна.

/Энэ хэсэгт 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

51.2.Тухайн шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу томилно.

51.3.Энэ хуулийн 51.2.-т заасны дагуу томилогдсон иргэдийн төлөөлөгч нь татгалзан гарах үндэслэл байхгүй бол шүүх хуралдаанд заавал оролцоно.

 


ДОЛДУГААР БҮЛЭГ
Шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны оролцогч,

хуралдааны нийтлэг журам

52 дугаар зүйл. Шүүх бүрэлдэхүүн

52.1.Захиргааны хэргийн шүүх дараахь хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ:

52.1.1.энэ хуулийн 4.1.2, 4.1.3-т заасан байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны акттай холбоотой;

/Энэ заатад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

52.1.2.аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон түүний Тэргүүлэгчдийн гаргасан захиргааны акттай холбоотой;

/Энэ хэсгийг 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

52.1.3.урьд нь шүүгч анхан шатны журмаар дангаараа шийдвэрлэж гаргасан шийдвэр нь давж заалдах, эсхүл хяналтын шатны шүүхээс хүчингүй болсон.

52.2.Энэ хуулийн 52.1-д зааснаас бусад хэргийг захиргааны хэргийн шүүхийн шүүгч дангаар шийдвэрлэнэ.

52.3.Давж заалдах шатны журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.

52.4.Хяналтын журмаар хэргийг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхим 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.

52.5.Хяналтын шатны шүүх хуралдаанаас тогтоол гаргана. Тогтоолд шүүх хуралдаан даргалагч, илтгэсэн шүүгч гарын үсэг зурна. Тогтоолд анхан шатны болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын агуулга, түүний үндэслэл, гаргаж байгаа тогтоолын үндэслэлийг тусгана.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

52.6.Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг гомдол гаргагч этгээд хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хууль зөрчсөн үндэслэлээр Улсын дээд шүүхэд гомдол гаргаж болно. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл дүгнэлт гаргаж уг хэргийг Улсын дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

52.7.Ерөнхий шүүгчийн дүгнэлтэд гомдлын үндэслэл, хэрэг шийдвэрлэсэн байдал, хууль зөрчсөн гэсэн үндэслэлийг тусгасан байна.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

52.8.Улсын дээд шүүхийн хуралдаан Улсын дээд шүүхийн нийт шүүгчдээс бүрдэнэ. Энэхүү хуралдаанаас тогтоол гаргах бөгөөд энэ нь эцсийн шийдвэр болно.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

52.9.Тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө.

/Энэ хэсгийг 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

53 дугаар зүйл. Шүүгч буюу шүүх бүрэлдэхүүнийг солих

53.1.Шүүгч буюу шүүх бүрэлдэхүүнийг солиход Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 83 дугаар зүйлийг баримтална.

531 дүгээр зүйл.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэхэд шүүгч оролцож болохгүй үндэслэл

531.1.Захиргааны хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй.

531.2.Захиргааны хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгчийн гэр бүлийн гишүүн, түүнтэй төрөл, садангийн холбоотой шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй.

/Дээрх 531 дүгээр зүйлийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

54 дүгээр зүйл. Шүүх хуралдаанд оролцогч

54.1.Шүүх хуралдаанд оролцогчийг энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хэргийн болон бусад оролцогч гэж ангилна.

54.2.Шүүх хуралдаанд оролцож байгаа иргэдийн төлөөлөгч, хэргийн оролцогчийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, прокурор, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг бусад оролцогч гэнэ.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

55 дугаар зүйл. Шүүх хуралдаанд прокурор оролцох

55.1.Прокурор шүүх хуралдаанд төрийг төлөөлөн оролцох бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт гаргана.

55.2. Прокурор захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

56 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгч, түүний эрх, үүрэг

56.1.Захиргааны хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд 3 хүртэл иргэдийн төлөөлөгч оролцуулна.

