Үндсэн хуулийн боломжоо ашиглаж ард нийтийн санал асуулгаар шийдэж болно

Хэвлэх

Энэ онд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг, хурал, семинар олон удаа боллоо. Сонгуулийн Ерөнхий Хороо саналаа өгсөн үү?

 

Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар үе үеийн Улсын Их Хурлын гишүүд хуулийн төсөл боловсруулж өргөн мэдүүлж байсан. Зарим жил Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн гурав дөрвөн ч төсөл өргөн мэдүүлж байсан тохиолдол бий. Хуулийн төсөл боловсруулах болгонд Сонгуулийн Ерөнхий Хорооноос санал авч байсан.

 

Зарим жил 3, 4 хуулийн төсөл өргөн барьсан тохиолдол бий гэлээ?

 

Тиймээ. 2011 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай дөрвөн хуулийн төсөл өргөн мэдүүлж байсан байдаг. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нарын 5 гишүүний төсөл, Д.Энхбат нарын 10 гаруй гишүүний төсөл, Су.Батболдын төсөл, Ж.Сүхбаатар нарын 30 гаруй гишүүний төсөл байдаг. Эдгээрийн аль нь ч УИХ-аар хэлэлцэгдэж байгаагүй.

 

Тэр үеийн төслийн агуулгыг Та хэлнэ үү?

 

Тухайн үеийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийн агуулга нь үндсэндээ адил. Нөгөө л УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болох эсэх асуудал, хотын статусыг зөвшөөрөх үү, Засаг дарга нарыг иргэд нийтээрээ шууд сонгох уу, Улсын Их Хурал нь хоёр танхимтай байх уу, гишүүдийн тоог нэмэгдүүлэх үү гээд олон асуудал төсөлд тусгагдсан байсан. Эдгээр асуудлаар хэлэлцүүлэг, хурал семинар олон удаа зохион байгуулагдаж байсан. Гэхдээ олон удаа санал, төсөл гарч байсан боловч бодитой ажил болж цааш явдаггүй. Үүний гол шалтгаан нь миний бодлоор нэг хэсэг нь өөрчлөлт хийх нь зүйтэй гэж үздэг, нөгөө хэсэг нь өөрчлөлт оруулж болохгүй гэдэг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх тал дээр нэгдмэл ойлголтод хүрч чадаагүйтэй холбоотой.

 

Үндсэн хуульд сонгуультай холбоотой харилцааг зохицуулсан заалтад өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байгаа юу?

 

Үндсэн хуульд иргэний сонгох, сонгогдох эрх, ард нийтийн санал асуулга болон Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбоотой 13 зүйлийн 36 заалт байдаг. Үндсэн хуулийн эдгээр зүйл заалтуудад зарим нэг тодотгох, засаж сайжруулах хэрэгцээ шаардлага бол байгаа. Ганцхан жишээ хэлье, Үндсэн хуулийн 31.1-д  “Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байна.” гэж заасан байдаг. Гэтэл 31.4-т “Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.” гэж заасан. Үндсэн хуулийн 31.4 дэх заалтаас үзэхэд анхан шатны сонгуулиар Ерөнхийлөгчийг шууд сонгох зарчмын үндсэн дээр сонгож байна. Тэгэхлээр хоёр дахь шатны сонгууль явуулах шаардлагагүй болчихож байна. Тийм ч учраас хоёр дахь шатны сонгуулийн талаар Үндсэн хуульд нэг ч зүйл, заалт байхгүй. Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал хоёр шаттай байна гэснийг хасах хэрэгтэй. Сонгуулийн Ерөнхий Хороо 1992 оны Үндсэн хуулиас хойш 7 удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулж явууллаа. Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн дөрөвт заасны дагуу анхан шатны сонгуульд олонхийн санал авсан нэр дэвшигчийг ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж шийдвэр гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл, хоёр шаттай сонгууль болж байгаагүй.

 

Энэ оны Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай болсон юм бишүү?

 

Энэ 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хоёр шаттай биш юм. Анхан шатны сонгуулиар нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй тул хоёр дахь санал хураалт явсан. Үүнийг зарим хүмүүс хоёр шаттай сонгууль гэж андуураад бичээд байгаа юм. Анхан шатны сонгууль нь хоёр санал хураалттай явагдсан гэж ойлгоно.

 

Үе үеийн Парламентын үед УИХ-ын гишүүд хуулийн төсөл боловсруулж өргөн мэдүүлж байсан юм байна. Одоо яавал зүгээр гэж Та бодож байна вэ?

