Орон нутгийн сонгуулийн нэмэлт санал хураалт явагдлаа

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нэмэлт санал хураалтын үйл ажиллагаа 20 цагт дуусч саналаа өгөхөөр бүртгэгдсэн сонгогчдын 74,33 хувь нь ирж саналаа өглөө.

19 аймгийн 61 хэсэг, Налайх дүүргийн 2 хэсэг, нийт 63 хэсэгт нэмэлт санал хураалтад оролцох ёстой сонгогчдын 25,82 хувь нь ирж саналаа өгчээ.

Хамгийн олон сонгогч нэмэлт санал хураалтаар ирж саналаа өгөх Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 1401 сонгогчийн 469 нь буюу 33,48 хувь ирж саналаа өгснөөр нийт ирцийн хувь 64,72 хувь болсон бол Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 1 дүгээр багийн нэмэлт санал хураалтад оролцох 14 сонгогчийн 10 нь ирсэнээр нэмэлт санал хураалтын ирцийн хувь нь 71,43 болж, нийт ирцийн хувь нь 97,93 хувь болсон байна.