Сонгуулийн дүнг орон даяар шууд дамжуулан үзүүлснийг онцолсон

Хэвлэх

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Сонгуулийг ажиглах хорооны ажиглагчид Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийг ажигласан тайлангаа Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өгсөн билээ. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй ярилцлаа.

           

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас танайд тайлангаа өгсөн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

 

ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн газраас Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгууль ажигласан тухай эцсийн тайлангаа манай Хороонд албан ёсоор хүлээлгэн өглөө. Ажиглагчдын багийн ахлагч, Элчин сайд Одри Гловер өөрийн биеэр ирж тайлангаа танилцуулсан.

 

Ингэхэд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагынхан өнгөрөгч сонгуулиар ямар бүрэлдэхүүнтэй ажилласан юм бол?

 

Их өргөн бүрэлдэхүүнтэй баг ирсэн. 2016 оны УИХ-ын сонгуулийг ажиглахаар дэлхийн 40 гаруй орноос 400 гаруй ажиглагч бүртгүүлснээс талаас илүү хувь нь буюу 200 гаруй нь ЕАБХАБ-ын ажиглагчид байсан. Эдний ажиглагчид урт, богино хугацаатай ирсэн. Урт хугацааны ажиглагчид нь санал авах өдрөөс сар гаруйн өмнө ирж сонгуулийн бэлтгэл ажил, нам, эвслээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа, сонгуулийн байгууллагуудын зохион байгуулалт, сонгуулийн сурталчилгаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, ажиглалт хийсэн. Богино хугацааны ажиглагчид нь санал авах өдрөөс хэд хоногийн өмнө ирж санал авах үйл ажиллагааг ажигладаг.

 

Тайлангийн дүн сонирхол татаж байна. Ямар дүгнэлт өгсөн бэ?

 

2016 оны УИХ-ын сонгуулийн зохион байгуулалт, үйл ажиллагаанд сайн үнэлгээ өгсөн. Сонгуулийн Ерөнхий Хороо үүргээ сайн биелүүлж ажилласныг тэмдэглэсэн байна лээ. Мөн санал авах өдөр орон даяар ерөнхийдөө дэг журамтай явагдаж өнгөрснийг тайландаа тэмдэглэсэн. Сонгуулийн Ерөнхий Хороо нь сонгуулийн дүнг орон даяар шууд дамжуулан үзүүлснийг онцлон тэмдэглэсэн байна лээ. Сонгуулийн Ерөнхий Хорооноос сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулсны дараа намууд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийснийг тайланд дурьдсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгуулийн эрхийг хамгаалан сайжруулсан байна гэж тайланд дүгнэсэн байна лээ.

 

Зөвлөмж ч юм уу, анхааруулсан зүйлс байсан уу?

 

Анхаарах зүйл байнаа. Эцсийн тайланд үндсэн долоон зөвлөмж өгсөний дийлэнх нь хууль эрх зүйн орчинг сайжруулахтай холбоотой асуудлууд байна. Сонгуулийн хууль тогтоомжийн өөрчлөлтийг сонгуулийн дундуур хийхгүй байх, сонгуулийн хуулийн өөрчлөлтийг хийхдээ талуудын оролцоог хангах, хэлэлцүүлэг өрнүүлэх, тойргийн хуваарилалтыг тогтоохдоо сонгууль болохоос хангалттай хугацааны өмнө хийх хэрэгтэйг зөвлөсөн.

 

Хангалттай хугацаа гэж юуг хэлээд байна вэ?

 

Ер нь сонгуулийн жил сонгуулийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулахгүй байхыг л анхааруулж зөвлөөд байна гэсэн үг.


Сонгуулийн үеэр сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан асуудал гарсан юм уу?

 

Ийм асуудал гарсан. УИХ-ын сонгуулийг дөрвөн сард товлон зарласан. Үүнээс хойш сарын дараа буюу таван сард Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Өөрчлөлт оруулсан асуудал нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотой. Хосолсон тогтолцоогоор явуулахаар товлон зарласан сонгуулийг нэг мандаттай мажоритар тогтолцоогоор явуулахаар хуульд өөрчлөлт оруулсан. Ингэж сонгууль товлон зарласнаас хойш өөрчлөлт хийхгүй байхыг анхааруулж зөвлөсөн байна.

 

Өөр анхаарах ямар асуудал байна вэ?

 

Өөр анхаарах асуудал гэвэл иргэний сонгогдох эрхтэй холбоотой нэг шүүмжлэл байна. Иргэний сонгогдох эрхийг хязгаарласан заалтууд хуульд олон байна. Энэ нь ЕАБХАБ-ын өмнө хүлээсэн үүрэг амлалтууд болон Олон улсын хэм хэмжээтэй нийцэхгүй байна гэж дүгнэсэн байна. Тухайлбал, төрийн албан хаагч сонгуульд нэр дэвших бол албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх, татварын хугацаа хэтэрсэн өр зээлтэй, хугацаат цэргийн алба хаасан байх талаарх хуулийн заалтуудыг сонгогдох эрхийн олон улсын хэм хэмжээтэй нийцэхгүй байна гэж үзсэн байна лээ.

 

Анхаарах асуудал, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх боломж бий юу?

 

Зөвлөмжийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Юуны өмнө сонгуулийн байгууллагын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж болох асуудлууд бий. Харин хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн зөвлөмжүүдийг бид холбогдох газар нь хүргүүлж саналаа тавина. Ер нь урьдчилсан тайланд эдгээр зөвлөмжүүд байсан тул бид Сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгох саналыг УИХ-д хүргүүлэхдээ зарим зөвлөмжийг нь тусгасан.

 

Ямар ямар асуудыг санал хүргүүлэхдээ тусгасан бэ?

 

Иргэний сонгогдох эрхийг хангахтай холбоотой саналууд. Тухайлбал, нэр дэвшигчийг бүртгэхтэй холбоотой олон нөхцөл, шаардлагыг багасгах санал хүргүүлсэн. Нөгөө талаар сонгуулийн жил эхэлснээс хойш Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй байх саналуудыг УИХ-д хүргүүлээд байна.

 

“Өдрийн сонин”. 2016.12.15, № 290. Э.Энх

 





Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.