180-аас доошгүй хоногийн өмнө бүртгүүлсэн нам нөхөн сонгуульд оролцоно

Хэвлэх

УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарласантай холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

 

УИХ-ын гишүүний нөхөн сонгууль зарлагдлаа. Зохион байгуулалтын хувьд СЕХ-ноос ямар ажил хийгдэх вэ?

 

УИХ-н гишүүний нөхөн сонгуулийг УИХ товлон зарлаж санал авах өдрийг тогтоолоо. СЕХ-ны хувьд хуралдаанаа хийж нөхөн сонгуулийг зохион байгуулах төлөвлөгөө, цаг хугацааны хуваарийг нэн даруй батлана. Мөн сонгогчдын нэрийн жагсаалт, сонгуулийн хороодыг байгуулах гээд цаг хугацаатай ажлууд ойрын үед хуульд заасны дагуу хийгдэнэ.

 

Орон нутгийг сонгуулийн хороодыг хэдийд байгуулах вэ?

 

Сонгуулийн Ерөнхий Хороо аймгийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө байгуулна гэж хуульчилсан. 7 дугаар сарын 29-ны өдрөөс өмнө байгуулна.

Харин аймгийн сонгуулийн хороо нь сумын сонгуулийн хороогоо санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө буюу 8 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө байгуулна.

 

Энэ нөхөн сонгуульд ямар нам, эвсэл оролцох боломжтой вэ?

           

Сонгуулийн тухай хуульд зааснаар санал авах өдрөөс  180-аас доошгүй хоногийн өмнө Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн нам УИХ-н сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй. Мөн намууд эвсэл байгуулж оролцож болно. Эвсэлд нэгдсэн бүх намууд санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө УДШ-д бүртгүүлсэн байх шаардлагатай.

Нам эвсэл нь УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн тухай хуульд заасан бичиг баримтын хамт санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу 8 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлсэн байх шаардлагатай.

Сонгуулийн Ерөнхий Хороо нам, эвслийн баримт бичгийг хүлээн авч 8 дугаар сарын 12-ны өдрийн дотор бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

 

Нэр дэвшүүлэх ажиллагаа хэдийд явагдах вэ?

 

Нэр дэвшүүлэх ажиллагаа нам эвсэл бүртгүүлж батламжаа авсны дараа эхэлнэ. Нам эвслээс нэр дэвшигч нь 9 дүгээр сарын 07-ны өдрийн дотор хуульд заасан холбогдох баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлэх ёстой. Харин бие даан нэр дэвшүүлэгч нь 9 дүгээр сарын 09-ны өдрийн дотор хуульд заасан холбогдох бичиг баримтыг Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлнэ. Нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг 9 дүгээр сарын 14-ны дотор Сонгуулийн Ерөнхий Хороо шийдвэрлэнэ.

 

Нөхөн сонгуулиар нэр дэвшигчид сурталчилгаа хийх үү?

 

Нэр дэвшигчид сурталчилгаа хийнэ. Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана. Сонгуулийн сурталчилгаа 9 дүгээр сарын 19-нд эхэлж 10 дугаар сарын 06-ны өдрийн 00.00 цагт дуусна. Ер нь нөхөн сонгуулийн сурталчилгааны хугацаа, хэлбэр ээлжит сонгуультай адил гэж ойлгож болно.

 

Сонгуулийн санал авах ажиллагааны цаг хугацаа бас ээлжит сонгуультай адил байх уу?

 

Нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа нь ээлжит сонгуулийн санал авах ажиллагаатай адил байна. Сонгогчдын саналыг 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатарын цагаар 07.00-22.00 цаг хүртэлх хугацаанд тухайн тойрогт хамаарах сонгуулийн санал авах байранд авна. Харин санал авах өдрийн урд өдөр буюу 10 дугаар сарын 06-ны өдрийн 09.00-20.00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа явагдана. Дараах хүмүүсээс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналыг нь авна.

 

Саяханы нөхөн сонгуулиар сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй тохиолдолд дахин санал хураах ажиллагаа явагдаж байсан. Энэ нь нөхөн сонгуульд хамаарах уу?

 

Хамаарна. Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна. Нэмэлт санал хурааалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож саналаа өгнө.

Иймд сонгогчид маань сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөх, холбогдох сонгуулийн хороод сонгогчдыг идэвхтэй оролцуулах талаар ажиллах шаардлагатай.

 

УИХ-ын нөхөн сонгуультай хамт орон нутгийн нөхөн сонгууль явагдах уу?

 

Сонгуулийн тухай хуульд УИХ-ын болон орон нутгийн бүх шатны нөхөн сонгуулийг жилд хоёр удаа нэгдсэн журмаар явуулахаар хуульчилсан.

Сонгуулийн тухай хуульд нөхөн сонгууль гэж УИХ-н гишүүн, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах сонгуулийг хэлнэ гэж заасан. Орон гарсан гэдэгт чөлөөгдсөн, эгүүлэн татагдсан, нас барсан гэх зэргийг хамааруулахаар хуульд заасан.

Тэхээр орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн орон гарсан аймаг, сумдад 10 дугаар сарын 07-ны өдөр нөхөн сонгууль явагдана. Орон нутгийн нөхөн сонгуулийг тухай шатны ИТХ-ын тэргүүлэгчдээс товлон зарладаг.

Зарим аймаг, сумдын нөхөн болон дахин сонгууль нь аравдугаар сарын эхний Ням гараг буюу 10 дугаар сарын 07-нд явагдана. Тухайлбал, Дорноговь, Сүхбаатар, Орхон аймгуудад ИТХ-ын төлөөлөгчиийн нөхөн болон дахин сонгууль явагдана. Мөн Дорнод аймгийн Булган, Чулуунхороот, Дашбалбар, Гурванзагал, Дорноговь аймгийн Сайншанд, Улаанбадрах, Алтанширээ, Завхан аймгийн Алдархаан, Баянтэс, Булган аймгийн Орхон, Говь-Алтай аймгийн Төгрөг сумдад нөхөн болон дахин сонгууль явагдах тухай мэдээг урьдчилсан байдлаар аваад байна.

Иймд УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болон орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн нөхөн сонгуулиуд нь 10 дугаар сарын 07-ны өдөр явагдана.

 

Б.Уран. “Өнөөдөр”. 2018.07.02, № 127





Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.