56.2.Иргэдийн төлөөлөгч нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэхэд дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

56.2.1.шүүхийн байранд хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх;

56.2.2.нотлох баримт шинжлэхэд оролцох;

56.2.3.хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гэрч, шинжээчид асуулт тавих;

/Энэ заатад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

56.2.4.нэмэлт нотлох баримт цуглуулах талаар хүсэлт гаргах;

56.2.5.хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн гэм буруутай эсэхийн талаар дүгнэлт гаргах;

56.2.6.өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой асуудлыг задруулахгүй байх;

56.2.7.энэ хуульд заасан шүүх хуралдааны дэгийг сахин биелүүлэх.

56.3. Энэ хуулийн 56.2.5-т зааснаар хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн гэм буруутай эсэхийн талаар гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх хуралдаанд уншиж сонсгоно.

57 дугаар зүйл. Захиргааны хэргийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

57.1.Захиргааны хэргийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь шүүх хуралдаан явуулах бэлтгэлийг хангаж, шүүх хуралдааны ирцийг бүртгэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүнд танилцуулах, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулах, шүүхийн шийдвэрийг хүргүүлэх, гүйцэтгэх хуудас олгох, хүргүүлэх, хэргийг цэгцэлж, үдэх, архивт шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

58 дугаар зүйл. Гэрч

58.1.Захиргааны хэргийн шүүхээс маргааныг шударгаар шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа этгээдийг гэрч гэнэ.

58.2.Гэрч захиргааны хэргийн шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаархи мэдээлэл, нөхцөл байдлыг мэдүүлэх үүрэгтэй.

58.3.Гэрч үнэн зөв мэдүүлэг өгч, шүүгч, хэргийн оролцогч болон хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогчийн асуултад хариулна. Гэрчүүдийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43.6.-д заасан журмыг баримтална.

58.4.Санаатайгаар худал мэдүүлэг өгсөн, эсхүл мэдүүлэг өгөхөөс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан, зайлсхийсэн гэрчид Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

58.5.Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхийн дуудсанаар ирж чадахгүй гэрчээс байгаа газарт нь очиж мэдүүлэг авч болно.

58.6.Гэрч шүүхийн дуудсанаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг албадан ирүүлэхийг шүүхээс тахарын албанд даалгаж, холбогдох  зардлыг гэрчээр гаргуулахаар тогтоож болно.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

59 дүгээр зүйл. Шинжээч

59.1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгайлан эзэмшсэн мэдлэгтэй, уг хэргийн талаар хувийн болон албаны сонирхолгүй, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасны дагуу захиргааны хэргийн шүүхээс томилогдсон этгээдийг шинжээч гэнэ.

/Энэ хэсэгт 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

59.2.Нотлох баримтыг шинжлэх даалгавар авсан этгээд захиргааны хэргийн шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирж, тавигдсан асуудлаар бодитой дүгнэлт өгнө.

59.3.Шинжлүүлэхээр өгсөн материал хангалтгүй, эсхүл оногдсон үүргийг биелүүлэхэд эзэмшсэн мэргэжил, мэдлэг нь шаардлага хангахгүй гэж үзвэл шинжээч дүгнэлт өгөхөөс татгалзаж болно.

59.4.Шинжээч нь дүгнэлт өгөхөд шаардлагатай гэж үзвэл хэргийн материалтай танилцах, асуулт тавих, нэмэлт материал гаргаж өгөх тухай хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй.

59.5.Санаатайгаар худал дүгнэлт өгсөн, эсхүл дүгнэлт өгөхөөс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан шинжээчид Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

59.6.Шинжээч байгууллагаас томилогдсон бол тухайн байгууллагын нэрийн өмнөөс, бусад шинжээч өөрийн нэрийн өмнөөс дүгнэлтээ бичгээр гаргаж, түүний үнэн зөвийг хариуцна. Дүгнэлтэд ямар шинжилгээ хийсэн, түүний үндсэн дээр гарсан дүгнэлт, шүүгчээс тавьсан асуултад өгсөн үндэслэл бүхий хариултыг тодорхой бичнэ. Шинжээч хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдлыг олж тогтоовол энэ талаар шүүхээс асуулт тавигдаагүй ч гэсэн дүгнэлтдээ оруулах эрхтэй.

