Автоматжуулсан системийг богино хугацаанд өргөн уудам нутагт нэвтрүүлж чадсанд гайхаж байсан

Хэвлэх

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны ээлжит сонгуульд автоматжуулах техник хэрэгсэл хэрэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал Ж.Эрдэнэбаттай уулзаж ярилцлаа.

-Сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?

- Бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бөгөөд энэ хүрээнд сонгуулийн автоматжуулсан системийг хэрэгжүүлэх журам, заавруудыг шинэчлэн батлаад байна.

Түүнчлэн сонгуулийн программ хангамж болон саналын хуудасны загвар боловсруулах, хэвлэлтэд хяналт тавих, санал хураалтын үр дүнг дамжуулах, серверийг бэлтгэх, техникийн үйлчилгээ хийх ажлууд хийгдэж эхэллээ

Мөн санал хураалтын дүнг шуурхай дамжуулах бэлтгэл ажилд анхаарч ажиллаж байна. Өмнөх сонгуулиудаар үүрэн холбооны сүлжээ ороогүй зарим хэсгээс мэдээ дамжуулахад хүндрэл, бэрхшээл тулгарч байсан. Энэ чиглэлээр судалгаа гаргаж учирч байсан хүндрэлийг арилгах талаар үүрэн холбооны оператор компаниудтай хамтарч ажиллаж байна.

Үүнээс гадна серверт байгаа өгөгдлүүдээ архивт авах, Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойргийн дахин санал хураалтад ашигласан санал тоолох төхөөрөмжүүдээс лог болон зурган файлыг хуулж авах зэрэг ажлуудыг эхлүүлээд байна. Удахгүй санал тоолох төхөөрөмжийн нөөц тэжээлийг цэнэглэж эхэлнэ.

-Санал тоолох төхөөрөмжүүдийг хэзээнээс бэлдэх вэ?

- Санал тоолох төхөөрөмжийн техникийн бэлэн байдлыг шалгаад эхэлчихсэн. Өмнөх мэдээллийг цэвэрлэх, цэнэгийг шалгах, тестийн саналын хуудас уншуулах, уншигчийн толгойг цэвэрлэх гэх зэрэг ажлыг хийж программ суулгахад бэлэн болгоно. Үүний дараа программыг суулгаж, L&A буюу логик нарийвлалын тестийг хийж санал тоолох төхөөрөмжийн бэлэн байдлыг хангана. Эдгээр ажлыг 6 дугаар сарын эхэнд багтаан хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

-Улс төрийн зарим намууд, иргэд сонгогчдын тодорхой хүрээнд  санал тоолох төхөөрөмжийн баталгааны асуудал маргаан үүсгэдэг. Энэ программыг хэн, яаж баталгаажуулах вэ?

- Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж баталгаажуулах Ажлын хэсгийг Тагнуулын ерөнхий газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газар болон манай Мэдээллийн технологийн төвийн мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллуулна.

Өмнөх сонгуулиудаар санал тоолох төхөөрөмжийн программын эх кодыг шалгаад Ажлын хэсэг хянан баталгаажуулж гэрчилгээ олгож байсан. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар мөн адил программын эх кодыг хянан баталгаажуулж гэрчилгээ олгоно. Программ суулгасан санал тоолох төхөөрөмжид аймаг, дүүрэг тус бүрээс 20 ширхэг жинхэнэ саналын хуудсыг Ажлын хэсгээс тогтсон тестийн тавилаар бөглөж 50 удаа буюу нийт 1000 удаа уншуулж үр дүнг тулгах шалгалтыг хийнэ. Мөн санал тоолох төхөөрөмж болгонд 8-10 ширхэг урьдчилан бөглөсөн саналын хуудсыг уншуулж, үр дүнг тулган нягталж шалгах ажлыг хийнэ.

-Эх кодыг шалгахад хөндлөнгийн хяналт байдаг уу?

-Өмнөх сонгуулиудаар санал тоолох төхөөрөмжийн программын эх кодыг шалгахад Улс төрийн намууд болон мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд ажиглагчаар оролцсон. Энэ удаагийн сонгуулиар Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намуудын төлөөллийг эх кодыг хянах боломжоор хангаж ажиллахаар төлөвлөөд байна.

-Тухайн санал тоолох төхөөрөмжийг Ажлын хэсэг баталгаажуулсан гэдгийг  яаж мэдэх вэ?

- Санал тоолох төхөөрөмж бүрт баталгаажуулсан тэмдэг нааж, баталгаажуулалтын гэрчилгээг тусгай дугтуйд хийн хэсгийн хороонд хүргүүлнэ. Хэсгийн хороо санал тоолох төхөөрөмжийн хайрцагны лацыг шалган нээгээд дугтуйг задалж баталгаажуулалтын гэрчилгээ дээрх дугаарууд санал тоолох төхөөрөмж дээрх баталгаажуулалтын тэмдэгний болон CF картны лацны дугаартай тохирч байгаа эсэхийг шалгана.

-Санал тоолох төхөөрөмжид эргэлзэж байгаа хүмүүст юу гэж хэлэх вэ? 

