Итгэл даах, бусдад итгэгдэх амаргүй сорилтыг давж чадсан

Хэвлэх

Хоёр оны зааг дээр Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхантай уулзаж зарим асуудлыг тодрууллаа

 

Өнгөрсөн онд Улсын Их Хурлын сонгууль, Аймаг, нийслэлийн болон Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгууль тус тус болсон. Танай Хороо энэ их ажлын ачааллыг  үүрч гарлаа. Ажлаа хэрхэн дүгнэж байна вэ?

 

2016 он их сонгуулийн жил байлаа.Эдгээр сонгуулийг  нэгдсэн хуулиар буюу хууль эрх зүйн шинэ орчинд зохион байгуулж, батлагдсан төсвийн хэмжээнд хуулийн хүрээнд хэрэгжилтийг нь хангаж ажиллав. Манай Хороо Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх хүрээнд нийт 27 удаа хуралдаж тэдгээрээр 130 гаруй асуудлыг хэлэлцэнхолбогдох шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжүүлэн ажилласан байна.

Хийсэн ажлын заримаас нь дурьдвал, 21 аймаг, 9 дүүрэгт нийт 43 удаагийн сургалт зохион байгуулж тэдгээрт 20000 орчим төрийн албан хаагчийг хамруулж, гэрчилгээ олгов. Ингэснээр байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтнуудын мэдээллийн сан бүрдсэн гэж үзэж болно. Хамтарсан Ажлын хэсэг сонгогчийн бүртгэлийн 2687 техник хэрэгсэл болон 2500 санал тоолох төхөөрөмжийн програм хангамж, техникийн бэлэн байдлыг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгожээ.

Сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэл ажлыг ханган аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд Мэдээллийн технологийн 31 багийн 144 гишүүн, мэдээллийн технологийн 2371 даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 2526 ажилтан сонгуулийн техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллалаа.Сонгуулийн санал авах байрны байршлыг газар зүйн мэдээллийн системд байршуулснаар сонгогч өөрийн харьяа санал авах байрны байршил, саналын хуудасны загварыг харах  боломжтой байлаа. Улсын Их Хурлын сонгуулийн санал хураалтын дүнг улс орон даяар сонгуулийн тойрог, нэр дэвшигч бүрээр анх удаа дэлгэцээр шууд гаргаж, сонгуулийн автоматжуулсан системийн давуу талыг харуулж чадлаа.Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой хууль, дүрэм, журмыг болон сонгуулийн нэр томъёоны толийг гадаад хэлрүү хөрвүүлэн нийтийн хүртээл болгов. 2000 оноос хойшхи сонгуулийн байнга буурч байсан ирц анх удаа нэмэгдсэн дүнтэй гарлаа.

УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон 76 нэр дэвшигчийг 2000 оноос хойш анх удаа бүрэн бүрэлдэхүүнээр нь бүрэн эрхийг нь зөвшөөрүүлэхээр өргөн барьж шийдвэрлүүлсэн болно.

УИХ-ын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг хэвлэл мэдээллийн байгууллагууд оны онцлох үйл явдлын тоонд оруулж байгаа нь олон түмний зүгээс өгч байгаа үнэлэлт дүгнэлт гэж ойлгож байна.

УИХ-ын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийг зохион байгуулахад аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, 1998 санал авах байр байгуулагдаж, сонгуулийн бүх шатны байгууллагад нийт 17532 төрийн албан хаагч ажилласан байна. Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийг зохион байгуулахад нийтдээ 17846 хүн ажиллажээ.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос өнгөрсөн хугацаанд нийт 13 дүрэм, журам, заавар, 49 төрлийн маягт, 40 гаруй төрлийн бичиг баримт, үнэмлэхний загвар гаргаж сонгуулийн үйл ажиллагаанд мөрдүүллээ.

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг хуулийн хугацаанд хүлээж авсан бөгөөд сонгуульд оролцсон 12 нам, 3 эвсэл, 498 нэр дэвшигчдээс 11 нам, 2 эвсэл, 386 нэр дэвшигч тайлангаа ирүүлсэн байна. Сонгуулийг улсын хэмжээнд зохион байгуулах цаг хугацааны хуваарь гаргаж мөрдүүлсэн нь хийж гүйцэтгэх ажлыг болон хуулийг нэг мөр ойлголттойгоор хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.      

Энэ бүхний цаана сонгуулийн бүх шатны байгууллагын ажилтнуудын уйгагүй их хүч, хөдөлмөр, ажлыг бүтээх гэсэн чин сэтгэл төдийгүй бас их өндөр хариуцлага байсныг тэмдэглүүштэй. Сонгуулийн бүх шатны байгууллагын ажилтнууд итгэл даах, бусдад итгэгдэх  амаргүй сорилтыг давж чадлаа.Тэд төрийн сонгуулийг хуулийн хүрээнд чанд хэрэгжүүлж, зохион байгуулах чадвартай гэсэн итгэл үнэмшлийг  улам бий болгож, энэ талаарх нийгмийн хүлээлт, захиалгыг биелүүлж чадсан гэж хэлж болно.

 

Саяхан олон улсын байгууллагынхан манай сонгуулийн талаар дүгнэлтээ гаргасан байна лээ. Тэд манай сонгуулийг хэрхэн үнэлсэн байв?

