Сонгуулийн автоматжуулсан системийг амжилттай нэвтрүүлсэн Монголын туршлагыг судалж байна

Хэвлэх2017.10.24

Монгол Улс сонгуулийн үйл ажиллагаандаа автоматжуулсан системийг ашиглаж буй туршлагаас судлахаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Сонгуулийн төв комиссын төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна.

Узбекистаны төлөөлөгчдийг тус улсын Сонгуулийн төв комиссын Нарийн бичгийн дарга нарын газрын дарга Курбанкулов Суяржон Машарифович тэргүүлж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд нь Бүгд Найрамдах Узбекистан Улсын Мэдээллийн технологийн хөгжил, харилцааны яам, Газрын кадастр, иргэний бүртгэлийн газрын төлөөлөл болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөл багтжээ.

 

Узбекистаны төлөөлөгчид сонгуулийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийн ололтыг хэрхэн ашиглаж буй талаарх туршлага, ялангуяа сонгогчийн бүртгэлийн мэдээллийн сан бүрдүүлэх, сонгогчийн бүртгэл хийх, сонгогчийн санал авах, тоолох, мэдээлэл дамжуулахад техник технологи ашиглаж байгаа байдал, түүний аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлуудад гол анхаарлаа хандуулж туршлага судалж байгаа юм.

 

 

 

 

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажигласан ЕАБХАБ-ын ажиглалтын урьдчилсан тайлантай танилцаж, уг тайланд Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд амжилттай зохион байгуулж, сонгогчийн бүртгэлийн болон санал авах, тоолох, дүн дамжуулах, сонгуулийн үр дүнг нийтэд шуурхай мэдээлэх ажлыг технологийн дэвшил ашиглан маш амжилттай явуулсан бөгөөд сонгуулийн зохион байгуулалтыг бүхэлд нь өндрөөр үнэлсэн байсныг дурдав. Мөн Монгол Улсын сонгуулийн сайн туршлага нь бүс нутагтаа төдийгүй, сонгуулийн ардчилалыг хөгжүүлж буй орнуудад үлгэр дуурайлал болж байгаа учир манай улсын туршлагаас суралцан өөрийн орны сонгуулийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхийг зорьж байгаагаа дурдсан юм.

Дашрамд дурдахад Бүгд Найрамдах Киргиз Улсын төлөөлөгчид манай оронд удаа дараа айлчлал хийн ажиллаж, сонгогчийн бүртгэлийн болон санал авах, тоолох ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан системийг амжилттай нэвтрүүлсэн монголын туршлагыг судлан 2015 оноос эхлэн өөрийн оронд нэвтрүүлээд байгаа билээ.





Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.