- Энд хэд хэдэн зүйлийг онцолж хэлмээр байна.  “Доминион вөүтинг системс” компани Америк, Канад болон бусад улсад санал тоолох төхөөрөмж нийлүүлж, үйл ажиллагаа явуулдаг компани юм. Тиймээс эргэлзээ төрүүлэхүйц, чанаргүй, баталгаагүй бүтээгдэхүүн нийлүүлж  өрсөлдөөний дүнд олж авсан өнөөгийн энэ том зах зээлээ алдах, бизнес нэр хүндээ сэвтүүлэхийг хэрхэвч хүсэхгүй нь ойлгомжтой.

Тэдний нийлүүлсэн техник төхөөрөмжийг манай Ажлын хэсэг нягтлан шалгаж, туршиж баталгаажуулна. Түүнээс гадна намуудын ажиглагч нарт саналын хуудасны зурган файлыг хуулж өгөх бөгөөд эндээс санал тоолох төхөөрөмж тухайн саналын хуудсыг хэрхэн уншсан талаарх мэдээллийг харж болно. Эцэст нь санамсаргүй сонголтын аргаар суманд нэг, дүүрэгт хоёр буюу нийт 348 хэсгийн хороонд хяналтын тооллогыг гараар тоолж хийхээр хуульчилсан гэдгийг Та бүхэн сайн мэдэж байгаа. Иймд иргэд, сонгогчдыг санал тоолох төхөөрөмжид эргэлзэх зүйлгүй гэдгийг энд зориуд тэмдэглэж хэлмээр байна.

- Саяхан 25 дугаар суваг телевизээр танай машиныг шүүмжилсэн төлбөртэй нэвтрүүлэг гарч байна лээ.

- Энэ төлбөртэй нэвтрүүлэгт ашигласан мэдрэгч дэлгэцтэй машиныг манайд хэрэглэдэггүй. Манай улсад “New Image Cast” автоматжуулах техник хэрэгслийг хэрэглэдэг. УИХ-ын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар бүх тойрогт хяналтын тооллого хийсэн. Ямар ч зөрчил гараагүй. Ингэж сонгуулийн өмнө бидний ашиглаж буй техник төхөөрөмжид санаатай итгэл үнэмшил алдагдуулах, эргэлзээ төрүүлэх гэсэн ийм  явуургүй оролдлогыг захиалгаар хийж байгаад харамсаж байна.

- Гадаадын зочид их сонирхож байна гэсэн?

- Монголын сонгуульд ашиглаж буй  автоматжуулалтын систем нь дэлхийн олон орны анхаарлыг татаж байна. Саяхан Монголд болсон ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын уулзалтад оролцсон гадаадын зочид манай автоматжуулсан системтэй танилцаад өндрөөр үнэлж байв. Гол нь сонгуулийн автоматжуулалтын системийг асар богино хугацаанд, өргөн уудам нутагт нэвтрүүлж чадсанд гайхаж байсан. Энэ бол яах аргагүй том дэвшил, бусад оронд туршлага болохуйц сайн жишээ гэж тэд үнэлж байсан. Бид сонгогчдийнхоо итгэл үнэмшлийг бий болгохын төлөө улам чармайн автоматжуулалтаа улам боловсронгуй болгохын төлөө ажиллах болно .

- Шинэ дэвшилт техник технологи нэвтрүүлэх нь асуудлын зөвхөн нэг хэсэг. Түүнийг чадварлаг эзэмшиж ажиллуулж чаддаг боловсон хүчин  чухал гэж ойлгож    байна.

-  Тийм ээ. Энэ бол бидний өмнө тулгарч буй нэн чухал асуудал. Техник, технологийн ажилтнуудыг бэлтгэх, сургах, тэдний мэдлэг, боловсролыг байнга дээшлүүлэхэд бид онцгой анхаарах болно. Орчин үеийн техник технологиос хоцрох эрх бидэнд байхгүй.

 Одоогийн бүтцийн хувьд гэвэл хуулинд заасны дагуу аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд 5 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй Мэдээллийн технологийн багийг Сонгуулийн ерөнхий хороо томилж ажиллуулна. Энэ баг аймаг, дүүрэгтээ ашиглах автоматжуулах техник хэрэгслийг хүлээн авч ашиглалтыг хариуцан ажиллана. Хэсгийн хороод Мэдээлийн технологийн төвөөс зохион байгуулах сургалтад хамрагдан гэрчилгээ авсан даамлуудтай гэрээ байгуулж ажиллуулна.

-Санал тоолох төхөөрөмжийг хэзээ бэлтгэж дуусах вэ?

- Санал авах өдрөөс 7-гоос доошгүй хоногийн өмнө хэсгийн хороодод санал тоолох төхөөрөмжийг хүргэнэ. Санал авах өдрөөс 5 хоногийн өмнө бүх хэсгийн хороодод өгөгдөл дамжуулах туршилт хийнэ. Урьдчилан бөглөсөн 5-6 ширхэг саналын хуудсыг уншуулан дүнгийн тайланг хэвлэж, дүнг төв серверт дамжуулах ёстой. Энэ туршилтаар санал тоолох төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгана гэж ойлгож болно.

 

 “Үндэсний шуудан” сонин

 





Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.