Сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахгүй байхыг анхааруулсан

Хэвлэх



Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч. Содномцэрэнтэй уулзаж, сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар ярилцав.


- Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ?

-  Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль батлагдсан өдрөөс эхлэн сонгуулийн бэлтгэл ажил эхэлсэн. Тухайлбал, сонгогчдын санал авч тоолох хэсгийг 9 дүгээр сарын 17-ноос өмнө байгуулах ажлыг зохион байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг сонгогчдод зарлах зэргээр бэлтгэл ажил  эхэлсэн бөгөөд улмаар  хуульд заасан бусад ажлууд түүний дотор  Аймаг, дүүрэг, сумын сонгуулийн хороод бүгд хугацаандаа байгуулагдаж хууль журмын дагуу төлөвлөгөөт ажлаа хийж байна.

- Энэ удаагийн  сонгуульд хэдэн нам, эвсэл өрсөлдөх вэ?

-  Сонгуульд  7 нам буюу МАН, АН, ИЗНН, МАХН, МҮАН, Эх Орон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, түүнээс гадна МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл, МАХН-ИЗНН-ын Иргэний шударга ёс эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлж, тус тус бүртгүүлж батламжаа аваад байна.

- Нэр дэвшигчдийн тухайд?

-  Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодод 19400-гаад нэр дэвшигч бүртгэгдсэн байна. Тэдгээрийн 30 хувь нь эмэгтэйчүүд байгаагаас гадна  893 хүн бие даан нэрээ дэвшүүлжээ. Бие даан нэрээ дэвшүүлсэн хүмүүсийн дийлэнх нь буюу 883 нь аймаг, сумдад,  харин  дүүргүүдэд ердөө 10 хүн бие даан нэрээ дэвшүүлсэн байна.

- Ер нь хэдэн мандатын төлөө ийм олон хүн өрсөлдөх гэж байна вэ?

- Энэ удаагийн аймаг, сум, дүүргийн ИТХ-ын нийт суудлын тоо 8108 байгаа. Үүнээс аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн суудлын тоо 745, дүүргийнх 295, сумынх 7068 байна гэсэн үг.

- Орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуультай адил холимог тогтолцоотой гэсэн. Тэгэхээр бас намын жагсаалтаар төлөөлөгч орж ирэх үү?

- Дээр дурьдсан нийт суудлын 5241 нь мажоритар хэлбэрээр сонгогдоно. Харин үлдэж байгаа 2779 суудлыг хувь тэнцүүлэх хэлбэрээр хуульд заасны дагуу хуваарилж төлөөлөгчдийг сонгоно. Сонгуулийг  холимог хэлбэрээр явуулна.

- Нам, эвслүүд нэр дэвшигчээ татаад өөр хүнийг нөхөн дэвшүүлсэн тохиолдол гарсан  уу?

-   Нэр дэвшигч нас барсан, эсвэл шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд нам, эвсэл нь өөр хүний нэрийг нөхөн нэр дэвшүүлж болно гэж хуульд заасан бөгөөд энэ тухай шийдвэрээ санал авах өдрөөс 35-аас доошгүй хоногийн өмнө ирүүлж, холбогдох журмын дагуу бүртгүүлсэн байна. Энэ хугацаа 10 дугаар сарын 17-ноор дууссан.  Нэр дэвшигч нас барсан ганц хоёр тохиолдол гарсан.

- Нэр дэвшигчид хэзээ сурталчилгаагаа хийж эхлэх вэ?

- Хуульд нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх заалт байгаа. Үнэмлэх авсан өдрөөсөө л эхлүүлж болно гэсэн үг.

- Нэр дэвшигчид хэзээ үнэмлэхээ авах вэ?

- Санал авах өдрөөс 15 хоногийн өмнө буюу 11 дүгээр сарын 16-ны өдөр аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо нэгдсэн журмаар үнэмлэх олгоно.