59.7.Шаардлагатай тохиолдолд шүүгч хэд хэдэн этгээдийг шинжээчээр томилж болох бөгөөд тэдгээр нь санал нэгтэй байвал нэг дүгнэлт гаргаж, гарын үсгээ зурна. Харин аль нэг шинжээч бусад шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байвал дүгнэлтээ тусад нь гаргаж болно.

59.8.Дахин шинжээч томилох тохиолдолд өмнө нь уг хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргахад оролцсон этгээд оролцохгүй.

60 дугаар зүйл. Орчуулагч, хэлмэрч

60.1.Хэргийн оролцогч монгол хэл мэддэггүй, эсхүл хэлгүй, дүлий бол түүний хүсэлтээр орчуулагч, хэлмэрчийг захиргааны хэргийн шүүгч захирамж гарган томилно.

60.2.Орчуулагч,хэлмэрч захиргааны хэргийн шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирж, тухайн этгээдийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, мэдүүлэг, татгалзал буюу оролцогчийн шаардлага, тайлбар, мэдүүлэг, татгалзал, шүүх хуралдааны болон бусад ажиллагаа, шүүхийн шийдвэрийн агуулгыг үнэн зөв, бүрэн орчуулж, хэлмэрчилж өгөх, хэргийн материалтай цаг хугацаанд нь танилцахад туслах үүрэгтэй.

60.3.Орчуулагч,хэлмэрч нь орчуулгыг тодруулахаар асуулт тавьж болно.

60.4.Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогч орчуулагч,хэлмэрчийн үүрэг гүйцэтгэхийг хориглоно.

60.5.Санаатайгаар буруу орчуулсан,хэлмэрчилсэн, эсхүл орчуулга хийхээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан хэлмэрчид Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

61 дүгээр зүйл. Шүүх хуралдаан

61.1.Энэ хуулийн 41, 42, 43 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны хэргийг гагцхүү шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

62 дугаар зүйл. Шүүх хуралдаан даргалагч, түүний эрх, үүрэг

62.1.Шүүх хуралдааныг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс томилсон шүүгч даргална.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

62.2.Шүүх хуралдаан даргалагч хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна.

63 дугаар зүйл. Шүүх хуралдааны нийтлэг журам

63.1.Шүүх хуралдааны танхимд байгаа бүх хүн захиргааны хэргийн шүүхийг хүндэтгэх, хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах үүрэгтэй.

63.2.Шүүх хуралдаанд оролцогч тайлбар, мэдүүлэг өгөх, дүгнэлт гаргахдаа суудлаасаа босно.

63.3.Хуралдаанд оролцогч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас суудлаасаа босч чадахгүй бол хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр суугаагаараа үг хэлж болно.

63.4.Шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч хуралдааны танхимд орж ирэх, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг уншиж сонсгох үед танхимд байгаа бүх хүн суудлаасаа босно.

63.5.Шүүх хуралдааны журам зөрчсөн этгээдэд эхний удаа хуралдаан даргалагч урьдчилан сануулна. Дахин зөрчил гаргасан этгээдийг хуралдаан даргалагчийн захирамжаар шүүх хуралдааны танхимаас гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан журмаар торгууль ногдуулна.

63.6.Зөрчлийн улмаас хэргийн оролцогч, гэрч, шинжээчийг шүүх хуралдааны танхимаас гаргасан тохиолдолд хуралдаан даргалагчийн захирамжаар шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулах, эсхүл тэдгээрийн тайлбар, мэдүүлгийг сонсохгүйгээр захиргааны хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл үргэлжлүүлэн явуулах бөгөөд хуралдаан даргалагч уг этгээдэд түүний байхгүйд хэлэлцсэн асуудлыг танилцуулна.

64 дүгээр зүйл.Шүүгч өөрөө татгалзан гарах үндэслэл

64.1.Дараахь үндэслэл байвал шүүгч захиргааны хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй:

64.1.1.урьд нь уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, прокурор, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчээр оролцож байсан;

/Энэ заалтыг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

64.1.2.уг захиргааны хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн гэр бүл, төрөл садан, эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн болон төрөл, садангийн холбоотой хүмүүс орсон;

/Энэ заалтад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

64.1.3.хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, эсхүл уг захиргааны хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал;

/Энэ заалтад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

64.1.4.анхан шатны болон давж заалдах, хяналтын журмаар захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэх болсон;

64.1.5.ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол.

