Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил эхэлсэн

Сонгууль дууслаа. Чөлөө завтай болж байна уу?

 

Бидэнд тийм зав чөлөө гарахгүй. Энэ жил гэхэд УИХ-ын сонгуулийн дүнг 7 дугаар сарын 1-нд Ерөнхийлөгчид өргөн барьсан. 7 дугаар сарын 15-нд орон нутгийн сонгуулийг товлон зарласан. Манай ажилтнууд амарч амжаагүй, Наадмын дараа орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажилд орсон. Сая орон  нутгийн сонгууль дууслаа. Одоо тайлан тооцоогоо гаргаж, аудитад хянуулж, шалгуулж байна. Энэ ажил он дуустал явагдана. Хөдөө орон нутгаас техник хэрэгслээ татаж байна. Энд хүлээж аваад мэдээллийг нь хуулж архивт шилжүүлэх, техникийн бүрэн бүтэн байдлыг шалгах, техникийн үйлчилгээ хийх, ирэх жилийн сонгуульд бэлэн болгох гээд их ажил байна. Мөн ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөө боловсруулж байна. Ойрын үед Хорооны хурлаар хэлэлцүүлнэ. Саяхан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаарх саналаа УИХ-д хүргүүлсэн. Энэ намын чуулганаар Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг оруулах, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг тогтоолгох, сонгууль товлон зарлуулах бэлтгэлийг хангах гээд ажиллаж байна.    

 

Сонгуулийн тухай хуульд яаагаад өөрчлөлт оруулах болов?

 

Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч,аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гээд гурван сонгуультай холбогдох харилцааг нэг хуулиар  зохицуулахаар хуульчилсан.

 

Өмнө нь эдгээр харилцааг тус тусад нь бие даасан хуулиар зохицуулж байсан.

 

2016 оны ээлжит сонгуулийг Сонгуулийн Ерөнхий Хорооноос зохион байгуулах явцад уг хуулийн зохицуулалтууд хоорондоо зөрчилтэй, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байсан. Тухайлбал, хуулийн зүйл, заалтууд хоорондоо зөрчилдсөн, зохицуулах шаардлагатай харилцааг орхигдуулсан, хуульд заасан хоног, хугацаа нь харилцан уялдаа холбоогүй гэх мэт хэрэгжүүлэхэд хүндрэлтэй асуудлууд гарч байсан учраас саналаа хүргүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Одоогоор Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн талаарх саналаа хүргүүлээд байна. Ойрын үед УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн хуулийг боловсронгуй болгох саналаа хүргүүлэхээр бэлтгэж байна.

 

Өмнө нь тус тусдаа хуультай байхад энэ саналаа хүргүүлээгүй юм уу?

 

Сонгуулийн Ерөнхий Хорооноос 2015 онд энэ сонгуулийн нэгдсэн хуулийг дэмжих боломжгүй, харин сонгуулийн хууль тус бүрт нь нэмэлт, өөрчлөлт оруулах  замаар тухайн хуулийг боловсронгуй болгох нь зүйтэй” гэсэн саналыг Засгийн газарт хүргүүлж байсан.

 

Цаашид Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч,аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбогдох харилцааг Сонгуулийн тухай хуулиар нэгтгэн зохицуулах шаардлагагүй бөгөөд тус тусын онцлог зохицуулалт бүхий бие даасан хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзээд УИХ-д саналаа хүргүүлсэн.

 

 Ямар онцлог санал хүргүүлсэн бэ?

 

Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдох харилцааг нэлээд нарийвчлан зохицуулсан байдаг. Харин УИХ болон орон нутгийн ИТХ-ын сонгуулийн тухайд хуулиар зохицуулна гэж заасан байдаг.

 

Улсын Их Хурлын сонгууль, орон нутгийн ИТХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх, дүн гаргах гэх зэрэг үйл ажиллагаа нь тухайн сонгуулийн онцлогтой холбоотойгоор харилцан адилгүй байдаг.

 

Мөн Улсын Их Хурлын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийг Сонгуулийн Ерөнхий Хорооноос зохион байгуулж, дүнг гаргадаг бол орон нутгийн ИТХ-сонгуулийн тухайн шатны орон нутгийн сонгуулийн хороодоос зохион байгуулдаг, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх харъяалал нь УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулийн тухайд өөр өөр байдаг гэх мэт ялгаатай зохицуулалтууд байдаг.