 

Саяхан Төрийн ордонд болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн хуралд оролцож илтгэлүүдийг сонслоо. Илтгэгч нарын байр суурь нөгөө л хоёр янз байна. Нэг хэсэг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь буруу гэсэн байр суурьтай байна. Нөгөө нь нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн байр суурьтай байна. Тэгэхээр одоо энэ асуудлыг дахиад нэг хэсэгтээ ярихгүй цэг тавих нэг арга байна.

 

Ямар арга байна гэж Та үзэж байна вэ?

 

Энэ арга бол Үндсэн хуульд байгаа юм. Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн Хорин тавын арван зургаа дахь хэсэгт УИХ-ын онцгой бүрэн эрхэд Ард нийтийн санал асуулга явуулах гэж заасан байдаг. УИХ-д Үндсэн хуулиар олгогдсон маш том боломж, онцгой бүрэн эрх юм. Үндсэн хуулийн энэ боломжийг 25 жилийн хугацаанд Улсын Их Хурал нэг ч удаа ашигласангүй.

 

Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулаар шийдэх ёстой гэж Та үзэж байна уу?


Тиймээ, би урьд өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ байр сууриа нэг бус удаа илэрхийлж байсан. Ер нь гадаад улсад аливаа маргаантай томоохон асуудлыг референдум явуулж шийдвэрлэдэг юм билээ. Тухайлбал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудал, олон улсын холбоо, эвсэлд орох асуудал, цөмийн энергийг ашиглах эсэх гээд гадаад, дотоод бодлоготой холбоотой томоохон асуудлыг Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэдэг туршлага байдаг. Манай улс Үндсэн хуулийн энэ заалтыг ер нь хэрэгжүүлээгүй.

 

Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн ийм олон өөрчлөлтийг шийдэж чадах уу?

 

Үндсэн хууль бол Ардчилсан, эрх зүйт нийгмийн бүхий л харилцааг зохицуулах үндсэн зарчмыг тодорхойлсон дээд баримт бичиг юм. Энэ ч утгаараа түүнд өөрчлөлт оруулах эсэх асуудал нь амар хялбар биш л дээ.

Ер нь Үндсэн хууль тогтвортой байх нь зүйтэй. Харин зайлшгүй засаж сайжруулах зүйл байвал Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх хэрэгтэй. Ард нийтийн санал асуулгыг их өргөн хүрээтэй, олон асуудлаар явуулах хэрэггүй гэж боддог. Нэмэлт, өөрчлөлтийн асуудал ярихаар зарим төрийн байгууллага өөрийн эрх хэмжээтэй холбоотой асуудлыг оруулах, эрх мэдлээ өргөтгөх тухай ярьдаг. Энэ бол буруу. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал нь цөөн, асуулт нь товч, тодорхой, хоёрдмол утгагүй, ойлгомжтой байх ёстой. Ард нийтийн санал асуулгын тухай хуульд энэ талаар тодорхой заасан байдаг.

 

Хуульд юу гэж заасан бэ?

 

Ард нийтийн санал асуулгын тухай хууль нь 1995 онд батлагдсан бөгөөд түүнд 2006 болон 2015, 2016 онуудад нэмэлт өөрчлөлт оруулж байсан.

Ард нийтийн санал асуулгын тухай хуульд Ард нийтийн санал асуулгыг нэг удаад 3-аас дээшгүй асуудлаар явуулна гэж заасан. Мөн хуульд санал асуулгаар шийдвэрлэх асуудлын агуулгыг илэрхийлсэн асуулт, түүнд өгөх эсрэг утга бүхий хариултын хувилбарыг Улсын Их Хурал хэлэлцэж батална. Санал асуулгын асуулт хариултыг хоёрдмол утгагүй, товч тодорхой, ойлгомжтой томъёолсон байна гэж заасан. 

 

Тэгэхээр Таны бодлоор ямар асуудлыг Ард нийтийн санал асуулгаар шийдвэл зүгээр вэ? 

 

Ард нийтийн санал асуулгын тухай хуульд заасан гурван асуудлаар л санал асуулга явуулах хуулийн боломж байна. Энэ гурван асуудлаа Улсын Их Хурал хэлэлцэж шийдвэрлэх хуультай. Хувь хүний байр сууринаас миний бодол гэвэл нэгдүгээр асуудал нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх эсэхтэй холбоотой асуудал, хоёрдугаарт Сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудал. Гуравдугаарт Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагатай холбоотой асуудлаар л санал асуулга явуулах нь зүйтэй болов уу. Энэ 3 асуудлыг олон жил ярьсан. Үүнээс хальж хэрэггүй гэж бодож байна.