/Энэ заалтыг 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

64.2.Энэ хуулийн 64.1.4-т заасан журам нь Улсын дээд шүүхэд хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

64.3.Энэ хуулийн 64.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно.

64.4.Энэ хуулийн 64.1.1-64.1.3-т заасан заалт нь иргэдийн төлөөлөгч, прокурор, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад нэгэн адил хамаарна.

64.5.Шинжээч энэ хуулийн 64.1.1-64.1.3-т зааснаас гадна дараахь тохиолдолд дүгнэлт гаргахаас татгалзана:

64.5.1.албан тушаалын буюу бусад байдлаар хэргийн оролцогч нь шинжээчид нөлөөлж болох байвал;

64.5.2.урьд нь түүний хийсэн шинжилгээний дүгнэлт уг захиргааны хэргийн үндэс болсон.

64.6.Энэ хуулийн 64.1-д заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч, иргэдийн төлөөлөгч, прокурор, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад илэрхий болсон бол тухайн үед мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй.

65 дугаар зүйл. Татгалзан гарах хүсэлт, татгалзан гарах

65.1.Энэ хуулийн 64.1-д заасан үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, прокурор, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргахыг хэргийн оролцогч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч, прокурор хүсч болох ба энэ тохиолдолд захиргааны хэргийн шүүх хэргийн оролцогчийн санал болон татгалзан гаргагдаж байгаа этгээд хүсвэл түүний тайлбарыг сонсоно.

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

65.2.Татгалзан гаргах тухай асуудлыг шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ.

65.3.Шүүгчийг татгалзан гаргах тухай асуудлыг түүнийг байлцуулахгүйгээр бусад шүүгчид шийдвэрлэх ба санал тэнцвэл уг шүүгчийг татгалзан гаргасанд тооцно.

65.4.Хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэх шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж, захирамж гаргана.

65.5.Иргэдийн төлөөлөгч, прокурор, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлтийг захиргааны хэргийг хэлэлцэж байгаа шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч шийдвэрлэнэ.

65.6.Ерөнхий шүүгч дангаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан буюу тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөлгөөн олонхийн саналаар шийдвэрлэн тогтоол гаргана.

66 дугаар зүйл. Шүүгчийг татгалзан гаргасны үр дагавар

66.1.Шүүх бүрэлдэхүүн буюу шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хангасан бол захиргааны хэргийг өөр бүрэлдэхүүн ,шүүгч хянан шийдвэрлэнэ.

66.2.Тухайн захиргааны хэргийн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргасан, эсхүл бүх шүүгч уг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд урьд оролцож дахин оролцох боломжгүй, эсхүл шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгч хүрэлцэхгүй болсон тохиолдолд хэргийг ижил шатны өөр захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр тухайн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч захирамж гарган шилжүүлнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

66.3.Энэ хуулийн 66.2-т заасны дагуу хэрэг шилжиж ирсэн тохиолдолд зохих хуваарийн дагуу тухайн захиргааны хэргийн шүүхийн шүүгч хүлээн авч хянан шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

67 дугаар зүй. Шийдвэрийг зөвлөлдөх тасалгаанд гаргах, санал хураах

67.1.Бүх шатны захиргааны хэргийн шүүх Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.5-д, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.6-д заасны дагуу шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргана.

/Энэ хэсэгт 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

67.2.Зөвлөлдөх тасалгаанд захиргааны хэргийг шийдвэрлэх талаар шүүгчийн гаргасан санал нууц байна.

67.3.Шүүх бүрэлдэхүүн асуудал бүрийг олонхийн саналаар шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

67.4.Хуралдаан даргалагч өөрийн саналыг бусад шүүгчийн дараа гаргана. 67.5.Асуудал шийдвэрлэхэд шүүгч саналаа өгөхөөс татгалзах эрхгүй.

