Н.ЛУВСАНЖАВ: Санал тоолох машиныг хардах хэрэггүй

Хэвлэх
АНУ-ын “Dominion voting” компанийн “New image cast” автомат машинд ирэх зургадугаар сард болох сонгуулиа даатгана. Санал тоолох автомашинтай холбоотой асуудлаар СЕХ-ны дарга Н.Лувсанжавтай ярилцлаа.

-АНУ-ын санал тоолох  автомат машиныг  Төрийн байгуулалтын байнгын хороогоор танилцуулснаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Санал тоолох 2500 машинаа хэзээ авчрах бол?

-Гэрээнд заасны дагуу ирэх сарын эхээр эхний ээлжинд таван автомат машиныг авчирна. Монгол хэл дээрх тусгай программ зохиоход ашиглах юм. Хоёрдугаар сарын 20-ноос эхлээд графикийн дагуу санал тоолох машинаа авна. Хамгийн сүүлийн машиныг тавдугаар сарын 10 гэхэд авчирч дуусгана.  Машинуудыг авчирсан даруйд техникийн болон баталгаажуулах шалгалт хийнэ. Хүлээж авах, техник хэрэгслийг хадгалах агуулах бэлдэх, программ суулгах гээд бүх асуудал төлөвлөгөөний дагуу явагдана.


-Санал тоолох машин худалдан авахад зориулж 24 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Хангалттай хүрэх үү?

-24 тэрбумыг төсөвт суулгахдаа төгрөгөөр баталсан. Төсөв батлагдсаны дараа хууль гарсан учир тусгагдаагүй зардал гарахаар байна. Гэтэл ам.долларын ханш өсчихлөө, тооцоолоогүй нэмэлт зардал гарч байгаа. Аль болох мөнгөндөө багтаагаад техник хэрэгслээ худалдаж авахаар ярьж байна. Байдал хэцүүдвэл Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдүүлэх, ханшийн зөрүүг төсвийн тодотголоор оруулах байх.


-АНУ-ын “ES&S” компанийн санал тоо­лох машин худалдаж авах гэтэл хэтэрхий хатуу нөхцөл тавь­сан. Монголын та­лаас тавих гэ­рээний нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй гэс­нээр өөр сонголт хий­сэн шүү дээ.  Харин “Domionion voting” компанийн зүгээс манай талд ямар шаардлага тавьж байгаа бол?

-Компанийн зүгээс ерөнхий болон тусгай нөхцөлтэй гэрээ байгуулсан. Одоогоор уг компани гэрээнд заасны дагуу, банкны баталгаагаа гаргуулахаар хөөцөлдөж байна. Хуулийн дагуу, гэрээний загвараар нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөн. Манай талаас тавьсан чанарын баталгаат хугацаанд техник хэрэгслээ үнэ төлбөргүй засварлана гэж мэдэгдсэн.


-Онгоцоор тээвэрлэх, гаалийн болон бусад татвар хураамжийг СЕХ-г төлөх ёстой гэсэн шаардлага тавьсан гэсэн?

-Нийлүүлэх хугацаа шахуу байгаа учраас онгоцоор тээвэрлэхээс өөр аргагүй. АНУ-ын компанийн зүгээс онгоцоор тээвэрлэх зардлаа өөрсдөө даах юм. Гаалийн болон нэмэгдсэн өртгийн татварыг манай тал төлж таарна. СЕХ хуулийн дагуу гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэхээр УИХ-д хандсан. Удахгүй чуулганаар хэлэлцэн батлаж өгөх байх.


-Санал тоолох машины үзүүлэлтүүдийг сонирхвол. Автомат машин эвдрэх эрсдэл 100 мянгад 0.3 хувьтай гэсэн байх аа?

-Нэг хуудсыг 5-8 секундэд тоолох хүчин чадалтай. Программ хангамжаас алдаа гарах магадлал маш бага. Зохих ёсны гэрчилгээтэй. Машин бүр найман цаг ажиллах хүчин чадалтай жижигхэн батерейтай учир эрчим хүчний хувьд хүндрэл багатай.


