Сонгуулийн автоматжуулсан системийн ажиллагааг олон нийтэд нээлттэй танилцуулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд ашиглах санал тоолох  төхөөрөмж болон сонгогчийн бүртгэлийн техник хэрэгсэл, программ хангамжийн аюулгүй байдал, хэвийн ажиллагааг олон нийт, нам, эвсэл, олон улсын байгууллага, хүний эрхийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нээлттэй танилцуулан баталгаажуулж байна. 

Одоогоор Сонгуулийн ерөнхий хороонд гаргасан хүсэлтийн дагуу Монгол Ардын нам, Ардчилсан нам, Зөв Хүн Электорат эвсэл, Хүний эрхийн Үндэсний Комисс, МИДАС төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл автоматжуулсан  системийн ажиллагаатай биечлэн танилцсан билээ.

Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Сонгууль ажиглах тусгай хорооны шинжээчидтэй  мэдээлэл солилцох цахим уулзалтыг хийсэн бөгөөд өнөөдөр олон улсын шинжээчид сонгуулийн автоматжуулсан системийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж байна.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд зааснаар сонгуульд ашиглах автоматжуулсан техник хэрэгслийн иж бүрдэл, программ хангамжийг урьдчилан туршихгүйгээр сонгуулийн үйл ажиллагаанд ашиглахыг хориглодог. Хуулийн дээрх заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор Сонгуулийн ерөнхий хорооны дэргэд олон талт төлөөллөөс бүрдсэн хараат бус Ажлын хэсэг ажиллаж байна.