67.6.Улсын дээд шүүхэд хяналтын шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх бүрэлдэхүүний санал тэнцвэл тухайн асуудлаар олонхийн санал аваагүйд тооцно.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

68 дугаар зүйл. Шүүх хуралдааны тэмдэглэл

68.1.Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын овог, эцгийн нэр, нэр, хаяг, тэдний ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс захиргааны хэргийн талаар асууж тодруулсан байдал, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ.

68.2.Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгох ба түүнд шүүх хуралдаан даргалагч буюу шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

68.3.Хэргийн оролцогчид нь шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж болно.

68.4.Тэмдэглэлтэй холбогдон гарсан саналын талаар шүүгч захирамж гаргана.

68.5.Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн тохиолдолд шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.3-т заасны дагуу засвар хийж баталгаажуулна.

 


НАЙМДУГААР БҮЛЭГ
Анхан шатны шүүх хуралдааны дэг,

анхан шатны шүүхийн шийдвэр

69 дүгээр зүйл. Шүүх хуралдааны дэг

69.1. Захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны дэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 98, 99 дүгээр зүйл, 100.3, 100.4, 101-114 дүгээр зүйлд заасан журмаар зохицуулагдана.

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

69.2.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд захиргааны хэргийн шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл уг хэргийг хянан шийдвэрлэж болох бөгөөд тэдгээрийг заавал байлцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулж дахин дуудах ба 2 дахь удаагаа ирээгүй бол нэхэмжлэлийг буцаана.

69.3.Нэхэмжлэгч ирээгүй тохиолдолд нийтийн ашиг сонирхлын үүднээс захиргааны хэргийн шүүх хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэж болно.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

70 дугаар зүйл. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, түүнийг гаргах

70.1.Захиргааны хэргийн шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана.

70.2.Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

70.2.1.маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;

70.2.2.эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож хүлээн зөвшөөрөх;

70.2.3.захиргааны байгууллагаас гаргасан акт нь илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрөх;

70.2.4.захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон бол шаардагдах захиргааны актыг гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах;

70.2.5.төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах;

70.2.6.захиргааны байгууллага, албан тушаалтнаас иргэн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчлөх, хасах;

/Энэ заатад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

70.2.7.хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлэх;

70.2.8.нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох;

70.2.9.нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох.

70.3.Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна.

70.4.Захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажилллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарсан бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ.

71 дүгээр зүйл. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн хэл

71.1.Захиргааны хэргийн шүүх шийдвэрээ монгол хэлээр, тус улсад албан хэргийг хөтөлж байгаа бичгээр гаргана.

71.2.Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт шүүх бүрэлдэхүүн /шүүгч/ гарын үсэг зурах ба шүүгч гарын үсгээ зурахаас татгалзах эрхгүй.

72 дугаар зүйл. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн агуулга

72.1.Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ.

72.2.Удиртгал хэсэгт захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хэзээ, хаана, ямар шүүх гаргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн болон шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, захиргааны хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийг нэрлэн заана.

72.3.Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын агуулга, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, прокурорын болон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг тусгана.

72.4.Үндэслэх хэсэгт захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тусгана.

72.5.Тогтоох хэсэгт захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, түүнчлэн шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан байдал, эд мөрийн баримтыг хэрхэх, захиргааны хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч тус бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана. Шаардлагатай бол шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам, хугацааг заана.

72.6. Энэ хуулийн 72.5-д заасан тогтоох хэсэг нь захиран тушаах хэлбэртэй байна.

73 дугаар зүйл.Шүүхийн шийдвэрийг танилцуулах, шийдвэр хүчинтэй болох

73.1.Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана.

73.2.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

73.3.Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.

73.4.Шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 73.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

/Энэ хэсэгт 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

73.5.Хэргийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 73.4-т заасан хугацаанд гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй, эсхүл энэ хуулийн 73.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг гардан аваагүй бол шүүх шүүхийн шийдвэрийг уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор хэргийн оролцогчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ.

73.6.Энэ хуулийн 73.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд шүүхийн шийдвэрийг хүргүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.6-д заасан журмыг баримталж болно.