 

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн алба (ЕАБХАБ/АИХЭА)- ны урт болон богино хугацааны ажиглагчдын баг  сонгуулийг тогтмол ажиглаж, сонгууль ажигласан тухай тайлангаа ирүүлж байна. Олон улсын баг энэ удаагийн Улсын Их Хурлын сонгуулийг ажиглаад “Монголын парламентын сонгууль зохион байгуулалтын хувьд маш өндөр түвшинд болсон” гэсэн үнэлгээ өглөө.Сонгуулийг олон өнцгөөс ажиглаж дүгнэхээс гадна цаашид анхаарах асуудлын талаар тэд үнэтэй зөвлөгөө өгдөг.

 Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийг ажиглахаар 40 гаруй орны 400 орчим ажиглагчид бүртгэгдсэн билээ. Ийм тооны ажиглагчид өмнөх сонгуулийн түүхэнд ирж байгаагүй.Гадаадын ажиглагчид сонгуулийн явц,байдлыг ажиглахаас гадна сонгууль зохион байгуулж буй манай арга туршлагыг  ажиглах болов.Тэр арга туршлагаасаа бусад улс орон, сонгуулийн олон улсын байгууллагуудтай хуваалцахыг олон улсын ажиглагчдын баг энэ удаа зөвлөмж болгосныг дурьдууштай. Бусдаар ажиглуулахаас гадна манай Хорооны ажилтнууд олон улсын байгууллагаас зохион байгуулж буй сонгуулийн урт болон богино хугацааны ажиглагч бэлтгэх сургалтад хамрагдан сертификат авч, гадаад улс орны сонгуулийг ажиглах багт орж ажиллах боллоо.

Манай гадаад харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, өргөжиж байна. Өнгөрсөн онд ГХЯ-ны Олон улсын хамтын ажиллагааны сан, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн /IDEA/, Нээлттэй нийгэм форумтай хамтран “Ази дахь ардчилсан шилжилт” олон улсын семинарыг, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн /IDEA/-тэй хамтран “Сонгуульд мэдээллийн технологи ашиглах нь” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлгийг Улаанбаатар хотноо тус тус амжилттай зохион байгууллаа.

 

Нэгдсэн хуулийн дагуу сонгууль зохион байгуулахад хүндрэлтэй асуудал байв уу?

 

Ер нь явагдаж өнгөрсөн сонгуулиуд нь тус тусдаа эрх зүйн актаар зохицуулагдах нь зүйтэй гэж үзэж байна. Төрийн тэргүүнийг сонгох, хууль тогтоох засаглалыг тогтоох, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох гээд тус тусдаа сонгууль шүү дээ. Нэгдсэн хуульд сайн болон дутагдалтай талууд байсныг хэлэх нь зүйтэй. Иймд бид болж өнгөрсөн сонгуулиудын явцад гарч байсан учир дутагдалтай зүйлүүдийг засч, хуулийг илүү боловсронгуй болгох нь зүйтэй болов уу. Сонгуулийн Ерөнхий Хорооны хувьд удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгуулах саналаа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлээд байгаа болно. Сонгуулийн тогтолцоо, бодлогын чанартай асуудал гэхээсээ илүү сонгууль зохион байгуулахад сонгуулийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа зарим заалтуудыг засч сайжруулахад саналаа өгөх нь бидний үүрэг гэж үзэж байна. Хууль нь тус тусдаа байх ч эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран зарим сонгуулийг хамт явуулах тохиолдолд боломжийг нь бүрдүүлсэн байхаар хуульд тусгах нь зөв юм. Сонгуулийн Ерөнхий Хорооноос УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгуулах саналаа бэлэн болгоод байгаа бөгөөд одоо Орон нутгийн сонгуулийн хуульд өгөх саналаа боловсруулж байна.   

 

Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирлээ. Түүний бэлтгэл ажил эхэлсэн үү?

 

Ээлжит сонгууль дууссанаар дараагийн сонгуулийн бэлтгэл ажил эхэлдэг гэж хэлж болно. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөө боловсруулж байна.Түүнийг удахгүй болох Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ. Сонгуулийн үйл ажиллагааг улам боловсронгуй болгох, зохицуулалтыг илүү зааглаж нарийвчлах үүднээс Хороо саналаа боловсруулж Улсын Их Хуралд хүргүүлээд байна.

Мөн сонгуулийн бэлтгэлтэй холбоотой бусад ажил тухайлбал, сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, заавар, загварын төсөл маягт боловсруулах, судалгаануудыг шинэчлэх, сонгуулийн автомат системийн техник хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх, техникийн бэлэн байдлыг хангах зэрэгт анхаарлаа хандуулж байна.

УИХ-аас нэгдүгээр сард багтаан Ерөнхийлөгчийн сонгуулийн хуультай холбоотой холбогдох шийдвэрийг гаргаж, сонгуулийг товлон зарлаж, санал авах өдрийг тогтоох болов уу. Энэ сараас Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн жил эхлэж байгаа тул Сонгуулийн Ерөнхий Хорооноос сонгуулийг хуулийн дагуу шударга, шуурхай, ил тод, алдаа зөрчилгүй зохион байгуулж явуулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах болно. 





Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.