Хуулийг батлахаас нь өмнө ажлын хэсгийнхэнтэй хамтарч нягтална.

Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийн бэлтгэл ажлыг хэрхэн хийж байгаа болон Сонгуулийн тухай хуулийн төсөлд оруулсан саналынх нь талаар тус Хорооны дарга Н.Лувсанжавтай ярилцлаа.


Сонгуулийн санал хураалтыг автоматжуулахад зориулж энэ оны төсөвт 24 тэрбум төгрөг тусгасан. Энэ хүрэлцээтэй мөнгө үү?


Энэ оны төсөвт тусгасан 24 тэрбум төгрөг бол зөвхөн сонгуулийн санал хураалтыг автоматжуулах техник тоног төхөөрмжийг худалдан авахад л зориулсан мөнгө. Харин үүний цаана тоног төхөөрөмжөө оруулж ирэх, тээвэр, татвар болон шаардлагатай зөвлөх үйлчилгээнд төлөх мөнгө хэрэгтэй болно. Сонгуулийн үеэр олон хүний хөдөлмөр шаардагддаг. Эдгээр хүний үйл ажиллагааг хангах зардал, зайлшгүй шаардлагатай шуудан, тээвэр холбоо, бичиг хэрэг, байр тохижуулах, сонгогчийн үнэмлэх, саналын хуудас хэвлэх, хүргүүлэх зэрэгт зардал гарах нь мэдээж. Тиймээс үүнийг 2012 оны төсөвт тусгуулан батлуулах шаардлагатай.


Дээрх мөнгөөр санал хураалтыг автоматжуулах тоног төхөөрөмж авч хүрэлцэхгүй байх магадлал өндөр учир санал хураалтын төхөөрөмжөө танилцуулсан гадны компаниуд сонгуулийн үеэр төхөөрөмжөө түрээслүүлээд, сонгууль дууссаны дараа буцааж авах санал тавьж байсан. Энэ хэр ашигтай санал вэ?


Ер нь мэдээллийн технологи маш хурдацтай хөгжиж байгаа өнөө үед маргааш гэхэд ямар шинэ тоног төхөөрөмж бий болохыг хэн ч мэдэхгүй. Тухайлбал, энэ сонгуулиар хэрэглэх төхөөрөмжийг хамгийн боловсронгуй  нь гэж бодож байтал дараагийн сонгууль гэхэд яаж ч өөрчлөгдөж мэдэх талтай юм. 24 тэрбум төгрөг гэдэг бага мөнгө биш. Тиймээс энэ мөнгийг үр ашигтай зарцуулах үүднээс бодож үзэн, тоног төхөөрөмжөө танилцуулсан компаниудад бүтээгдэхүүнийг нь түрээслэх боломжтой эсэх талаар бид асуулга тавьсан юм. Зарим улс түрээслэх аргаар асуудлаа шийддэг зэргийг харгалзан үзсэн л дээ. Гэхдээ ингэлээ гээд түрээслэж авахаар  шийдсэн гэсэн үг биш. Ер нь бид бололцоотой бүх л боломжийг судалж үзэж байна.


Одоогоор хэдэн компани тоног төхөөрөмж танилцуулсан юм бэ?


Одоогийн байдлаар дөрвөн компани төхөөрөмжөө танилцуулсан байна. Үүнд АНУ-ын хоёр, Венесуэль улсын нэг, Өмнөд Солонгосын хамтарсан хоёр компани багтаж байгаа.


Танилцуулга хийсэн компаниудын төхөөрөмжөөс онцолсон нь байна уу?


