ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүнийг хүлээн авч уулзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яамны Дэд тэргүүн, ноён Жеймс Холдерийг 2020 оны тавдугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагааны талаар болон Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн явцын тухай танилцуулж, ноён Жеймс Холдерийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.

Ноён Жеймс Холдер цар тахлын үед УИХ-ын сонгуулийг хэрхэн зохион байгуулж байгаа тухай, сонгуулийн ирц хүрэх эсэх, олон улсын ажиглагч нар гадаадаас ирэх боломжгүй байгаа нөхцөлд сонгууль ажиглуулах талаар ямар арга хэмжээ авч байгаа талаар сонирхлоо.

Д.Баяндүүрэн хэлэхдээ "УИХ-ын 2020 оны сонгууль цар тахлын үед болж байгаа учраас Улсын онцгой комиссоос гаргаж байгаа заавар зөвлөмжүүдийг чанд баримтлан ажиллаж байна. Тухайлбал нам, эвслүүд сонгуульд нэр дэвшүүлэх хуралдаанаа цахим хэлбэрээр хийсний зэрэгцээ танхимд зохион байгуулсан тохиолдолд хуралдаанд оролцогчдыг журамд заасны дагуу тодорхой зайтай суулган хуралдаанаа хийсэн. Бие даан нэрээ дэвшүүлэгчид тойргийнхоо сонгогч дэмжигчдийн гарын үсэг цуглуулах ажлыг айл өрхөөр оролгүйгээр гудамж талбайд зохион байгуулсан. Цаашид сонгуулийн сурталчилгааны үед болон сонгогчийн санал авах ажлыг хэрхэн явуулах, сонгуулийн хороод яаж ажиллах талаар УОК-оос зөвлөмж, журам гаргахаар ажиллаж байгаа. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн ирц хүрэх байх гэж найдаж байна. Урьд өмнөх сонгуулиудад сонгогчдын 65 хувиас илүү нь оролцож байсан. Хэрэв санал хураалт 50 хувьдаа хүрэхгүй бол ирц хүрээгүй тойрог, хэсэг дээр нэмэлт санал хураалт явуулна.

Олон улсын ажиглагч нарын хувьд гадаад улсын иргэд ирэх боломжгүй болсон учраас манай улсад суугаа ЭСЯ-ны төлөөллүүдийг сонгуулийн ажиглагчаар оролцохыг урьж байна" гэв.

Ноён Жеймс Холдер хүлээн авч уулзаж байгаад талархлаа илэрхийлээд "Бид Монгол Улсын Их Хурлын сонгуульд олон улсын ажиглагч нарыг оролцуулах боломж нөхцлийн талаар Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдуудтай болон ЕАБХАБ-тай санал солилцоно" гээд шаардлагатай нөхцөлд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Уулзалтад СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн референт Б.Уянга, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны улс төрийн ажилтан Р.Энхмаа нар оролцлоо.