- Нэр дэвшигчдийн сурталчилгаа хэд хоног явагдах вэ?

- УИХ-ын сонгуультай харьцуулахад цөөхөн хоног сурталчилгаа явагдана. Хуульд зааснаар нэр дэвшигчид 14 хоногийн сурталчилгаа явуулах хугацаа байгаа.

- Сурталчилгаа нь зөвшөөрснөөс бусдыг хориглох зарчимд үндэслэнэ гэж хуульд заажээ ?

- Тийм ээ. Хуульд нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид сурталчилгааг зөвшөөрсөн ямар арга, хэлбэрээр явуулах эрхтэйг зааснаас гадна аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор  ямар үйлдэл, үйл ажиллагааг хориглосныг тодорхой тусгасан байгаа билээ. Тухайлбал, сонгогчдод мөнгө, эд зүйл тараах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлагийн тоглолт, хүлээн авалт зохион байгуулах, амралт сувилалд явуулах, ажлын байранд зуучлах гээд хориглосон заалтууд орсон. Мөн сонгогчдын саналыг худалдан авахад чиглэсэн аливаа үйл ажиллагаа явуулах, төрийн албан хаагч болон насанд хүрээгүй хүүхдийг татан оролцуулах, бусдыг гүтгэх, доромжлохыг хориглосон хатуу заалтууд орсон.

- Эдгээрийг зөрчсөн тохиолдолд  ямар хариуцлага хүлээх вэ?

-  Нотлох баримтаар тогтоогдсон бол түүнийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасна гэж хуулийн 34.15-д заасан. Иймд нэр дэвшигчид, нам, эвслүүд хуулиа чанд мөрдөж сурталчилгаагаа хийх хэрэгтэй гэдгийг энд онцолж хэлмээр байна.

- Сурталчилгаандаа цахим хуудас, мессеж ашиглаж болох уу?

- Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид нь сонгуулийн сурталчилгаандаа бие даасан цахим хуудас, олон нийтэд зориулсан мессеж ашиглах мөн сонгуулийн сурталчилгааны материалыг цахим шуудангаар сонгогчдод илгээж болно. Харин цахим хуудас болон мессеж нь улс төрийн чансаа тогтоох, аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах зорилготой байж болохгүй. Үүнийг хуулиар хориглосон.

- Санал авах өдөр амрах уу?

- Санал авах өдөр нь сонгуулийн жилийн арван нэгдүгээр сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гариг байна. Бүх нийтээр амарна. Саналыг санал авах өдрийн 07 цагаас  22 цаг хүртэл санал авах байранд  авна гэсэн хуулийн заалттай. Санал авах өдөр энэ сарын 21-ний өдөр тохиож байна.

- Санал авах хэдэн хэсэг ажиллах вэ?

- Аймаг, сум, дүүргийн хэмжээнд санал авах, дүн гаргахаар 2010 хэсэг байгуулагдан ажиллаж байна. Хэсгийг сонгогчийн тоотой уялдуулж байгуулдаг. Тухайлбал, нэг хэсэг нь суманд 2000 хүртэл, аймгийн төвд 2500 хүртэл, дүүрэгт 3000 хүртэл сонгогчтой байна. 

- Энэ удаагийн сонгуульд автомат машин хэрэглэх үү?

- Сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх талаар шийдвэр гаргах эрх нь хуулиар УИХ-д байдаг. Хуульд заасан энэ эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурал 9 дүгээр сард 33 дугаар тогтоол гаргаж, Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын 2012 оны сонгуульд автоматжуулах техник хэрэгсэл хэрэглэхийг зөвшөөрсөн. Иймд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, УИХ-ын 33 дугаар тогтоолд заасны дагуу энэ удаагийн сонгуульд автоматжуулах техник хэрэгсэл ашиглана.

- Хэсэг бүрт автомат машин хүрэлцээтэй юу?

