Латви улсын сейм (парламент)-ийн сонгууль

Латвийн Сеймийн 12 дахь удаагийн сонгууль 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр болж өнгөрөн уг сонгуульд сонгуулийн эрх бүхий иргэдийн 58,8 хувь нь оролцлоо.

 

Сонгуулийн тухай:

 

Латви улсын 18 насанд хүрсэн бүх иргэн сонгуулийн эрх эдэлнэ. Сеймийн сонгуулиар сонгогчийн бүртгэл хийдэггүй, зөвхөн тус улсын Иргэний бүртгэл, цагаачлалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас олгосон иргэний баримт бичгийг үндэслэн сонгогч саналаа өгнө. Сонгуулийн хэсэг дээр саналаа өгөхөөр очсон сонгогчийг иргэний баримт бичгийг үндэслэн бүртгэн авч, иргэний паспортод тэмдэглэгээ хийдэг байна.


Сонгуулийн санал хураалт орон нутгийн цагаар 07.00 – 20.00 цаг хүртэл үргэлжилнэ. Сонгогч өөрийн оршин суугаа газрын ойролцоох дурын сонгуулийн хэсэг, гадаад дахь дипломөт төлөөлөгчийн газарт очиж саналаа өгч болно. Гадаад дахь иргэд шуудангаар саналаа өгөх эрх нь нээлттэй байдаг. Шуудангаар санал өгөх сонгогч энэ тухай хүсэлтээ урьдчилан гаргадаг. Хэрэв сонгогч сонгуулийн санал авах өдөр саналаа өгөх боломжгүй бол уг өдрөөс өмнөх 3 хоногт саналаа урьдчилан битүүмжилж өгч болно. Үүнээс гадна биеийн эрүүл мэндийн байдлаас болж сонгуулийн хэсэг дээр хүрэлцэн очиж чадахгүй тохиолдолд тэдгээрийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгч болдог. Цэргийн анги нэгтгэл, гадаадад энхийг сахиулах алба хааж байгаа албан хаагчид, хорих газруудын албан хаагчид тухайн газарт нь байгуулсан сонгуулийн хэсгүүд дээр саналаа өгсөн. Ийнхүү урьдчилан битүүмжилж өгсөн саналыг хамгийн багадаа 7500-аас доошгүй сонгуулийн эрх бүхий иргэнтэй хот, хязгаар нутгийн сонгуулийн хэсгийн хороод дээр хадгална. Ийм сонгуулийн хэсгийн хороо Латвийн 39 мужид 61 ажиллажээ.


Сеймийн 12 дахь удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг 2014 оны 7 дугаар сарын 16-наас 8 дугаар сарын 05-ныг дуустал Сонгуулийн Төв Комисст ирүүлсэн бөгөөд нэрийн жагсаалт хүлээн авах хугацаа дуусахад 13 нам, эвсэл, холбоод нэр дэвшигчдийнхээ жагсаалтыг ирүүлсэн нь Сеймийн сонгуулийн тухай хуулийн шаардлагад нийцэж байсан тул бүртгэж авчээ.


Сеймийн сонгуулийн санал хураалтаар сонгуулийн хороод 912 553 ширхэг саналын хуудас бүхий хүчинтэй дугтуй хүлээн авжээ. Эдгээр дугтуйнд 906 538 ширхэг хүчинтэй саналын хуудас байснаас 2 078 ширхэг буюу нийт саналын хуудасны 0,23 хувь нь санал огт тэмдэглээгүй саналын хуудас, 97 дугтуйнд урагдан хүчингүй болсон саналын хуудас, 6 дугтуйнд өөр сонгуулийн тойргийн саналын хуудас, 3 834 дугтуйнд хэд хэдэн саналын хуудас хийсэн байв. Сонгуулийн дүн гаргахад шаардлагатай сан бүхий саналын хуудас 565 237 ширхэг байжээ.

           

Сонгуулийн үр дүн:

           

Сеймд суудал авахын тулд нийт саналын 5-аас доошгүй хувийн санал авсан байх ёстой. Энэ сонгуульд дээрх болзолыг хангасан 6 нам, эвсэл, холбоо байгаа бөгөөд тэдгээр нь “Зөвшилцөл” Социал-демократ нам, “Эв нэгдэл” нам, Ногоон нам-Тариачдын намуудын холбоо, “Бүхнийг Латвийн төлөө”-“Эрх, чөлөө, эх орны төлөө Үндэсний Консерватив намын Үндэсний эвсэл, Латвийн бүс нутгуудын холбоо, “Зүрх сэтгэлээсээ-Латви” намууд юм.


“Зөвшилцөл” Социал-демократ нам                             – 24 суудал

“Эв нэгдэл” нам                                                         – 23 суудал

Ногоон нам-Тариачдын намуудын холбоо                   – 21 суудал

“Бүхнийг Латвийн төлөө”-“Эрх, чөлөө, эх орны төлөө Үндэсний

Консерватив намын Үндэсний эвсэл                              – 17 суудал

Латвийн бүс нутгуудын холбоо                                      – 8 суудал

“Зүрх сэтгэлээсээ-Латви” нам                                         – 7 суудал.

Эх сурвалж: http://cvk.lv/pub/public/28363.html