 

Сонгууль тус бүрийн дээрх онцлогт тохирсон саналаа бэлтгэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос УИХ-д хүргүүлж байна.

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, орон нутгийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль болох учраас хуулийн хамрах хүрээ, зохицуулах зүйл маш тодорхой болж байгаа бөгөөд зохицуулалт нь илүү үр дүнтэй болно гэж үзэж байна.

 

УИХ-д хүргүүлсэн хуулийн өөрчлөлтийн саналд өмнөх сонгуулийн хуулиудаас юугаараа ялгаатай болсон бэ?

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай саналаа УИХ-д хүргүүлсэн. УИХ, орон нутгийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгох саналаа ойрын хугацаанд хүргүүлэхээр ажиллаж байна.

 

Сум, дүүргийн сонгуулийг зохион байгуулах явцад сонгогчдийн оролцооны ирц 50 хувьд хүрээгүй хэсэг тус бүр дээр нэмэлт санал хураалт явуулахаар Сонгуулийн тухай хуульд хуульчилсан. 1992 оноос хойшхи сонгуулийн ирцийг харахад байнга буурсаар ирсэн. Иймд сонгогчдын ирцийн босгыг 50 хувь гэж зааснаас шалтгаалан дээр дурдсан нэмэлт санал хураалт явагдах нөхцөл бүрдэх, төсвийн зардал нэмэгдэх гэх мэт сөрөг үр дагавар гарч байна. Иймд бусад орны жишгээр сонгуулийн ирцийн тодорхой хувь заахгүй байхаар саналаа мөн хүргүүлээд байна. Өөрөөр хэлбэл сонгогчдын ирсэн ирцээр нь сонгууль хүчин төгөлдөр болно гэсэн үг.

 

Ирцийн босго тавьдаггүй ямар ямар улс байна?

 

Олон улс орон байдаг. Хамгийн ойрын жишээ гэвэл ОХУ байна. 2016 онд Думын сонгууль болсон. Ирц нь 50 хувьд хүрээгүй ч сонгууль нь хүчин төгөлдөр болсон.

 

Өөр онцлох санал юу байна?

 

 Сонгуулийн зардал, хандив, сонгуулийн сурталчилгаатай холбоотой өмнөх бие даасан 4 хуулиар зохицуулаагүй байсан зохицуулалтуудыг нэмж тусгасан.

 

Мөн Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийг зохион байгуулах явцад гарсан хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, харилцан уялдаа холбоогүй хуулийн хийдлийг арилгах талаар саналаа өгсөн.

 

Сонгуулийн тухай хуульд сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тус тусдаа тогтоох заалтууд байсан бол ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, товлон зарлах асуудлыг нэг өдөр тогтоохоор санал өгсөн. Мөн ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын хугацаанд сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглох тухай санал хүргүүлсэн.  

 

Саяын сонгуулиар нэр дэвшигчид, нам, эвслийг бүртгэхгүй байх тохиолдол гарсан?

 

Ийм асуудал Орон нутгийн сонгуулийн үеэр их гарсан. Сонгуулийн тухай хуулиар цэргийн алба хаасан байх, ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх, татварын өргүй байх гэх мэт нэлээдгүй тодорхойлолт, лавлагаа бүрдүүлэхээр хуульчилсан байсан. Нэр дэвшүүлэхтэй холбоотой тодорхойлолт, лавлагааг аль болох багасгах чиглэлээр саналаа хүргүүлсэн.Ер нь Сонгуулийн Ерөнхий Хороо иргэний Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг нь эдлүүлэх тал дээр саналаа өгч ирсэн. Одоо ч ийм байр суурь хэвээр байгаа. Цаашид нэр дэвшихэд бүрдүүлэхээр хуульд заасан олон шаардлагыг эргэж харж, цөөлөх санал өгсөн.

 

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах талаар?

 

Сонгуулийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгууль нь хосолсон тогтолцоогоор явагдах байсан. Гэсэн хэдий ч Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийн дагуу Улсын Их Хурал Сонгуулийн тухай хуулийг өөрчилснөөр Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийг нэг мандаттай тойрог бүхий мажоритар тогтолцоогоор явуулахаар болсон. Ингэснээр Монгол Улсын Их Хурлын сонгуульд гадаад улсад байгаа сонгуулийн насны иргэд сонгуульд оролцох хууль эрх зүйн боломжгүй болсон. Үүнийг гадаадын ажиглагчид нэгэнт хүрсэн түвшингээсээ ухарсан алхам болсон гэж байсан.