- Хүрэлцээтэй. Сонгуулийн ерөнхий хороонд 2500 ширхэг ICP машин байна. 2010-ыг нь хуваарилахад 490 ширхэг машин үлдэнэ. Үүнийг сонгогч олонтой хэсгүүдэд нэмж хуваарилаад нөөцөд цөөн тооныхыг авч үлдэнэ. Машин эвдэрсэн, гацсан тохиолдолд нөөцөд авч үлдсэн машинаа ашиглахаар төлөвлөж байна.

- Саналын хуудасны загвар ямар байх вэ?

- Саналын хуудасны загварыг Сонгуулийн ерөнхий хороо баталж аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодод явуулаад нэр дэвшигчдийн нэрийг нь бичүүлж авсан. Нэр дэвшигчдийн болон нам, эвслийн нэрийг тулгаж нягтлах ажлыг дуусгаад хэвлэлтэнд шилжүүлээд байна. Загварын хувьд УИХ-ын сонгуулийн саналын хуудастай ойролцоо. Аймаг, сумын ИТХ-д нэр дэвшигчид саналын хуудасны нэг нүүрэн дээр бичигдэнэ. Саналын хуудасны дээд хэсэгт аймгийн ИТХ-д нэр дэвшигчид, нам, эвслийн нэр, доод хэсэгт нь сумын ИТХ-д нэр дэвшигчид, нам, эвслийн нэр бичигдэнэ.

- Саналын хуудсыг аймаг, сум, дүүргүүд хийхдээ алдаа гаргаж байгаа тухай Та өмнө нь ярьж байсан?

- Аймаг, сум, дүүргээс баталгаажуулаад ирүүлж байгаа саналын хуудсыг Сонгуулийн ерөнхий хороо нягталж шалгаад алдааг засах зөвлөгөө өгч ажилласан. Хэд хэдэн төрлийн алдаа гарч байна. Ялангуяа нэр дэвшигчдийн овог, нэрийг буруу ташаа бичсэн тохиолдол  олонтаа гарч байна. Алдаа гаргасан аймаг, сум, дүүргийн хороод хариуцлагаа хүлээх ёстой. Саналын хуудсыг хуваарийн дагуу аймаг, дүүргийн сонгуулийн хороод хэвлүүлж байна. Тиймээс саналын хуудас хэвлэгдсэний дараа аливаа алдааг засах боломжгүй болно.

- Зарим аймаг, сумын сонгуулийн хороод нэр дэвшигчдийг бүртгээгүй, хассан тухай гомдол хэвлэл мэдээллээр гарч байсан?

- Нам, эвсэл, нэр дэвшигчдийг хассан тухай гомдол аймаг, сум, дүүргийн хороодод ирж байгаа тухай мэдээлэл манай Хороонд ирж байна. Сонгуулийн ерөнхий хороо энэ талаар сонгуулийн хороодод 3 удаа зөвлөмж хүргүүлж, хуульд заагаагүй үндэслэлээр нам, эвсэл, нэр дэвшигчдийг хасахгүй байх, иргэний сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахгүй байхыг анхааруулсан.

- Хэдэн төрлийн хэдэн ширхэг саналын хуудас хэвлэгдэх вэ?

- Аймаг, дүүргийн сонгуулийн хороод саналын хуудасны тоогоо баталж Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн. Нийтдээ 1.8 сая гаруй саналын хуудас хэвлэгдэнэ. Саналын хуудсыг тухайн аймаг, дүүргийн сонгуулийн хороо хариуцаж хэвлүүлэх, хүргүүлэх ажлыг зохион байгуулна. Аймаг, сум, дүүргээр нь тооцоход нийтдээ 1740 төрлийн саналын хуудас болж байна. УИХ-ын сонгуулиар 26 төрлийн саналын хуудастай байсан.

- Санал тэмдэглэхэд юунд анхаарах вэ?

