Д.Баяндүүрэн: Сонгуулийн хороодын ажилтнууд хууль зөрчих боломжгүй

Хэвлэх

Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууд эх орондоо болж байгаа сонгуульд анх удаа оролцож, энэ сарын 10-нд саналаа өгсөн. 

УИХ-ын 2012 оны ээлжит сонгуульд гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд анх удаа саналаа өгөх эрхтэй болсноор Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 39 улсад сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулсан юм. 

Санал хураалтад нийт 2779 сонгогч хамрагдсан гэсэн тоо гарсан. Саналын хуудсыг дипломат төлөөлөгчийн газрын комиссын гишүүд дипломат шуудан хэлбэрээр боож, битүүмжлэн Монгол Улс руу илгээсэн байна. Гадаад харилцааны яамны ажилтнууд тэдний илгээсэн шууданг өчигдөр хүлээн авч шалган, Сонгуулийн ерөнхий хорооныхонд хүлээлгэн өгсөн юм. 

Уг үйл ажиллагаанд шуудан шалгаж, хүлээн авсан Гадаад харилцааны яамны мэргэжилтнүүдээс гадна Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуяг, Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Билэгт нар оролцсон юм.

Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны дарга Д.Баяндүүрэнгээс зарим асуултад хариулт авсан юм.

-Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууд анх удаа УИХ-ын сонгуульд оролцож, саналаа өглөө. Энэхүү үйл ажиллагааны явцад ямар нэгэн асуудал гарсан уу?

-Гадаад улсад ажиллаж, амьдарч буй монголчуудын саналыг авах үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан гэж үзэж байна. Гадаадад байгаа монголчуудын саналыг авахын тулд нийт 39 улсад Сонгуулийн Ерөнхий хорооны салбар комиссыг байгуулан ажиллаж санал хураах үйл ажиллагааг зохион байгуулсан. Эдгээр комисст нийт 200 орчим хүн ажилласан байна. Хэдийгээр анх удаа зохион байгуулсан ч бүх зүйл хуулийн дагуу болж өнгөрсөн. Хууль зөрчсөн ямар нэгэн үйл явдал гарсангүй. 

Гэхдээ цаашид дүрэм, журмаа улам боловсронгуй болгох шаардлага байна гэж үзэж байна. Ирэх жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгуулийн хууль, тогтоомждоо санал авах чиглэлийн өөрчлөлтийг оруулах юм бол гадаадад байгаа иргэд маань Ерөнхийлөгчийн сонгуульд орох боломжтой болно гэж хэлмээр байна. Гадаадад байгаа сонгогчид санал хураалтад харьцангуй идэвхтэй оролцож байна. Анх удаа төрийнхөө сонгуульд гадаадаас санал өгч байгаа учир сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.

-Гадаадад санал өгсөн иргэдийн саналыг ямар машинаар тоолох вэ?

-Гадаадад байгаа сонгогчдын саналыг тоолохын тулд хурдан тоолох систем бүхий гурван ширхэг скайнер машин авсан. Энэ машинаар л саналыг тоолох болов уу гэж бодож байна.

-Нийт 2779 хүн санал өгсөн гэж байгаа. Эдгээр иргэдийн саналыг 28-ныг хүртэл хаана, ямар байдлаар хадгалах юм бэ?
-Эдгээр иргэдийн саналыг энэ сарын 28-нд тоолно. Саналын хуудсыг тоолох хүртэл Сонгуулийн ерөнхий хороонд хадгална. Мэдээж битүүмжилж, нууцалсан байдалтай хадгална. Шуудангаар ирүүлсэн саналын хуудаснууд битүүмжлэлийн байдалтай ирсэн. Үүнийг лацтай хайрцагт хийнэ. Нөгөөтэйгүүр, гадаадад санал өгсөн иргэдийн саналын хуудсыг тоолоход асуудал үүсгэхгүй байх үүднээс тэдний хэрэглэсэн бал, цаасыг ч шуудангаар илгээсэн. Түүнийг нь ч хадгална.

-"Сонгуулийн ерөнхий хорооныхны буруугаас болж сонгогчдын нэрсийн жагсаалтад будилаан үүсэж байна" гэсэн шүүмжлэл сүүлийн үед их гарч байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Сонгогчдын нэрсийн жагсаалтыг Сонгуулийн ерөнхий хороо хариуцаагүй гэдгийг ойлгох ёстой. Тиймээс энэ асуудал манай хороонд хамааралтай биш. Улсын бүртгэлийн ерөнхий газрынхан уг асуултад хариулт өгөх ёстой.

-Сонгуулийн ерөнхий хорооны тойргийн болон хэсгийн хороодын ахлагч нар ам бүлийнхээ тоог нэмэх аргаар энэ будилааныг үүсгэсэн тухай баримтыг УИХ-ын гишүүн З.Энхболд үзүүлсэн шүү дээ?
-Тойргийн хороодын хүмүүс ам бүл дээрээ хүний нэр нэмж бичих ямар ч боломж байхгүй. Хэсгийн хороодын ажилтнуудад бүртгэлийн байгууллагаас өгсөн нэр дээр ямар нэгэн хүний нэрийг нэмэх эсвэл хүний нэрийг хасах эрхгүй. Тиймээс сонгуулийн хороодын ажилтнуудад тийм ажил хийх ямар ч эрхзүйн боломж байхгүй.

-Энэ асуудлаар Сонгуулийн ерөнхий хороо хуралдана гэсэн мэдээлэл гарсан. Хэзээ хуралдах вэ? 

-Одоогийн байдлаар надад тийм мэдээлэл ирүүлээгүй байна.

Р.Сарангоо 
                                        GoGo




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.