Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг гадаадын 83 ажиглагч ажиглаж, сурвалжилна

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл явцыг хөндлөнгийн хараат бус ажиглагчид ажиглаж, өөр өөрийн дүгнэлтийг өгч, дэлхий нийтэд нээлттэй мэдээлдэг уламжлалтай. Энэ удаагийн сонгуулийг ажиглах гадаадын болон олон улсын байгууллагын ажиглагч 43, хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагч, сэтгүүлч 40 хүн бүртгүүлээд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг Азийн сонгуулийн байгууллагуудын холбоо (Филиппин Улсын Сонгуулийн төв комисс), Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албаны Сонгууль ажиглах тусгай хороо, Бодлогод залуусын хяналт ТББ, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Словак, Их Британи улсын иргэдийн төлөөлөл, ИБУИНВУ, АНУ, Австрали, Япон улсын Элчин сайдын яамд ажиглана.

Сонгуулийн үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх хүсэлтийг Ассошиэйтед Пресс, Фүжи телевиз, Аль Жазира, Синьхуа мэдээллийг агентлаг, Асахи Шимбун сонин, Жиньминь Жибао сонин, The GW Biz News, www.mongolianow.com, Mongolia Today, Киодо Цуушин агентлаг, Agence France Presse /AFP/ гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагууд болон Гадаад Харилцааны Яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газраас ирүүлээд байна