Гадаад улсад амьдарч буй Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нам, эвслийн төлөө саналаа өгнө

Хэвлэх
 

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд зааснаар гадаад улсад амьдарч буй монгол иргэд анх удаа парламентад суух төлөөллийг сонгох эрхийг ирэх зургадугаар сард болох УИХ-ын сонгуулиар эдлэх болж байна. Гэхдээ тэд намд саналаа өгнө. Тодруулж хэлбэл, пропорцианаль тогтолцоогоор саналаа өгнө гэсэн үг юм. Мөн хуульд заасны дагуу гадаад дахь монголчуудын санал авах өдрийг ирэх зургадугаар сарын 10-ны өдрийг гэж тогтоон, энэ өдрийн 07.00-20.00 цагт хүртэл хүлээж авах болж байна. Ингэхдээ тухайн улс орон дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт очиж, сонгогчид саналаа өгөх үүрэг хүлээж буй юм. Үүнээс гадна тэд санал авах өдрөөс 30 хоногийн өмнө буюу тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн өөрийн оршин суугаа улс дахь Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очиж, сонгуульд оролцохоо мэдэгдэн, бүртгүүлэх үүрэг хүлээгээд байна. Бүртгэлийн ажил эхэлж буйтай холбоотойгоор өнгөрсөн баасан гаригт Гадаад харилцааны яамнаас сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Гадаад улсад амьдарч байгаа сонгогчдыг бүртгэх ажил эхэлж байна. Бүртгэл хэднийг хүртэл үргэлжлэх болж байна вэ?

-Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн санал авах өдрийг ирэх зургадугаар сарын 10-ны өдрийн ням гаригт байна гэж УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан.  Үүнтэй холбоотойгоор Монгол Улсаас хилийн чанадад суугаа нийт дипломат төлөөлөгчийн газруудад энэ сарын 11-30-ны өдрийг дуустал орон нутгийн цагаар 09.00-18.00 цагийн хооронд сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх ажлыг эхлүүлээд байна. Иргэд өөрийн оршин суугаа оронд байгаа Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, Консулын газарт өөрийн иргэний үнэмлэх, эсвэл гадаад паспортаа түүний хуулбарын хамт авчран санал өгөхөө урьдчилан мэдэгдэж бүртгүүлэх юм.


-Саналын хуудсыг битүүмжлэн Монголд авчирна гэж яриад байгаа. Процедур нь ямар журмаар явах юм бэ? 


-Саналын хуудсыг сонгогч зохих ёсоор нь тэмдэглэсний дараа дугтуйнд хийж битүүмжлэн саналын хайрцагт хийнэ. Дотоодод өгч байгаа саналаас ялгаатай нь энэ. Хэрвээ дугтуйг онгойлговол урагдах битүүмжлэлтэй. Тэгэхээр дугтуйнд хийсэн, бас битүүмжилсэн хайрцагт хадгалагдсан саналын хуудсыг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ гэсэн үг. Нэг ёсны Монгол руу шууд авчран Сонгуулийн ерөнхий хороо дүнг гаргана гэж ойлгож болно.

-Гадаад дахь монголчуудын хувьд пропорцианаль тогтолцоогоор саналаа өгөх болж байгаа. Энэ тохиолдолд нам эвслүүд сонгуулийн сурталчилгаагаа яаж хийх вэ?

-Сонгуулийн сурталчилгааг Дипломат төлөөлөгчийн газар болон тухайн оронд явуулахыг хориглосон. Тэгэхээр цахим хуудсаар дамжуулан сурталчилгаагаа хийнэ гэсэн үг. Үүнийг ч хуульд зөвшөөрсөн байгаа.


-Консулын газар байхгүй газарт гадаад дахь монголчууд яаж саналаа өгөх вэ. Ийм асуудал нэлээд яригдах боллоо?

-Ийм бэрхшээл гарч байна,  манай дипломат төлөөлөгчийн газруудаас ч асуудлыг тавьж байна. Жишээ нь, Турк улсад гэхэд манай улсын Элчин сайдын яам Анкара хотод байрладаг. Гэтэл Анкарагаас 500 гаруй километрийн зайд байрлах Истанбул хотод иргэдийн нэлээд хэсэг нь амьдарч, сурч байх жишээтэй. Тийм учраас манай комисс энэ асуудлыг авч үзээд Сонгуулийн ерөнхий хороонд албан тоот явуулсан. Сонгуулийг консулын газраас өөр газар зохион байгуулна гэхээр хүн хүч, байр савны асуудал үүсч байгаа. Сонгуулийг заавал салбар комиссын гишүүн очиж зохион байгуулах ёстой. Гэтэл манай зарим Элчин сайдын яаманд 4-5 хүн л байдаг. Сонгуулийн ерөнхий хороо үүнд хариулт өгөх байх.


-Хууль бусаар амьдарч байгаа зарим иргэдийн хувьд санал өгөх тал дээр асуудал үүсэх тал байж болох юм.

-Тэд санал өгөх эрх нь нээлттэй, гол нь  иргэний үнэмлэхтэйгээ ирэх ёстой. Дээр нь  урьдчилан бүртгүүлсэн байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа.

-Иргэний шинэчилсэн бүртгэлийг өнгөрсөн жил гадаадад зохион байгуулсан.  Урьдчилсан байдлаар сонгуулийн насны хэчнээн иргэн гадаадад амьдарч байна гэсэн тоо гарсан бол?

-Манай консулын газрын мэдээллээр бол гадаадад байгаа монголчууд 112862 байна гэж гарсан. Олонхи нь АНУ, БНСУ-д амьдарч байна. Харин өнгөрсөн жил хийсэн шинэчилсэн бүртгэлээр 27735 иргэн бүртгэгдсэн. Нийт иргэдийн 24.5 хувь нь шинэчилсэн бүртгэлд хамрагдсан. Хамгийн сүүлийн буюу энэ сарын 1-ний мэдээллээр бүртгэлд 35 мянган иргэн хамрагдсан байгаа. Цаашид нэмэгдэнэ гэж ойлгож байгаа, учир нь шинэчилсэн бүртгэл үргэлжлэн хийгдэж байгаа болохоор. Мөн гадаад дахь монголчуудын хувьд сонгууль өгөх бүртгэл хийлгэхдээ ч шинэчилсэн бүртгэлд хамруулахаар ажиллаж байгаа гэдгийг онцлон хэлье.

-Сонгогчдын хувьд санал өгөхдөө юуг анхаарах шаардлагатай байгаа вэ?

-Санал өгөх үеэр хориглох зүйл гэж байна. Нэгдүгээрт, бусад хүний бичиг баримтаар санал өгөхийг хориглосон. Хоёрдугаарт, санал өгөх байранд саналын хуудас авч орох, авч гарахыг зөвшөөрөхгүй. Гуравдугаарт, санал тэмдэглэсэн хуудсаа бусдад харуулах, саналын хуудасныхаа зургийг авах, дүрс бичлэг хийхийг хориглосон. Мөн санал өгөхдөө бусдаас амлалт авах, мөнгө төгрөг авах нь хориотой гэдгийг сонгогчиддоо бас анхааруулъя. Энэ бүхнийг УИХ-ын Сонгуулийн тухай хуульд хориглосон. Хэрвээ хууль зөрчвөл хариуцлага хүлээлгэнэ гэж заасан.


                                      





Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.