/Дээрх 73 дугаар зүйлийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

74 дүгээр зүйл. Захиргааны хэргийн шүүхээс гаргах бусад шийдвэр

74.1.Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 41, 42, 43 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гаргаж нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгоно.

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

74.2.Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэмэлт нотлох баримт цуглуулах, гэрчийн мэдүүлэг авах, шинжээч томилох, ирээгүй оролцогчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж, дараагийн шүүх хуралдааны товыг тогтооно.

74.3.Энэ хуулийн 34.1-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол шүүх тогтоол, шүүгч захирамж гарган хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

75 дугаар зүйл. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт засвар оруулах

75.1.Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт хэргийн бодит байдлыг илт буруу илэрхийлсэн, санамсаргүй тооны алдаа гаргасан, зарим зүйлийг ойлгомжгүй илэрхийлсэн байвал шүүх өөрийн санаачилгаар буюу оролцогчийн хүсэлтээр шийдвэрийн агуулгыг өөрчлөхгүйгээр засвар оруулж болно.

75.2.Хэргийн оролцогч захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор тухайн шийдвэрт засвар оруулах хүсэлт гаргах эрхтэй.

75.3.Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт засвар оруулсан тухай шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гаргана.

75.4.Захиргааны хэргийн шүүх шийдвэртээ засвар оруулахдаа урьд нь хэргийн оролцогчид гардуулсан шийдвэрийг буцаан авч түүнд өөрчлөлт оруулж дахин бичиж гаргана.

75.5.Хэргийн оролцогчид засварласан шийдвэрийг нэн даруй хүргүүлнэ.

/Дээрх 75 дугаар зүйлийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

76 дугаар зүйл. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт нэмэлт оруулах

76.1.Шүүхийн шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор захиргааны хэргийн шүүх өөрийн санаачилгаар буюу хэргийн оролцогчийн хүсэлтээр дараахь тохиолдолд шийдвэртээ нэмэлт оруулна:

76.1.1.нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн талаар шийдвэр гаргалгүй орхигдуулсан;

76.1.2.захиргааны хэргийн шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамж, эд мөрийн баримтын асуудлыг шийдвэрлээгүй.

76.2.Нэмэлт шийдвэр гаргах, шүүх хуралдаан хийхэд энэ хуульд заасан журмыг баримтална.

/Дээрх 76 дугаар зүйлийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

77 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох

77.1.Анхан шатны шүүхийн шийдвэр дараахь тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно:

77.1.1.энэ хуулийн 81.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй;

77.1.2. давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлыг хянан хэлэлцээд энэ хуулийн 87.1, 87.3-т заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй;

77.1.3.давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар  гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянан хэлэлцээд тогтоол гаргасан.

/Энэ хэсэгт 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

77.2.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.

/Дээрх 77 дугаар зүйлийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

78 дугаар зүйл. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх

78.1.Хэргийн оролцогчид захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн биелүүлэх үүрэгтэй.

78.2.Захиргааны хэргийн шүүх шийдвэрээ биелүүлэх арга, журмыг гаргасан шийдвэртээ тодорхойлно.

79 дүгээр зүйл. Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, тэдгээрийг хүчингүй болгох, өөрчлөх

79.1.Энэ хуулийн 70 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.

79.2.Хуульд гомдол гаргахаар заасан болон шүүх хуралдааны бус үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана.

79.3.Энэ хуулийн 79.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно.

/Дээрх 79 дүгээр зүйлийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

80 дугаар зүйл. Захиргааны хэргийн шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамж

80.1.Захиргааны хэргийн шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52-60 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэнэ.

 


ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Давж заалдах журмаар захиргааны хэрэг хянан

шийдвэрлэх ажиллагаа

81 дүгээр зүйл. Давж заалдах гомдол гаргах, гомдлыг хүлээн авах

81.1.Анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

/Энэ хэсэгт 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

81.2.Давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан захиргааны хэргийн шүүхээр дамжуулан гаргана.

81.3.Давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.

81.4.Давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй.

81.5.Давж заалдах гомдлыг тухайн захиргааны хэргийг шийдвэрлэсэн шүүхийн нарийн бичгийн дарга хүлээн авч, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэрэгт хавсаргаж болно.

