Нэр дэвшигчид сурталчилгаагаа энэ сарын 22-ноос хийж болно

Хэвлэх

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж дуусаад, тэднийг бүртгэх ажил эхэлсэнтэй холбогдуулан СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнтэй ярилцав.


-Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүмүүсийн нэр нэгэнт тодорхой боллоо. Тэд танайд материалаа ирүүлэв үү?

-Нэр дэвшигч Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нар эрүүл мэндийн үзлэгт орж, “Эрүүл байна” гэсэн дүгнэлт авсан байна. Энэ долоо хоногт багтаан намууд нэр дэвшигчдийнхээ материалыг ирүүлнэ. Үүнийг тавдугаар сарын 13-17-нд гэж ойлгож болно.

-Ямар ямар материал ирүүлэх ёстой вэ?

-Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн тухай намын төв байгууллагын шийдвэр, тэмдэглэл, сонгуулийн мөрийн хөтөлбөр, намын дүрэм болон нэр дэвшүүлэх асуудлаарх намын дотоод журам зэрэг намаас бүрдүүлэх материалууд байна. Мөн нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл, намтар, хөрөнгө, орлогын мэдүүлэг, төрсний гэрчилгээ, эцэг, эхийнх нь иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг гэх мэт өөртэй нь шууд холбоотой материалууд байдаг. Эцэст нь холбогдох байгууллагаас нэр дэвшигчийн талаар гаргасан тодорхойлолт, дүгнэлт байх ёстой. Тухайлбал, нэр дэвшигчийн эрүүл болохыг нотлох эмнэлгийн дүгнэлт, ялгүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт, банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр болон хугацаа хэтэрсэн албан татварын өр төлбөргүй тухай эрх бүхий байгууллагын тодорхойлолт авсан байх ёстой.

-Танай Хороо баримт бичгүүдийг хүлээж аваад нягталж шалгахдаа юунд гол анхаарлаа хандуулах ёстой вэ?

-Нягталж шалгах ажиллагааг гурван үндсэн чиглэлээр хийнэ. Намаас ирүүлсэн бичиг баримт үнэн зөв, гүйцэд эсэхийг шалгана. Мөн баримт бичгийн бүрдүүлэлт хуульд заасны дагуу гүйцэд байна уу гэдгийг нягтална. Үүнээс гадна нэр дэвшүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгана. СЕХ баримт бичгийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор нэр дэвшигчээр бүртгэх эсэх тухай асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж шийдвэр гаргана.

-Нэр дэвшигчийг нам нь татах, эсвэл өөрөө татгалзаж болох уу?

-Нэр дэвшигч Монгол Улсын Ерөнхийл өгчид нэр дэвшигчийн үнэмлэх авснаас хойш нам нь тухайн нэр дэвшигчийг татах, нэр дэвшигч өөрөө нэр дэвшихээс татгалзахыг хориглоно гэж хуульд заасан.

-Тэгвэл нэр дэвшигчээ татаад, нөхөн нэр дэвшүүлж болохгүй гэсэн үг үү?

-Үндсэндээ тийм гэж ойлгож болно. Харин нэр дэвшигч нь нас нөгчсөн, эсвэл шүүхээр ял шийтгүүлсэн хоёр тохиолдолд өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно. Гэхдээ санал авах өдрөөс 30 хоногийн өмнө энэ тухай шийдвэрээ СЕХ-нд ирүүлж бүртгүүлэх ёстой.

-Нэр дэвшигчийг бүртгэхгүй байх ямар үндэслэл бий вэ?

-Хуульд заасан хугацаанд нэр дэвш үүлэх ажиллагааг явуулаагүй, нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангааг үй, баримт бичиг нь дутуу, эсвэл хуурамч байвал нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана гэсэн заалт хуульд бий.

-Нэр дэвшигч нь сурталчилгаагаа хэзээ эхлүүлэх вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхээ СЕХ-ноос авсан өдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж болно. Энэ өдөр нь тавдугаар сарын 22 юм. Сурталчилгаа хийхдээ нэр дэвшигч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн мөрийн хөтөлбөрөө тайлбарлан таниулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, холбогдох байгууллагаас шаардлагатай мэдээлэл, лавлагаа авах эрхтэй.

-Нэр дэвшигчийг хамгаалалтад авна, авахгүй, зардал төсөв хүнд байна гээд байсан, юу болсон бэ?

-Нэр дэвшигчийг хамгаалалтад авахаар хуульчлагдсан. Хамгаалалтын зардлыг улсын төсвөөс гаргана. Төсөв нь батлагдсан.


Р.ЖАРГАЛАНТ






Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.