Гадаадын ажиглагчдыг хүлээн авав

Хэвлэх2016.06.27
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн ОХУ-ын Сонгуулийн төв комиссын гишүүн Н.В.Левичевийг өнөөдөр хүлээн авч уулзав.




Тэрээр монголын парламентын сонгуулийг ажиглахаар хүрэлцэн ирсэн байна.


Монгол, Оросын сонгуулийн байгууллагууд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурснаас хойш хоёр байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа өргөн хүрээнд хөгжиж байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн дурьдаад цаашид хөгжих улам өргөн боломж байгааг тэмдэглэв. Хоёр орны сонгуулийн байгууллагын төлөөлөгчид харилцан айлчилж, бүх түвшин дэх сонгуулийг  ажиглаж ирсэн бөгөөд энэ оны 9 дүгээр сарын 18-нд болох Оросын Төрийн Думын сонгуулийг ажиглах сонирхолтой байгаагаа тэрээр илэрхийллээ.


Ноён Н.В.Левичев ОХУ-ын Сонгуулийн төв комиссын дарга хатагтай Э.А.Панфиловагийн мэндчилгээг  СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнд уламжлаад  удахгүй болох Төрийн Думын сонгуульд ажиглагчаар оролцохыг урьсан урилгыг илгээнэ гэдгээ мэдэгдэв. Тэрээр дараа нь ОХУ-ын Сонгуулийн төв комиссын бүрэлдэхүүн шинэчлэгдэж түүнд Холбооны Хурал болон Төрийн Думын гишүүнээр ажиллаж байсан зарим хүмүүс орсон тухай, мөн  энэ өдрүүдэд Төрийн Думад  суудалтай намуудын Их хурал болж нэр дэвшигчдээ тодруулж буй тухай танилцууллаа.  ОХУ-ын Сонгуулийн төв комиссын гишүүн Н.В.Левичев монголын парламентын болон орон нутгийн сонгуулийг  ажиглах явцдаа санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг ихэд сонирхох болно  гэдгээ хэллээ.


Уулзалтын үеэр тэрээр ,  ОХУ-ын Сонгуулийн төв Комиссын дарга асан В.Е.Чуров Гадаад харилцааны яаманд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд  бусад орны  сонгуулийг ажиглах  асуудлыг эрхэлж  байгаа тухай дуулгав.


Ноён Н.В.Левичев өөрөө ОХУ-ын Төрийн Думын орлогч даргаар ажиллаж байсан байна.


Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлага энэ өдрүүдэд сонгууль ажиглахаар манай оронд хүрэлцэн ирсэн Кыргыз Улсын Сонгуулийн  төв Хорооны дарга Т.Д.Абдраимов тэргүүтэй төлөөлөгчид, БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын болон Европын парламентын Холбооны төлөөлөгчдийг  тус тус хүлээн авч уулзав.





Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.