 

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэд саналаа өгөх боломжтой боломжтой. Гадаад улсад байгаа иргэд саналаа өгөхдөө тухайн улсад байгаа дипломат төлөөлөгчийн газарт сонгуульд оролцох тухай хүсэлтээ гаргаж, саналаа өгөх өмнөх процессын дагуу явагдана.

 

Хар машины талаар хүмүүсийн ойлголт өөр болсон. Энэ талаар ямар санал хүргүүлэв?

 

Санал тоолох төхөөрөмжтөй холбогдох харилцаа нь Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль болон холбогдох дүрэм, журмаар зохицуулагддаг.

 

Манай санал гэвэл сонгуулийн автоматжуулсан системийг Ард нийтийн санал асуулга болон УИХ, Ерөнхийлөгчийн ээлжит, дахин, нөхөн сонгууль гээд бүгдэд нь хэрэглэнэ. Харин орон нутгийн сонгуулийн хувьд зөвхөн ээлжит сонгуульд хэрэглэх саналтай байгаа. Орон нутгийн дахин, нөхөн сонгуулийн хувьд гараар тоолох саналтай байгаа.  Учир нь орон нутгийн нөхөн, дахин сонгууль жилд олон удаа явагддаг. Тухайлбал, 2014 онд гэхэд 44 удаа дахин, нөхөн сонгууль явагдсан байна. Энэ нь орон нутагт сард 3-4 удаагийн дахин, нөхөн сонгууль явагдаж байна гэсэн үг. Ийм учраас орон нутгийн дахин, нөхөн сонгуульд санал тоолох төхөөрөмж хэрэглэх нь төсвийн зардал нэмэгдэх, техник хэрэгсэлд эвдрэл гэмтэл гарах зэрэг сөрөг үр дагавартай. 

 

Сонгуулийн хуультай ч холбоотой байх Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хүмүүс ярьж бичээд байна. Таны бодол?

 

Үндсэн хуульд Ард нийтийн санал асуулга, УИХ, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуультай холбоотой болон сонгуулийн төв байгууллагын шийдвэртэй холбогдох маргааныг хаана харъяалан шийдвэрлэх талаар заасан заалтууд байдаг. Үндсэн хуульд сонгуультай холбоотой тодорхойгүй заалтууд бий. Би ганц жишээ хэлье, Монгол Улсын Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн сонгууль нь хоёр шаттай байна” гэж заасан боловч анхан шатны сонгуулиар олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль гаргадаг. Харин хоёр дахь шат гэж юуг хэлэх талаар Үндсэн хуульд тодорхой заагаагүй байдаг.

 

Дэлхийн бусад улсуудын жишгээс үзэхэд анхан шатны сонгуульд оролцсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчийн хооронд хоёр дахь шатны сонгуулийг зохион байгуулж явуулдаг. Ер нь манайд хоёр дахь шатны сонгууль явуулдаггүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон.

 

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадах болов уу?

 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг үе үеийн УИХ байгуулдаг байсан. Миний бие УИХ-ын гишүүнээр сонгогдож ажиллаж байхдаа ажлын хэсэгт орж саналаа өгч байсан. Сонгуулийн Ерөнхий Хорооны хувьд өмнө нь ажлын хэсэгт саналаа удаа дараа хүргүүлж байсан. Зарим ажлын хэсэг нь хуулийн төсөл ч өргөн барьж байсан. Судалгаа, уулзалт, семинар, хурал ч олон удаа зохион байгуулсан. Нөхцөл бүрдсэн байх гэж боддог. Иймд УИХ-аас ажлын хэсэг байгуулаад өөрчлөлт оруулах саналаа ард нийтээр хэлэлцүүлбэл үр дүнд хүрч болно гэж бодож байна.

 

Ард нийтээс асуух хэрэгтэй гэж Та үзэж байна уу?

 

Тийм. Ажлын хэсэгт улс төрийн намуудын төлөөлөл, хуульчид, эрдэмтдийг оролцуулж ямар түвшинд, ямар өөрчлөлт оруулах саналаа боловсруулж хэлэлцүүлэг явуулах хэрэгтэй. Ард нийтийн санал асуулгыг ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулж болно шүү дээ.

 

“Өдрийн сонин”. 2016.12.02, № 277