Сонгуулийн Ерөнхий Хороо аль компанийн ямар төхөөрөмжийг авах нь хүмүүст их сонин байдаг юм шиг санагдаад байгаа. Сонгуулийн Ерөнхий Хороо аль нэг компанийг онцолж сонгочихоод байна гэх хардлага ч байж болзошгүй. Үнэн хэрэгтээ танилцуулгыг нээлттэй зохион байгуулж ирсэн. Төхөөрөмж танилцуулах үеэр УИХ-ын гишүүд болон хэвлэл мэдээллийнхэн биечлэн оролцдог. Энэ үеэр компанийн төлөөллүүдээс асууж тодруулах зүйлстээ газар дээр нь хариулт авсан. Үүнээс гадна тоног төхөөрмжийнх нь ажиллах горимыг ч танилцаж үзэж байсан.  Харин одоогоор аль улсын ямар төхөөрөмжийг сонгох нь тодорхойгүй байхад танилцуулга хийсэн компаниудын тэр нь сайн, энэ нь муу гэж хэлэх эрх бидэнд байхгүй. Бидний үүрэг бол манай нөхцөлд тохирох,  хамгийн баталгаатай, үнэ нь боломжийн техник технологийг сонгох юм. Сонголтыг хэрхэн яаж хийх вэ гэдэг нь жичдээ асуудал юм. 


Дээрх компаниудаас гадна тоног төхөөрөмжөө танилцуулах санал тавьсан компани байна уу?


Тийм ч олон компани санал хураалтын тоног төхөөрөмж хийдэггүй юм билээ. Одоогийн байдлаар дээрх компаниудаас өөр ямар нэгэн компани төхөөрөмжөө танилцуулах шинэ санал ирүүлээгүй л байна. 


Танай Хорооноос Сонгуулийн тухай хуулийн төсөлд санал хүргүүлж байгаа. Голдуу ямар саналууд хүргүүлсэн бэ?


Сонгуулийн Ерөнхий Хороо УИХ-д өргөн барьсан Сонгуулийн тухай хуулийн төсөлд өнгөрсөн жилээс эхлээд санал хүргүүлсэн. Өнгөрсөн жилийн тавдугаар сар гэхэд 70 шахам төрлийн санал өгсөн. Харин энэ сар гарсаар гурван ч удаа санал хүргүүлсэн байна. Манай Хорооны зүгээс сонгуулийн үйл явцад янз бүрийн будилаан гаргахгүй байх талаас нь харгалзаж үзэж санал өгч байгаа. Голдуу технологи,зохион байгуулалтыг сайжруулах талаар гэхэд болно. Тухайлбал, сонгуулийн үйл ажиллагаа хоорондоо уялдаа холбоотой, зөрчилгүй байх, технологийг нь ойлгомжтой байлгах, сонгогчдын нэрийн жагсаалтыг  ямар зохицуулалтаар гаргахыг тодорхой болгох, сонгуулийн үеэр маргаан шийдвэрлэх, зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцох, сонгуулийн сурталчилгааг боловсронгуй болгох талаар голдуу санал өгсөн. 


Сонгуулийн Ерөнхий Хорооноос гаргасан саналуудыг хуулийн төсөлд хэрхэн тусгаж байна гэж бодож байна. Ер нь байнгын хороогоор хуулийн төслийг хэлэлцэх  үеэр нэлээд маргаан гарсан?


Манай саналын талаар УИХ-ын ажлын хэсэг дээр яриад, саналын томъёоллууд бэлдэж Төрийн байгуулалтын байнгын хороонд оруулж санал хураалгаж байгаа. Манай нэлээд санал дэмжигдсэн. Нэг хэсэг нь Байнгын хорооны хуралд хараахан хэлэлцэгдээгүй байгаа. Ер нь Сонгуулийн Ерөнхий Хорооноос гаргасан саналыг хуулийн төсөлд тусгаад явж байгаа л гэмээр байна. Гэхдээ Сонгуулийн тухай хуулийн төсөлд оруулсан бүх саналыг Байнгын хороогоор хэлэлцэж дууссаны дараа УИХ-ын ажлын хэсгийнхэнтэй хамтарч дахин нэг нягтлахаар бид тохиролцсон. Ер нь хуулийн төслийг бүхлээр нь харсны эцэст л уялдаа холбоогүй, зөрүүтэй зүйлийг нь залруулах боломжтой. Үүн дээр манай хороо ажиллана.


Улс төрийн тойм. 2011.05.27