ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН СОНГУУЛЬ АЖИГЛАХ БАГТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран 2021 оны 3 сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг ажиглах Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны урьдчилсан судалгааны багийн төлөөлөгчидтэй цахим уулзалт зохион байгууллаа. Судалгааны багт тус Албаны ахлах зөвлөх Ана Русу, зөвлөх Кеара Касталдо нар багтаж байна. Уулзалтад тус Хорооны гишүүн бөгөөд нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Сонгогчийн боловсрол, сургалтын төвийн дарга Б.Оюумаа нар оролцов.

Монгол Улс 2012 онд ЕАБХАБ-ын 57 дахь бүрэн эрхт гишүүн орон болсон бөгөөд ЕАБХАБ-ын бүх үүрэг амлалтууд, үүний дотор ардчилсан сонгуультай холбоотой амлалтуудыг биелүүлэх үүрэг хүлээсэн билээ.

Ардчилсан институт, хүний эрхийн алба нь ЕАБХАБ-ын гишүүн орнууд, Европын Парламент болон ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн төлөөллөөс бүрдсэн 300-400 гаруй ажиглагчаас бүрдсэн баг илгээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013, 2017 оны сонгууль, Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийг ажигласан.

Урьдчилсан судалгааны баг нь сонгуулийн өмнө сонгууль ажиглалтын цар хүрээг тодорхойлох, сонгууль ажиглах хорооны ажлыг төлөвлөдөг бөгөөд энэхүү багийн тайлан, дүгнэлтэд үндэслэн сонгууль ажиглах эсэх, ажигласан тохиолдолд илгээх ажиглагчдын тоо, багийн бүрэлдэхүүнтэй холбоотой шийдвэр гаргадаг тул чухал ач холбогдолтой уулзалт боллоо.

Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс сонгуулийн бэлтгэл, Ковид-19-ийн үед сонгуулийг хэрхэн зохион байгуулах болон сонгуулийн тухай хууль тогтоомжийн онцлог зохицуулалтын талаар мэдээлэл өгч, судалгааны багийн сонирхсон асуултад хариулан, Талууд цаашид хамтран ажиллахаар тохиролцлоо.  

Сонгууль ажиглах хороо нь ЕАБХАБ-ын өмнө хүлээсэн үүрэг, ардчилсан сонгуультай холбоотой олон улсын хэм хэмжээ, түүнчлэн дотоодын хууль тогтоомжууд хэрхэн мөрдөгдөж байгаад үнэлгээ хийж, зөвлөмж гарган, сонгууль ажигласан тухай тайлангаа олон улсад нээлттэй танилцуулдаг юм.