УКРАИН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ

Хэвлэх2019.03.31

Украин Улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2019 оны 3-р сарын 31-ний өдөр явагдав. Тус улсын сонгуулийн хууль тогтоомжийн дагуу сонгуулийн дүнгээр аль нэг нэр дэвшигч нь олонхийн санал буюу саналаа өгсөн нийт сонгогчийн 50+1 хувийн санал авч  чадаагүй тохиолдолд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч хоёр дахь шатны сонгуульд өрсөлдөнө.

 

Сонгуульд нэр дэвшигчдэд улс төрийн намаас болон бие даан нэр дэвших эрх нээлттэй. Сонгуулийн төв комисс нэр дэвшигчийн материалыг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Сонгуулийн хороонд бүртгүүлэхээр хүргүүлэх материалд нэр дэвшигчдийн орлогын тайлан багтах бөгөөд уг тайланг Украины Авилгын эсрэг үндэсний агентлагт хүргүүлдэг байна. Нэр  дэвшигчдийн материалыг хүлээн авах сүүлийн өдөр буюу 2019 оны 2-р сарын 9-нд нийт 44 нэр дэвшигч материалаа хүргүүлсэн байсныг Сонгуулийн төв комисс нягтлан шалгаад, тэдгээрээс 39 нэр дэвшигчийг бүртгэж авсан.    

         

Украин Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигчдэд дараах шаардлагыг тавьдаг байна. Үүнд: Украин Улсын 35 насанд хүрсэн иргэн байх,  украин хэлтэй, сүүлийн 10 жил эх орондоо амьдарсан байх зэрэг шалгуурууд багтана. Бүртгүүлсэн нэр дэвшигч ойролцоогоор 90,000 ам.долларын дэнчинг өгөх ба зөвхөн хоёр дахь шатны сонгуульд өрсөлдөхөөр үлдсэн хоёр нэр дэвшигчид дэнчинг буцаан олгодог. Бусад нэр дэвшигчдийн дэнчинг улсын төсөвт шилжүүлдэг байна.

 

Энэ удаагийн сонгуульд нийт сонгуулийн эрх бүхий 34,544,993 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлсэн. Гэвч Крымийн бүс нутгийн нөхцөл байдалтай холбоотойгоор Донецк, Луганск дахь 12 санал авах байрыг Сонгуулийн төв комисс сонгууль болохоос өмнө хааснаар сонгогчдын 12 хувь сонгуульд оролцож саналаа өгөх боломжгүй болсон байна.

 

Сонгуулийн үйл ажиллагааг нийт 17 орны, олон улсын 19 байгууллагын 2,344 олон улсын ажиглагчид ажигласан бол дотоодын 129 төрийн бус байгууллагын төлөөллүүд ажиглажээ. 

Сонгуулийн санал авах өдөр буюу 3-р сарын 31-ний 23.00 цагийн байдлаар, Слуга Народа намаас нэр дэвшигч Владимир Зеленский 28,41 хувиийн саналаар тэргүүлж, Ватькивщина намаас нэр дэвшигч Юлия Тимошенко (Ерөнхий сайд асан)18,18 хувь, бие даагч Пётр Порошенко 17,49 хувийн санал авсан дүнтэй байсан бол 4-р сарын 1-ний өдөр Киевийн цагаар 21.55 цаг гэхэд нийт саналын 95.14%-ийг тоолж дууссан байжээ. Уг тооллогын дүнгээр Владимир Зеленский 30,23%, Пётр Порошенко 15,94%, Юлия Тимошенко 13,40%-ийн саналтай болж өөрчлөгдсөн байна. Нийт 39 нэр дэвшигчдийн хэн нь ч 50+1 хувийнсанал аваагүй тул хамгийн их саналтай хоёр нэр дэвшигч 4-р сарын 21-нд болох хоёр дахь шатны санал хураалтад өрсөлдөхөөр болоод байна.




Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.