Энэ сарын 22-ны өдөр нэр дэвшигчид үнэмлэх гардуулна

Хэвлэх
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхйилөгчид нэр дэвшүүлэх ажил дуусч, нэр дэвшигчийг бүртгэх  ажил  эхлэж байгаатай холбогдуулан  Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй уулзаж ярилцав.      

-Ерөнхийлөгчид хэдэн хүнийг нэр дэвшүүлээд байна вэ?

    -Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрх нь УИХ-д суудалтай намуудад байдаг. Үндсэн хуульд УИХ-д суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэрийг дэвшүүлнэ гэж заасан байдаг. Энэ дагуу УИХ-д суудал бүхий намууд нэр дэвшүүлэх ажиллагаагаа өнгөрсөн 7 хоногт хуулийн хугацаанд явууллаа. УИХ-д суудал бүхий гурван намаас 3 хүн нэр дэвшсэн байна. Одоогоор Сонгуулийн Ерөнхий Хороонд нэр дэвшигчдийн эрүүл мэндийн үзлэгт орсон тухай дүгнэлт ирээд байна. Эмнэлгийн дүгнэлтээс үзэхэд Ардчилсан Намаас Ц.Элбэгдорж, Монгол Ардын Намаас Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас Н.Удвал нар  эрүүл мэндийн үзлэгт орж улмаар эрүүл байна гэсэн дүгнэлт гаргажээ.

-Нэр дэвшигчид материалаа танайд ирүүлсэн үү?

        -Нэр дэвшүүлсэн нам нь нэр дэвшигчтэй холбогдсон материалаа Сонгуулийн Ерөнхий Хороонд хуульд заасан хугацаанд ирүүлэх ёстой. Одоогоор ирүүлээгүй байна.

-Материалаа ямар хугацаанд ирүүлэх ёстой вэ?

   -Энэ долоо хоногтоо багтаан нэр дэвшигчдийнхээ материалыг намууд Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлнэ. Энэ нь 5 дугаар сарын 13-наас 17 гэж ойлгож болно.

-Ямар ямар материал хүргүүлэх ёстой вэ?

      -Сонгуулийн Ерөнхий Хороонд нэр дэвшигчдийн талаар ирүүлэх материалын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодорхой заасан байдаг. Тухайлбал, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн тухай намын төв байгууллагын шийдвэр, тэмдэглэл, сонгуулийн мөрийн хөтөлбөр, намын дүрэм болон нэр дэвшүүлэх асуудлаарх намын дотоод журам зэрэг намаас бүрдүүлэх баримт материалууд байна. Нөгөө талаар нэр дэвшигч өөртэй нь холбоотой материалууд бий. Үүнд нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл, намтар, хөрөнгө, орлогын мэдүүлэг, төрсний гэрчилгээ, эцэг, эхийнх нь иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг гэх мэт. Эцэст нь холбогдох байгууллагаас нэр дэвшигчийн талаар гаргасан тодорхойлолт, дүгнэлт байх ёстой. Тухайлбал, нэр дэвшигчийн эрүүл болохыг нотлох эмнэлгийн дүгнэлт, ялгүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт, банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр болон хугацаа хэтэрсэн албан татварын өр төлбөргүй болох тухай эрх бүхий байгууллагын тодорхойлолт авсан байх ёстой.

-Танай Хороо баримт бичгүүдийг хүлээж аваад үзэж шалгах уу?

        -Баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий Хороо хүлээж аваад нягтлан шалгана гэж Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан. Энэ дагуу нягталж шалгана.

-Юу юуг нь шалгадаг юм бэ?

     -Нягталж шалгах ажиллагааг 3 үндсэн чиглэлээр хийнэ. Намаас ирүүлсэн бичиг баримт  үнэн зөв, гүйцэд эсэхийг шалгана. Мөн баримт бичгийн бүрдүүлэлт хуульд заасны дагуу гүйцэд байна уу гэдгийг нягтална. Үүнээс гадна нэр дэвшүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгана.

-Эдгээр шаардлагыг хангасан тохиолдолд  бүртгэнэ гэж ойлгож болох уу?

     - Тэгж ойлгож болно. Сонгуулийн Ерөнхий Хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор нэр дэвшигчээр бүртгэх эсэх тухай асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж шийдвэр гаргана.

-Шийдвэр гарчихвал нэр дэвшигчид үнэмлэхээ гардуулах уу?

       -Нэр дэвшигчид үнэмлэхийг нь санал авах өдрөөс 35 хоногийн өмнө нэгдсэн журмаар олгоно гэж хуульчлагдсан. Энэ нь 5 дугаар сарын 22-ны өдөр байна.

-Нэр дэвшигчийг нам нь татах, эсвэл өөрөө татгалзаж болох уу?

    -Энэ талаар хуулийн 27 дугаар зүйлд маш тодорхой заасан. Нэр дэвшигч Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэх авснаас хойш нам нь тухайн нэр дэвшигчийг татан гаргах, нэр дэвшигч өөрөө нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно гэж хуульчлагдсан байгаа.

-Тэгвэл нэр дэвшигчээ татаад, нөхөн нэр дэвшүүлж болохгүй гэсэн үг үү?

      -Үндсэндээ тийм гэж ойлгож болно. Харин хуульд 2 тохиолдолд нөхөн нэр дэвшүүлэхийг зөвшөөрсөн заалт бий. Нэгдүгээрт, нэр дэвшигч нь нас нөгчсөн, хоёрдугаарт, нэр дэвшигч нь шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болох заалт бий. Гэхдээ санал авах өдрөөс 30 хоногийн өмнө энэ тухай шийдвэрээ Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлж бүртгүүлж болох хуулийн заалттай.

-Нэр дэвшигчийг бүртгэхгүй байх үндэслэл бий юу?

     -Хуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэлийг заасан байдаг. Тухайлбал, хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй, нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй, баримт бичиг нь дутуу, эсвэл хуурамч байвал нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана гэсэн заалт хуульд бий.

-Нэр дэвшигч нь хэзээ сурталчилгаагаа эхлүүлэх вэ?

   -Нэр дэвшигч нь Сонгуулийн Ерөнхий Хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж болно. Сурталчилгаа хийхдээ нэр дэвшигч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн мөрийн хөтөлбөрөө тайлбарлан таниулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, холбогдох байгууллагаас шаардлагатай мэдээлэл, лавлагаа авах эрхтэй.

-Нэр дэвшигчийг хамгаалалтанд авна, авахгүй, зардал төсөв хүнд байна гээд байсан юу болсон бэ?

     -Нэр дэвшигчийг хамгаалалтанд авахаар хуульчлагдсан. Нэр дэвшигчийн хамгаалалтын зардлыг улсын төсвөөс гаргана гэж мөн хуульд заасан. Төсөв нь батлагдсан.




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.