АРДЧИЛСАН СОНГУУЛЬ БОЛОН СОНГОГЧИЙН БОЛОВСРОЛЫН АСУУДЛААР ЯРИЛЦАВ

2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр

Сонгуулийн ерөнхий хорооны дарга өнөөдөр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газарт Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Траян Лауренцю Христеа тэргүүтэй төлөөлөгчийн газрын холбогдох ажилтнуудтай уулзав.

Уулзалтаар ардчилсан сонгуультай холбоотой асуудлаар болон Европын холбооны улс орнууд, тэр дундаа сонгууль, хүний эрхийн чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байгаа талаар ярилцаж, санал солилцов. 

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Хамтын ажиллагааны хүрээнд сонгуулийн үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг, ЕАБХАБ-ын АИХЭА, АСДҮОУХ болон бусад байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж ирсэнийг дурдаад, сонгуулийн байгууллагын зүгээс сонгогчийн боловсрол, сонгуулийн ажиглагчийн чиглэлээр шинээр авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаас танилцуулав.

Элчин сайд, ноён Траян Лауренцю, ардчилал, сонгуулийн асуудлаар Монгол Улсад суугаа ЕХ-ны орнуудын Элчин сайд нартай хамтарч ажиллахаас гадна олон улсын байгууллагуудын дэмжлэг туслалцааны асуудалд анхаарлаа хандуулан цаашид хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.