Би ардчилсан намаас аль хэдийнээ түдгэлзсэн

Сонгуулийн Ерөнхий Хорооны шинэ дарга, нарийн бичгийн дарга, гишүүд өчигдөр тангараг өргөлөө. Сонгуулийн Ерөнхий Хорооны даргаар томилогдсон Ч.Содномцэрэнтэй ярилцлаа.

 

Аймаг, сум, дүүргийн сонгуулийн бэлтгэл ажил ямар байна вэ?

 

УИХ-ын сонгуулиар 1905 хэсэг байгуулж санал авах ажлыг зохион байгуулсан. Энэ удаад хуультай холбоотойгоор хэсгийн тоо нэмэгдсэн. Нам, эвслүүд нэр дэвшүүлэх ажлаа хийж байна. Маргааш /өнөөдөр/ дуусгавар болно. Нам, эвслүүд сонгуульд оролцохоо илэрхийлж бүртгүүлсэн. Сонгуулийн Ерөнхий Хороонд ирсэн урьдчилсан мэдээллээр 2 эвсэл, 5 нам сонгуульд оролцохоор материалаа хүргүүлсэн. Гэхдээ сум, аймаг, дүүрэгт харилцан адилгүй байгаа. Зарим аймагт гурван нам, заримд нь 4-5 нам, 1 эвсэл оролцохоор бүртгүүлжээ. Хамгийн олон нь нам, эвсэл нийлээд 6 субъект өрсөлдөхөөр материалаа ирүүлээд байна. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт 6 нам, эвсэл бүртгүүлэхээр материал өгсөн. Бэлтгэл ажил хангагдаж байна. Энэ удаагийн сонгуульд автоматжуулсан систем ашиглахаар хуульчилсан. Одоогоор бид саналын хуудасны загвар файлыг гаргаж байна. Нэр дэвшигчид тодорсны дараа буюу ирэх 7 хоногт саналын хуудасны загвар гарч батлагдаад үйлдвэрт шилжинэ. Мөн үүнээс гадна Сонгуулийн Ерөнхий Хороо хуулиар хүлээсэн үүргийн дагуу энэ сонгуульд ашиглах загвар маягтуудыг өнгөрсөн 7 хоногт баталсан. Энэ 7 хоногт хуралдаж журмаа батална. Манай Ажлын алба журам, загвар, маягтыг боловсруулах ажлаа хийж байна.

 

Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалтыг хэзээ явуулах вэ?

 

Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхнээс санал гарсан. Аль ч талаас нь авч үзсэн дахин санал хураалтыг орон нутгийн сонгуультай хамт явуулах нь зүйтэй гэсэн саналыг ажлын хэсэг гаргасан. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлагуудыг хүлээн авч уулзахдаа бидний саналыг сонсоод орон нутгийн сонгуультай хамт явуулах нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн. Орон нутгийн сонгуультай хамт явуулахаар бэлтгэл хангаж байна.

 

Орон нутгийн сонгуулийн санал авах өдөр хэтэрхий орой байна гэсэн шүүмжлэл бий. Энэ талаар Та ямар байр суурьтай байгаа вэ?

 

Энэ асуудлыг УИХ-аар яриад шийдсэн. Манайх хугацааг тогтоодоггүй учир хариулах боломжгүй. Сонгуулийн Ерөнхий Хороо хуульд заасан хугацаанд сонгуулийг зохион байгуулна.

 

Гэхдээ танайх иргэдийг сонгуульд идэвхитэй оролцуулах үүрэгтэй биз дээ? 11 дүгээр сард оюутнууд амраагүй байна, мөн малчид өвөлжөөлсөн ид хүйтний улирал. Сонгогчдын ирц хангалттай бүрдэх болов уу?

 

Ирцийн талаар анхаарч байгаа. Аль болох өндөр ирцтэй байлгах, сонгогчдыг эрхээ эдлэх талаас нь арга зүйн зөвлөгөө өгч ажиллана. Орон нутгийн сонгуультай холбоотой эрх зүйн баримт бичгийг хэвлээд өнөөдрөөс тарааж эхэлсэн. Үүнд, Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, цаг хугацааны хуваарь, эдгээртэй холбоотой нэмэлт, өөрчлөлтүүдийг нэгтгэсэн гарын авлага бий. Үүнийгээ орон нутагт тарааж байна. Үүнээс гадна иргэдийг сонгуульд идэвхитэй оролцохыг уриалсан сурталчилгааг энэ 7 хоногоос эрчимжүүлнэ. Манайх уртасгасан цагаар ажиллаж, аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодоос утсаар байнга мэдээлэл авч, зөвлөгөө өгч байна. Зөвлөгөөг манай Ажлын алба, Мэдээллийн технологийн төв амралтын өдөр, ажлын бус цагаар ч өгч байгаа. Сонгуулийн хороодоо арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.  

 

Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид сурталчилгаагаа хэзээ эхлүүлж болох вэ?

 

Хуульд тодорхой бий. Санал авах өдрөөс 14 хоногийн өмнө сурталчилгаа эхэлнэ. Нэр дэвшигчид бүртгүүлээд аймаг, сум, дүүргийн хороо шийдвэрээ гаргачихвал нэр дэвшигчдийн нэрс тодорхой болно. Түүний дараа бид саналын хуудсыг хэвлүүлнэ. Сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх авсан өдрөөс эхэлнэ. Түүнээс наана эхлэх боломж байхгүй.

 

УИХ-ын гишүүд хэзээ бүрэн болох вэ? Өвөрхангайн тойрог маргаантай байгаа. Таныг УИХ-ын дэд дарга асан Г.Батхүүгийн “баруун гар” байсан учир асуудлыг санаатайгаар удаашруулж байна гэсэн яриа бий. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

 

Г.Батхүүтэй нэг Засгийн газарт, нэг УИХ-д байсан уу гэвэл байсан. Надтай хамт Засгийн газар, УИХ-д байсан олон хүн одоогийн УИХ-д сууж байна. Хэрэв сонгуулийг энэ хүмүүстэй холбож тайлбарлана гэвэл өрөөсгөл болно. Өвөрхангайн тойрогт нэр дэвшсэн хүмүүсийн тухайд шүүхээр явж байгаа юм билээ. Шүүхээс Сонгуулийн Ерөнхий Хороонд шийдвэрүүд ирсэн. Намуудаас ч гомдол ирсэн. Манай Ажлын албаны шинжээчид дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Энэ дүгнэлтийн дараа Сонгуулийн Ерөнхий Хороо хурлаараа авч хэлэлцэнэ.


Таныг Ардчилсан Намын угшилтай учир Сонгуулийн Ерөнхий Хорооны даргын албан тушаалд очсон гэсэн шүүмжлэл гарсан?

 

Би Ардчилсан Намаас аль хэдийнэ түдгэлзээд хэдэн жилийн өмнө Үндсэн хуульд гараа тавьж өнөөдрийнх шиг тангараг өргөсөн. Аав чинь эсэргүү байсан, хүүхэд чинь Ардчилсан Намынх, чи өөрөө Ардын Намын гишүүн байсан гэж өнөөгийн ардчиллын үед ярихад хүмүүс ойлгохгүй болов уу.

 

“Зууны мэдээ” сонин. 2012.10.09, № 236. М.Ганцэцэг