 

Яагаад энэ гурван асуудал гэж Та үзэж байна вэ?

 

Сонгуультай холбоотой асуудлаас эхэлж товчхон тайлбар хэлье. Монгол Улсын Их Хурал тогтоол гаргаж 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг товлон зарласан. Гэтэл үүнээс хойш хоёр долоо хоногийн дараа Монгол Улсын Үндсэн Хуулийн цэц дүгнэлт гаргаж Сонгуулийн тухай хуулийн пропорциональ тогтолцоотой холбоотой заалт Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасныг зөрчсөн байна гэсэн дүгэлт гаргасан.

Үндсэн Хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг үндэслэн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр буюу сонгуулийн санал авах өдрөөс ердөө нэг сарын өмнө Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж Сонгуулийн тухай хуулийн пропорциональ тогтолцоотой холбоотой бүхий л зүйл, заалтыг хүчингүй болгосон. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаа нь хуулиар нарийвчлан тогтоосон хугацаанд үндэслэн явагдаж байдаг процесс ажиллагаа байдаг. Гэтэл сонгууль болохоос ердөө нэгхэн сарын өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан нь сонгуулийн зохион байгуулалтын хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байсан. Зөвхөн зохион байгуулалт ч гэлтгүй мэдээж хэрэг сонгуульд оролцохоор бэлтгэж байсан субъектүүдийн хувьд ч мөн хүндрэл үүсгэж байсан нь ойлгомжтой байх. Ийм учир сонгуулийн жил сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулдаггүй, харьцангуй тогтовортой байх эрх зүйн зохицуулалтыг Үндсэн хуульдаа тусгах хэрэгтэй гэж бодож байна. Үндсэн хуульд Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно гэж заасан байдаг. Жишээ нь энэ заалтад сонгуулийн тогтолцоо журмыг хуулиар тогтооно гэж нэмэлт оруулахад л сая ярьсан сонгулийн явцад хуулиа өөрчилдөг байдал давтагдахгүй болно.

Хоёр дахь асуудал бол Манай улс 1992 онд Үндсэн хуулиа баталснаас хойш 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь өнөөдрийг хүртэл маргаан дагуулсаар байна. Бидний сайн мэдэхээр долоон өөрчлөлт. Түүний нэг нь  Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн нэгд “УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бөгөөд бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй гэснийг “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж өөрчлөн найруулсан нь өнөөдөр үүсээд буй “давхар дээл”-ийн асуудлыг босгосон. Өдгөө энэ нь судлаач, эрдэмтэд, улс төрчдөөс гадна энгийн иргэд хүртэл буруу гэж үзсээр ирсэн. Үүнийг нэг талд нь гаргаж цэг тавих цаг нь болсон гэж бодож байна.

Гурав дахь нь хотын статусын асуудал нь мөн л олон жил яригдаж байна. Үндсэн хуулийн дагуу Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөн байгуулах үед өмнөх хот гэж нэрлэгдэж байсан газрууд зарим нь аймаг, зарим нь сум болон зохион байгуулагдсан. Гэтэл хот, тосгон нь оршин суугчиддаа үйлчлэх захиргааны тусгай чиг үүрэг бүхий хуулийн этгээд юм. Жишээ нь, улсын зэрэглэлтэй хот байсан Дархан, Эрдэнэтэд энэхүү асуудал үүсч, оршин суугчдын зүгээс ч байнга санал, хүсэлт гарч байдаг. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нутаг дэвсгэртэй, хилийн цэстэй, харин хот нь эдэлбэр газартай байдаг, мөн нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь Засаг дарга байдаг бол хотын удирдлага нь Захирагч байна гэх зэргээр хотыг нутаг дэвсгэрийн нэгжээс ялгах онцлогууд байна. Ийм учир хот, тосгоны эрх зүйн байдлыг тусгайд нь зохицуулах хэрэгцээ шаардлага байна. Мөн Баг, хорооны иргэдийн нийтийн Хурлаас баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлж, дээд шатны Засаг дарга нь томилдог Үндсэн хуулийн заалттай холбоотой. Иргэдийн нийтийн Хурлаар баг хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх хурлын үйл ажиллагаа нь бидний ярьдгаар ах, дүүс, эхнэр нөхөр, гэр бүлээрээ намчирхан хоорондоо талцах байдлыг үүсгэж байгаа юм. Ийм учир энэ асуудлыг мөн нэг талд нь гаргаж ард нийтээсээ асуух нь зөв гэж үзэж байгаа юм.

 

Өнөөдөр сонин, 2018.01.08, № 004, Н.Номин

 





Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.