Сонгуулийн хороодын хооронд цахим баримт бичгийг дамжуулан өгөх, хүлээн авах, шалгаж бүртгэх, хадгалах, цахим гарын үсэг ашиглах журам №37

ХэвлэхDOC Татаж авахPDF Татаж авах


МОНГОЛ УЛСЫН

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ

ТОГТООЛ

 

 

2012 оны 5 дугаар                                                                                                       Улаанбаатар

сарын 07-ны  өдөр                                 Дугаар 37                                                хот

 

 

Сонгуулийн хороодын хооронд цахим баримт бичгийг

дамжуулан өгөх, хүлээн авах, шалгаж бүртгэх, хадгалах,

цахим гарын үсэг ашиглах журам батлах тухай

 


 

 

            Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос ТОГТООХ нь:

            1. “Сонгуулийн хороодын хооронд цахим баримт бичгийг дамжуулан өгөх, хүлээн авах, шалгаж бүртгэх, хадгалах, цахим гарын үсэг ашиглах журам”-ыг хавсралтаар баталсугай.

           

 

 

ДАРГА                                                                      Н.ЛУВСАНЖАВ

 

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                                                                                                                                                                Ч.СОДНОМЦЭРЭН

 

 

                                                                               Сонгуулийн Ерөнхий Хорооны   

                                                                      2012 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн

                                                                              37 дугаар тогтоолын хавсралт    

 

 

СОНГУУЛИЙН ХОРООДЫН ХООРОНД ЦАХИМ БАРИМТ БИЧГИЙГ

ДАМЖУУЛАН ӨГӨХ, ХҮЛЭЭН АВАХ, ШАЛГАЖ БҮРТГЭХ,

ХАДГАЛАХ, ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ АШИГЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

            1.1. Энэхүү журмаар Сонгуулийн ерөнхий хороо, сонгуулийн бүх шатны хороодын хооронд цахим баримт бичгийг дамжуулах, түүнийг хүлээн авах,  шалгаж бүртгэх, бүртгэсэн баримт бичгийг сонгуулийн автоматжуулсан системийн мэдээллийн санд хадгалах, тоон /цахим/ гарын үсэг ашиглах зэрэг үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.

 

1.2. Сонгуулийн автоматжуулсан систем ашиглан үйлдсэн цахим баримт бичигт зохих албан тушаалтан цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

 

1.3. Тоон гарын үсгийн түлхүүрийг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв /цаашид “Мэдээллийн технологийн төв” гэх/-өөс сонгуулийн холбогдох хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт олгож, энэ тухай тусгай бүртгэл хөтөлнө.

 

1.4. Тоон гарын үсгийн түлхүүрийг ашиглах зааврыг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал батална.

 

Хоёр. Сонгуулийн хороодын хооронд дамжуулах

         цахим баримт бичиг, түүнийг шалгах

 

2.1. Сонгуулийн хороод дараах баримт бичгийг цахим хэлбэрээр бэлдэнэ:

 

            2.1.1. сонгуульд оролцогч нам, эвслийн жагсаалт, нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт;

            2.1.2. санал хураалтын ирцийн мэдээ;

2.1.3. санал тоолох төхөөрөмжийн санал хураалтын дүнгийн тайлан;

            2.1.4. санал тоолох төхөөрөмжийн CF карт /compact flash/ дахь саналын хуудасны зурган мэдээлэл;

2.1.5. санал хураалтын дүнгийн тухай холбогдох сонгуулийн хорооны тогтоол;

2.1.6. сонгуулийн нэгдсэн дүн;

2.1.7. хууль тогтоомжид заасан бусад мэдээлэл.

 

2.2. Энэ журмын 2.1-д заасан цахим баримт бичгийг бэлдэхдээ дараах мэдээллийг шалгана:

 

2.2.1. тухайн цахим баримт бичгийг үйлдэхдээ эх болгон ашигласан мэдээллийн эх үүсвэрийн бодит байдлыг нягтлах;

2.2.2. цахим баримт бичгийн бүрдүүлбэр бүрэн эсэх, түүнд тусгагдсан тоон мэдээллүүдийн уялдаа, нэгтгэл үнэн зөв эсэхийг шалгах.

 

Гурав. Цахим баримт бичгийг дамжуулах

 

3.1. Сонгуулийн хороод цахим баримт бичгийг үйлдсэний дараа тоон гарын үсгийн түлхүүрийг ашиглан тухайн баримт бичгийг дамжуулахад бэлтгэн нууцална.

3.2. Хэсгийн хороод санал тоолох төхөөрөмжөөс санал хураалтын үр дүнг Мэдээллийн технологийн төвийн сонгуулийн үр дүнг нэгтгэх зориулалтын серверт дамжуулна.

