Ирц хүрэхгүй бол нэмэлт санал хураалт явуулна

Хэвлэх

Ирэх Баасан гаригт Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин саналхураалт болно. Энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнтэй ярилцлаа.

 

Хоёр дахь санал хураалт энэ Баасан гарагт явагдана, бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

 

Сонгуулийн Ерөнхий Хорооноос хоёр дахь санал хураалтын бэлтгэлийг хангах шуурхай ажлын төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Хугацаандаа амжуулахын төлөө манай хүмүүс өдөр шөнөгүй л зүтгэж байна. Биднээс хамааралгүй цаг агаар, бороо шуурганаас болж онгоц саатах, цахилгаан тасалдах гээд бэрхшээл гарч байна. Харин холбогдох яам, газар нь хурдан шуурхай арга хэмжээ авч туслаж байгаа. Хоёр дахь санал хураалтыг бэлтгэлийг санал хураалтаас өмнө бүрэн хангана.

 

Саналын хуудас хэзээ хэвлэгдэж дуусах вэ?

 

Бүх аймаг, дүүргийн саналын хуудсыг хэвлэж дуусгасан. Одоо хүргэлтийн ажил хийгдэж байна. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах саналын хуудас хүргэгдсэн.

 

Саналын машин, техник хэрэгсэл бэлэн болсон уу?

 

Сонгогчийн бүртгэлийн техник хэрэгсэл, санал авах, тоолох төхөөрөмжийг дахин санал хураалтад бэлтгэх ажил аймаг, дүүргүүдэд хийгдэж байна. Тагнуулын ерөнхий газар, Мэдээллийн технологийн төв, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хамтарсан ажлын хэсэг хуваарь, төлөвлөгөөний дагуу аймгуудад ажиллаж байна.

 

Хоёр дахь санал хураалтад хоёр хүн өрсөлдөж байгаа. Хуулиараа олонхийн санал авсан байх ёстой юу?

 

Тийм. Хоёр нэр дэвшигчийн аль нэг нь олонхийн санал авч байж Ерөнхийлөгчөөр сонгогдоно. Үндсэн хуульд энэ талаар маш тодорхой заасан. Сонгуульд оролцож саналаа өгсөн сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзнэ гэж заасан.

 

Сонгуульд оролцож саналаа өгсөн сонгогчид гэдгийг тодруулж өгнө үү?

 

Сонгуульд оролцоно гэдэг нь сонгогч бүртгүүлээд саналын хуудас авч саналаа өгөхийг хэлнэ. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн мөртлөө саналаа өгөөгүй хүнийг сонгуульд оролцож саналаа өгсөн гэж үзэхгүй. Тэгэхээр нэр дэвшигч нь сонгуульд оролцсон сонгогчдын олонхийн санал авч байж сонгогдоно гэж ойлгож болно. Олонхи гэдгийг тавин хувь дээр нэмэх нь нэг санал гэж ойлгоно.

 

Ирцийн талаар хуульд юу гэж заасан бэ?

 

Сонгуулийн тухай хуульд тавин хувь гэсэн заалт бий. Тухайлбал, сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол нэмэлт санал хураалт явуулахаар хуульчилсан.

 

Тэгэхээр ирэх Баасан гаригт ирц 50 хувьд хүрээгүй бол дахиад нэмэлт санал хураалт явуулна гэсэн үг үү?

 

Тийм, гэхдээ нэмэлт санал хураалтыг зөвхөн 50 хувь нь хүрээгүй хэсэгт л явуулна. Санал хураалтад оролцоогүй сонгогчид л нэмэлт санал хураалтад оролцоно. Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн хэсэг дэх санал хураалтын дүнг гаргана.

 

Гадуур цагаан хуудас гэсэн яриа гадуур яваад байна. Үүнийг зохицуулах боломж бий юу?

 

Монгол Улсын Үндсэн хуульд иргэний сонгох эрхийг хуульчилсан. Сонгуулийн тухай хуульд сонгогч сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж саад учруулахыг хориглоно гэж заасан. Тийм учраас иргэдийг сонгуульд оролцуулахгүй байх, санал өгөхгүй байхыг уриалах нь хууль бус үйлдэл юм. Манай иргэд сонгогчид ийм хууль бус уриалга, нөлөөнд автаад байдаггүй шүү дээ. Тэд хуулиа дээдлэн сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгсөөр ирсэн. Энэ нь сүүлийн хоёр удаагийн сонгуулиар иргэдийн оролцоо сайжирч ирц нэмэгдэж байгаагаар харагдаж байна.

 

Өдрийн сонин, 2017.07.04, № 147. С.Алтан

 





Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.