ДЭЛХИЙН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо (ДСБХ) нь дэлхийн улс орнуудад тогтвортой ардчилалыг төлөвшүүлэх, чөлөөт, шударга, ардчилсан сонгуулийн тогтолцоог хөгжүүлэх, түүнчлэн сонгуулийн удирдлагын байгууллагуудын хамтын ажиллагааны сүлжээг бий болгох, сонгуультай холбоотой мэдлэг, мэдээлэл, туршлагаа хуваалцах, мэргэжилтнүүдийг сургах, мэргэшүүлэх замаар сонгуулийн удирдлагад оролцогчдын чадавхийг нэмэгдүүлэх, ардчилалыг тогтоож буй  шилжилтийн үе дэх улс орнуудын сонгуулийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэн ажилладаг олон улсын төрийн бус байгууллага юм.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Сонгуулийн Комисс анх 2010 онд ДСБХ-г байгуулах санаачлагыг Азийн сонгуулийн байгууллагуудын холбоонд дэвшүүлж, улмаар 2011 онд БНСУ-д хуралдсан Сөүлийн форумын тогтоолоор дэмжин баталсан.

ДСБХ нь одоо Ази, Африк, Америк, Европ болон Номхон далайн арлын 106 орны сонгуулийн удирдлагын 115 байгууллагыг эгнээдээ нэгтгэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Холбооны удирдах дээд байгууллага нь Ерөнхий Ассамблей, Удирдах зөвлөл.

2013 онд болсон Ерөнхий Ассамблейн анхдугаар хуралдааны үеэр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо тус Холбоонд гишүүнээр элссэн бөгөөд элсэн орсон цагаасаа хойш Холбооны зүгээс зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож ирлээ. ДСБХ-ноос жил бүр зохион байгуулдаг хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, сонгуулийн байгууллагын ажилтны солилцооны хөтөлбөрт Сонгуулийн Ерөнхий Хорооны болон сонгуулийн зохион байгуулалтын асуудлаар хамтран ажиллагч төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтнуудыг байнга хамруулж байна. 

ДСБХ-ны дарга, дэд даргыг хоёр жилийн хугацаатай, Ерөнхий нарийн бичгийн даргыг дөрвөн жилийн хугацаатай Удирдах зөвлөлийн хурлаараа хэлэлцэж, баталсанаар томилдог.

Тус Холбооны одоогийн даргаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Сонгуулийн комиссын дарга, дэд даргаар Өмнөд Африкийн Сонгуулийн комиссын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар Johnhyun Choe ажиллаж байна.

ДСБХ-ны Нарийн бичгийн дарга нарын газрыг 2014 онд БНСУ-ын Инчеон хотноо байгуулсан ба Ерөнхий Ассамблей болон Удирдах зөвлөлөөс гаргасан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, хөрөнгө дайчлах, хөрөнгийн зарцуулалтыг зохицуулах, гишүүн орнуудын сонгуулийн удирдлагын байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгуулах, гишүүн орнуудын сонгуулийн үйл ажиллагааг ажиглах зэрэг үүргийг гүйцэтгэдэг. Түүнчлэн Хяналт-аудитын зөвлөлийн гишүүдийг   Холбооны гишүүн орнуудаас томилон ажиллуулдаг.

ДСБХ-ны дарга: ноён Шри Сунил Арора (Энэтхэгийн Сонгуулийн Комиссын дарга)

Дэд дарга: ноён Глэн Машинини (Өмнөд Африкийн Сонгуулийн Комиссын дарга)

Ерөнхий нарийн бичгийн дарга: ноён Жонхюн Чой

http://www.aweb.org/eng/main.do