СОНГУУЛИЙН ДҮНГ ОРОН ДАЯАР ШУУД ДАМЖУУЛАН ҮЗҮҮЛСНИЙГ ОНЦОЛСОН

Хэвлэх2016.12.15

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Сонгуулийг ажиглах хорооны ажиглагчид Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийг ажигласан тайлангаа Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өгсөн билээ. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй ярилцлаа.

 

 

            Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас танайд тайлангаа өгсөн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

            Тус газраас Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгууль ажигласан тухай эцсийн тайлангаа манай Хороонд албан ёсоор хүлээлгэн өглөө. Ажиглагчдын багийн ахлагч, Элчин сайд Одри Гловер өөрийн биеэр ирж тайлангаа танилцуулсан.


            Ингэхэд ЕАБХАБ-ынхан өнгөрөгч сонгуулиар ямар бүрэлдэхүүнтэй ажилласан юм бол?

            Манай сонгуулийг ажиглахаар дэлхийн 40 гаруй орноос 400 гаруй ажиглагч бүртгүүлснээс талаас илүү хувь нь буюу 200 гаруй нь ЕАБХАБ-ын ажиглагчид байсан.         


    Тайлангийн дүн сонирхол татаж байна. Ямар дүгнэлт өгсөн бэ?

Сонгуулийн зохион байгуулалт, үйл ажиллагаанд сайн үнэлгээ өгсөн. Сонгуулийн Ерөнхий Хороо үүргээ сайн биелүүлж ажилласныг, мөн санал авах өдөр орон даяар ерөнхийдөө дэг журамтай явагдаж өнгөрснийг тайландаа тэмдэглэсэн. Сонгуулийн Ерөнхий Хороо нь сонгуулийн дүнг орон даяар шууд дамжуулан үзүүлснийг онцлон тэмдэглэсэн байна лээ. Сонгуулийн Ерөнхий Хорооноос сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулсны дараа намууд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийснийг тайланд дурьдсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгуулийн эрхийг хамгаалан сайжруулсан байна гэж тайланд дүгнэсэн байсан.


     Зөвлөмж ч юм уу, анхааруулсан зүйлс байсан уу?

            Анхаарах зүйл байнаа. Эцсийн тайланд үндсэн долоон зөвлөмж өгсөний дийлэнх нь хууль эрх зүйн орчинг сайжруулахтай холбоотой асуудлууд байна лээ. Сонгуулийн хууль тогтоомжийн өөрчлөлтийг сонгуулийн дундуур хийхгүй байх, сонгуулийн хуулийн өөрчлөлтийг хийхдээ талуудын оролцоог хангах, хэлэлцүүлэг өрнүүлэх, тойргийн хуваарилалтыг тогтоохдоо сонгууль болохоос хангалттай хугацааны өмнө хийх хэрэгтэйг зөвлөсөн байсан.


            Хангалттай хугацаа гэж юуг хэлээд байна вэ?

            Ер нь сонгуулийн жил сонгуулийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулахгүй байхыг л анхааруулж зөвлөөд байна гэсэн үг.

            Мөн иргэний сонгох, сонгогдох эрхтэй холбоотой нэг шүүмжлэл байна. Иргэний сонгогдох эрхийг хязгаарласан заалтууд хуульд олон байна. Энэ нь ЕАБХАБ-ын өмнө хүлээсэн үүрэг амлалтууд болон Олон улсын хэм хэмжээтэй нийцэхгүй байна гэж дүгнэсэн байна. Тухайлбал, төрийн албан хаагч сонгуульд нэр дэвших бол албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх, татварын хугацаа хэтэрсэн өр зээлтэй, хугацаат цэргийн алба хаасан байх талаарх хуулийн заалтуудыг сонгогдох эрхийн олон улсын хэм хэмжээтэй нийцэхгүй байна гэж үзсэн байна лээ.


            Анхаарах асуудал, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх боломж бий юу?

            Зөвлөмжийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Юуны өмнө сонгуулийн байгууллагын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж болох асуудлууд бий. Харин хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгоход чиглэсэн зөвлөмжүүдийг бид холбогдох газар нь хүргүүлж саналаа тавина. Ер нь урьдчилсан тайланд эдгээр зөвлөмжүүд байсан тул бид Сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгох саналыг УИХ-д хүргүүлэхдээ зарим зөвлөмжийг нь тусгасан.     


    Ямар ямар асуудлыг санал хүргүүлэхдээ тусгасан бэ?

            Иргэний сонгогдох эрхийг хангахтай холбоотой саналууд. Тухайлбал, нэр дэвшигчийг бүртгэхтэй холбоотой олон нөхцөл, шаардлагыг багасгах санал хүргүүлсэн. Нөгөө талаар сонгуулийн жил эхэлснээс хойш Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй байх саналуудыг УИХ-д хүргүүлээд байна.

 

            Э.Энх. “Өдрийн сонин”. 2016.12.15, № 290





Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.