-Санал авах, тоолохтой холбогдсон программын эх кодыг танайд хүлээлгэн өгөх боломжгүй гэж мэдэгдсэн. Энэхүү кодны  аюулгүй байдлыг хэрхэн хариуцах бол?

-Эх кодыг олон нийтэд ил тод болгох асуудал яригддаг. Уг компанид санал авах, тоолохтой холбогдсон эх кодоо бидэнд өг гэсэн шаардлагыг хэлэлцээрийн үеэр тавьсан. Гэтэл “Эх кодоо ил болговол хэн нэгэн ашиглаад сонгуулийн үеэр будлиан үүсгэх үр дагавар гаргаж болзошгүй. Ийм учраас бид ямар нэгэн хяналтгүйгээр шууд өгөх боломжгүй” гэсэн. Монголын талаас хуулийн дагуу энэ машин, программ хангамжийг хянаж баталгаажуулах ажлын хэсэг байгуулахаар болсон. Тухайн ажлын хэсэгт эх кодоо ашиглуулна гэдэг гэрээ хийсэн. “Dominion voting” компанийн санал тоолох машины программ хангамжийн зохиогчийн эрхийг АНУ-ын “linux” компани эзэмшдэг юм билээ. Автомат машиныг ажил­луулах программ хангамжийн үйлдлийн системийн эх код бол олон нийтэд нээлттэй. Хүссэн хүн бүхэн ороод ямар үйлдлийн системтэй гэдгийг үзэх боломжтой.


-Нууцлал, аюулгүй байдлын талаар?

-Сонгуулийн хуулийн дагуу саналын тоолох дүнг ямар үзүүлэлтээр яаж гаргах вэ, хэрхэн кодлох, нууцлах вэ, мэдээллийн аюулгүй байдлын тал дээр тусдаа программ зохионо. “Dominion voting” компани мэдээллийн технологи тал дээр “Интерактив”  компани, СЕХ-ны дэргэдэх мэдээллийн технологийн төвтэй хамтарч ажиллана. Программ хангамжаа зохиосны дараа аудит хийлгэж шалгуулаад машиндаа суулгана. Тэгээд ч санал тоолох машины зохион байгуулалт битүү сүлжээнд ажиллах зарчмаар бүтээгдсэн учраас хардах зүйлгүй. Кодтой, түлхүүртэй, нууцлалтай. Ямар нэгэн байдлаар хэн нэгэн ажиллагааг нь саатуулах боломжгүй.


-Хүмүүсийн дунд хардлага байгаа учраас лавлаж асуугаад байгаа юм?

-Санал хураалт дууссаны дараа улс төрийн нам, хүчнийг төлөөлсөн ажиглагч мэдээллийг тоон болон дүрсэн мэдээллээр авах боломжтой. Өөрөөр хэлбэл сонгогчийн хийсэн тэмдэглэгээ зурган хэлбэрээр хадгалагдсан байгаа шүү дээ. Сонгуульд өрсөлдөж байгаа нам, эвсэл, бие даагч санал хураалтын дүнг нягтлах, хүсвэл хуудсаа тоолох нөхцөл боломжийг хуульд оруулж өгсөн. Ийм учраас саналын дүнг буд­лиулах оролдлого хийгээд нэмэргүй.


-Орон нутгаас сонгуулийн дүнг тусгай сувгаар дамжуулна гээд байгаа?

-Тийм ээ. Санал авах машинууд мэдээлэл дамжуулах модемтой. Үүрэн телефоны компаниудын тусгай сувгаар гэрээ хийж, хяналттайгаар дамжуулна.


-Санал авах тоолох машиныг хэсэг бүрт мэдээллийн даамал хариуцна гэсэн?

-Нийт 1900 хүнийг сургалтад хамруулж гэрчилгээ олгоно. Гэрчилгээ авсан мэдээллийн даамал хэсгийн хороо бүхэнд ажиллана. Тойргийн хороо бүрт таван хүнээс бүрдсэн мэдээллийн баг, СЕХ, мэдээллийн төвд технологи хариуцсан хүмүүс ажиллана.


У.Бадамцэцэг






Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.