 

3.3. Нууцалсан цахим баримт бичгийг цахим хэлбэрээр дамжуулах ажиллагааны талаарх тэмдэглэлийг тухайн хорооны мэдээллийн технологийн ажилтан хөтлөх ба энэ тухай сонгуулийн хорооны даргад танилцуулна.

 

3.4. Цахим баримт бичгийг сонгуулийн хууль тогтоомжийн дагуу сонгуулийн хороодын хооронд дамжуулах ажиллагааг дараах байдлаар гүйцэтгэнэ:

 

3.4.1. уг баримт бичгийг тухайн сонгуулийн хорооны даргын өгсөн үүргийн дагуу сонгуулийн автоматжуулсан системийн ажиллагааг хариуцсан мэдээллийн технологийн ажилтан зөвшөөрөгдсөн технологийн дагуу сонгуулийн хороодод дамжуулна;

3.4.2. цахим баримт бичгийг сонгуулийн хороодын хооронд дамжуулсан өдөр, цаг минут, баримт бичгийн нэрийг тусгасан тэмдэглэлийг цаасан дээр хэвлэн гаргаж, түүнд уг дамжуулах ажиллагааг гүйцэтгэсэн мэдээллийн технологийн ажилтан, тухайн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, сонгуулийн баримт бичгийн бүртгэлд бүртгэн хадгална;

3.4.3. цахим баримт бичгийг дээд шатны сонгуулийн хороонд дамжуулж, энэ тухайгаа утсаар мэдэгдэнэ. Шаардлагатай тохиолдолд цахим баримт бичгийг дамжуулах тухайгаа урьдчилан мэдэгдэнэ.

 

3.5. Сонгуулийн хороодын хооронд цахим баримт бичиг дамжуулахдаа тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авах үүрэгтэй бөгөөд тоон гарын үсгийн түлхүүрийг бусдад дамжуулахыг хориглоно.

 

3.6. Цахим баримт бичиг дамжуулах ажиллагаанд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан хяналтын хэсэг хяналт тавина.

 

Дөрөв. Цахим баримт бичиг хүлээн авах

 

4.1. Хэсгийн хороодын санал тоолох төхөөрөмжөөс дамжуулж буй санал хураалтын үр дүн Мэдээллийн технологийн төвийн сонгуулийн үр дүнг нэгтгэх зориулалтын серверт нэгтгэгдэнэ.

 

4.2. Мэдээллийн технологийн ажилтан цахим баримт бичгийг хүлээн авч, энэ тухай тэмдэглэл үйлдэн, тухайн сонгуулийн хорооны нарийн бичгийн даргад танилцуулна.

 

4.3. Энэ журмын 4.2-т заасан тэмдэглэл, хүлээн авсан цахим баримт бичгийг хэвлэж, түүнд уг баримт бичгийг хүлээн авсан мэдээллийн технологийн ажилтан гарын үсэг зурж, сонгуулийн баримт бичгийн бүртгэлд зохих журмын дагуу бүртгэн хадгална.

 

Тав. Цахим баримт бичиг хадгалах

           

            5.1. Санал хураалтын үр дүнгийн тоон мэдээлэл, саналын хуудасны зурган мэдээллийг санал тоолох төхөөрөмжийн 2 ширхэг CF картанд хадгална.

 

            5.2. Энэ журмын 3.2-т заасны дагуу дамжуулсан мэдээллийг Мэдээллийн технологийн төвийн сонгуулийн үр дүнг нэгтгэх зориулалтын серверт хадгална.

 

            5.3. Энэ журмын 5.2-т заасны дагуу хадгалагдсан мэдээллийг CF картнаас Мэдээллийн технологийн төвийн зориулалтын серверт дамжуулан хадгалж, бүртгэл хөтөлнө. Энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.

 

            5.4. Сонгуулийн холбогдоххороодоос ирүүлсэн цахим баримт бичгийг Мэдээллийн технологийн төвийн зориулалтын серверт хадгална.

 

Зургаа. Тоон гарын үсэг ашиглах

 

           6.1. Мэдээллийн технологийн төв холбогдох сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргад тус тус тоон гарын үсгийн түлхүүрийг санал авах өдрөөс 5 хоногийн өмнө хүргүүлсэн байна.

 

           6.2. Санал хураалтын дүнгийн тухай холбогдох сонгуулийн хорооны тогтоолын цахим хувийг дамжуулахдаа энэ журмын 6.1-т заасан тоон гарын үсгийн түлхүүрийг ашиглана.

 

           6.3. Тоон гарын үсгийн түлхүүрийг ашиглаж дамжуулсан цахим баримт бичгийг Мэдээллийн технологийн төв хүлээн авч хэвлэн Сонгуулийн ерөнхий хороонд  хүлээлгэн өгнө.  

 

/Энэ журамд Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 153, 2013 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаар тогтоолоор орсон нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгав./

 

 

---оОо---

 

 

 

 

 





Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.