81.6.Энэ хуулийн 81.2-т заасан шүүх нь давж заалдах гомдолд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөс гаргасан тайлбарыг хавсарган хэргийн хамт уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш нийслэлд 3, орон нутагт 7 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

81.7.Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй.

81.8.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 81.1-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтээ анхан шатны шүүхэд гаргах бөгөөд уг хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ.

81.9.Давж заалдах журмаар хянан шийдвэрлээгүй хэргийг хяналтын шатны шүүх хэлэлцэхгүй.

/Энэ хэсгийг 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Дээрх 81 дүгээр зүйлийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

82 дугаар зүйл. Давж заалдах гомдлын хэлбэр, агуулга

82.1.Давж заалдах гомдлын хэлбэр, агуулга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162.1-162. 3-т нийцсэн байна.

82.2.Давж заалдах гомдол гаргагч нь уг гомдлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхэд өөрөө, эсхүл төлөөлөгч /өмгөөлөгч/-өө оролцуулахаа тодорхой бичсэн байна.

83 дугаар зүйл. Давж заалдах гомдлоос татгалзах

83.1.Давж заалдах гомдол гаргасан этгээд шүүх бүрэлдэхүүн, шүүгч зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө хэрэг шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд давж заалдах гомдлоосоо татгалзах эрхтэй.

83.2.Давж заалдах гомдол гаргасан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө гомдлоосоо татгалзвал түүнийг гомдол гаргаагүйд тооцож шүүгч захирамж, харин шүүх хуралдааны явцад татгалзвал давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг хэрэгсэхгүй болгож, шүүх тогтоол гаргана. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоно.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

83.3 Энэ хуулийн 41, 42, 43 дугаар зүйлд заасан нөхцөл байдал шүүх хуралдаан эхлэхээс өмнө илэрвэл шүүгч захирамж, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад илэрвэл шүүх тогтоол гарган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгоно.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

84 дүгээр зүйл. Шүүх хуралдаанд оролцох

84.1.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргах ба энэ тохиолдолд шүүх давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэж, тэдгээрийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангах үүрэгтэй.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

84.2.Энэ хуулийн 84.1-д заасан этгээд шүүх хуралдаанд ирээгүй явдал давж заалдах журмаар захиргааны хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй.

85 дугаар зүйл. Давж заалдах журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх

85.1.Давж заалдах гомдол гарсан хэргийг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

85.2.Давж заалдах журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгчдийн зөвлөгөөнөөс томилогдсон шүүгч даргална.

85.3.Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа захиргааны хэргийн шүүх давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй.

85.4.Давж заалдах журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд аль нэг шүүгч нь захиргааны хэргийн талаар илтгэж танилцуулна.

85.5.Илтгэгч нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбар, анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэл, хэрэгт авагдсан нотлох баримтын талаар танилцуулж, улмаар шүүх бүрэлдэхүүн илтгэгчид асуулт тавьж, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбарыг сонсч, шаардлагатай зарим зүйлийг тэднээс асууж тодотгосны дараа шүүх хуралдаан завсарлан, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орно.

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

85.6.Давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн захиргааны хэргийн шүүх шинээр цуглуулсан, хуулийн шаардлага хангасан, эргэлзээгүй нотлох баримтыг үнэлж дүгнэх, үндэслэл болгох эрхтэй.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

86 дугаар зүйл. Давж заалдах журмаар захиргааны хэрэг хянан хэлэлцсэн захиргааны хэргийн шүүхийн магадлал

86.1.Давж заалдах журмаар захиргааны хэрэг хянан хэлэлцсэн захиргааны хэргийн шүүхийн магадлалд нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбар, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн болон давж заалдах гомдлын агуулга, давж заалдах шатны шүүхээс гаргаж байгаа шийдвэр, түүний үндэслэл тусгагдсан байна.

86.2.Давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн захиргааны хэргийн шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, өөрчлөх, хүчингүй болгох шийдвэрийн аль нэгийг заавал гаргана.