- Саналын хуудас тус бүрт заавар бичигдсэн байгаа. Сонгогч саналаа өгөхдөө саналын хуудасны зааврыг сайн уншиж тэмдэглэгээ хийх хэрэгтэй. Саналын хуудасны зааварт хэдэн нэр дэвшигчийн өмнөх дугуйг дүүргэн будахыг тодорхой бичсэн байгаа. Харин бүх саналын хуудаст нэг нам, эвслийн нэрийн өмнөх дугуйг дүүргэн будаж тэмдэглэх заавар бичигдсэн.

- Сонгогч саналаа урьдчилж өгч болох эсэх талаар хүмүүс их асуух юм?

- Хуульд сонгогч саналаа урьдчилан өгөх заалт байхгүй. Харин санал авах өдрийн өмнөх өдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах заалт бий. Гэхдээ зөвхөн биеийн эрүүл мэндийн байдлын улмаас саналаа очиж өгч чадахгүй сонгогч, мөн нийтийн дайчилгаанд хамрагдсан сонгогч, баривчлагдсан, саатуулагдсан, цагдан хоригдсон сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авна.

- УИХ-ын сонгуулиар санал хураалт дууссаны дараа хяналтын тооллого хийж байсан, энэ сонгуулиар хяналтын тооллого хийгдэх үү?

- Санал хураалт дуусч, санал хураалтын дүнгийн тухай тогтоол гарсны дараа хяналтын тооллогыг хэсгийн хороо гараар тоолж хийнэ. Хяналтын тооллогыг 2 хэсэгт  санамсаргүй сонголтоор буюу сугалах аргаар сонгож хийх ёстой. Энэ нь санал авах, тоолох машины үйл ажиллагааг баталгаажуулж, машинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, элдэв хардалт сэрдэлтийг багасгах сайн талтай болох нь өнгөрсөн УИХ-ын сонгуулийн хяналтын тооллогоор нотлогдсон.

- УИХ-ын сонгуулиар босго хувьд хүрээгүйгээс 2 тойрогт дахин санал хураалт явуулах болсон. Орон нутгийн сонгуульд ийм босго бий юу?

- Босго хувь байхгүй. Сум, баг, хороонд хамгийн олон санал авсан мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг тухайн аймаг, сум, дүүргийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцно.

- УИХ-ын сонгуулийн хоёр тойрог дахь дахин санал хураалт Орон нутгийн сонгуультай хамт явагдана. Дахин санал хураалт явуулах шийдвэр нь гарсан уу?

- Тойрогт санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчдийн тоо тухайн тойргийн мандатын тоонд хүрээгүй бол үлдсэн мандатад дахин санал хураалт явуулах хуулийн заалт бий. Дахин санал хураалт явуулах шийдвэрийг тойргийн хороо гаргах хуулийн заалттай. Тойргийн хорооны шийдвэрт санал авах өдөр, байрыг заасан байх ёстой. Одоогоор Сонгуулийн ерөнхий хороонд Баянзүрх дүүргийн УИХ-ын сонгуулийн 22 тойргийн хорооны шийдвэр ирээд, нэр дэвшигчдийнхээ нэрсийг саналын хуудсанд баталгаажуулаад байна. 22 дугаар тойргийн хорооны шийдвэрт 11 дүгээр сарын 21-ний өдөр буюу Орон нутгийн сонгууль явагдах өдөр дахин санал хураалт явуулахаар тусгасан байна лээ. Харин 26 дугаар тойргийн хорооны шийдвэр ирээгүй байна.

- УИХ-ын сонгуулийн дахин санал хураалт болон Орон нутгийн сонгуулийн саналын хуудас нэг байх уу?

- Саналын хуудас нь нэг байна. Саналын хуудасны дээд хэсэгт УИХ-ын сонгуулийн  тойргийн дахин санал хураалт, доод хэсэгт нь дүүргийн ИТХ-д нэр дэвшигчид, нам, эвслийн нэр бичигдэнэ.

 

          

 





Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.