86.3.Магадлал танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

86.4.Магадлал хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна. Магадлалыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 73.4-т заасны дагуу гардан авах, эсхүл шүүх энэ хуулийн 73.5-д заасны дагуу хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

86.5.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2-т заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 86.4-т заасны дагуу гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

86.6.Энэ хуулийн 86.5-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах бөгөөд хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

87 дугаар зүйл. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх

87.1.Давж заалдах журмаар захиргааны хэрэг хянан хэлэлцсэн захиргааны хэргийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл уг шийдвэрийг хэвээр үлдээнэ.

87.2.Давж заалдах журмаар захиргааны хэрэг хянан хэлэлцсэн захиргааны хэргийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзсэн хууль зүйн үндэслэлээ магадлалдаа заах үүрэгтэй.

87.3.Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар захиргааны хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй.

88 дугаар зүйл. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох

88.1.Давж заалдах журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тохиолдолд дор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргана:

88.1.1.нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгох;

88.1.2.нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу бүгдийг хангах;

88.1.3.анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах;

/Энэ заалтыг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

88.1.4.шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах.

/Энэ заатад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

88.2.Захиргааны хэргийг хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн байвал давж заалдах журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 88.1.1, 88.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.

88.3.Давж заалдах журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 88.1.4-т заасан шийдвэрийг гаргана:

88.3.1.анхан шатны шүүх хэргийн оролцогч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй захиргааны хэргийг шийдвэрлэсэн;

88.3.2.хууль бус бүрэлдэхүүнээр захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн;

88.3.3.анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлөхөөр байвал;

88.3.4.шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон;

88.3.5.шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй;

88.3.6.шүүхийн шийдвэрт шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч гарын үсэг зураагүй, эсхүл шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан.

88.4.Давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцэх явцад энэ хуулийн 34.1-д заасан үндэслэл илэрвэл энэ хуулийн 88.1.3-т заасан шийдвэрийг гаргана.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

89 дүгээр зүйл. Давж заалдах журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн заалтыг заавал биелүүлэх

89.1.Захиргааны хэргийн шүүхийн магадлалд дурдсан заалтыг хэргийг дахин хэлэлцэж байгаа шүүх заавал биелүүлнэ.

89.2.Давж заалдах шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрт заагдаагүй буюу түүгээр няцаагдсан байдлыг өөрөө тогтоох буюу нотлогдсон гэж үзэх, түүнчлэн уг хэргийг дахин хэлэлцээд ямар шийдвэр гаргавал зохихыг анхан шатны шүүхэд зааж өгөх эрхгүй.

90 дүгээр зүйл. Захиргааны хэргийн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах

90.1.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 12.3, 31.7, 31.8, 34.2, 45.1, 48.1, 65.2, 69.2, 74.2, 74.3, 79.3-т заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

90.2.Энэ хуулийн 90.1-д заасны дагуу гаргасан гомдлыг 10 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр дараахь байдлаар шийдвэрлэж тогтоол гаргана:

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

90.2.1.захиргааны хэргийн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих;

90.2.2.захиргааны хэргийн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг өөрчлөх;

/Энэ заалтыг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

90.2.3.захиргааны хэргийн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох.

/Энэ заалтыг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

90.3.Энэ хуулийн 90.2-т заасан тогтоол нь эцсийн шийдвэр байна.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

 


АРАВДУГААР БҮЛЭГ
Хяналтын журмаар захиргааны хэрэг хянан

шийдвэрлэх ажиллагаа

91 дүгээр зүйл. Хяналтын журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх

91.1.Хяналтын журмаар гомдол гаргах, түүнийг шийдвэрлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-178 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

 


АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас захиргааны

хэргийн шүүхийн шийдвэрийг дахин хянах

92 дугаар зүйл. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлэх

92.1.Хуулийн хүчин төгөлдөр болсон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179-182 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

 


АРВАНХОЁРДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл

93 дугаар зүйл. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх

93.1.Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр /шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамж/-ийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183-188 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадан биелүүлнэ.

94 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

94.1.Энэ хуулийг 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             С.ТӨМӨР-ОЧИР

 






Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.