П.Дэлгэрнаран: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил хангагдлаа

Сонгуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулахтай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо 22 удаа хуралдаж, 30 гаруй журмыг шинэчлэн баталж, Ажлын хэсгүүд байгуулсныг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хэвлэлийн бага хурлын эхэнд дурдлаа. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад орсон нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор энэ удаагийн сонгууль хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, уг хуулийн дагуу бүх саналын хуудсыг автомат төхөөрөмжөөр тоолж дүнг гаргахаас гадна гар тооллого буюу хяналтын тооллогыг хийнэ.

Сонгогч саналаа өгснийг бэхэн тэмдэглэгээ хийж баталгаажуулна. Хамгийн гол онцлог нь цар тахлын халдвар дотоодод дэгдсэн үед зохион байгуулж байгаагаараа энэ удаагийн сонгууль онцлогтой. Урьд нь бид 2020 онд УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг зохион байгуулахдаа онцгой нөхцөл байдалд хийж байсан хэдий ч дотоодод халдвар тараагүй, харьцангуй гайгүй үед зохион байгуулж байсан. Харин энэ удаа дотоодод халдвар тархсан үетэй нүүр тулж байна. Бид Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах талаар  онцгой анхаарч зохион байгуулалт хийж ажиллалаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 152 дугаар тогтоол гарч, цар тахлын үед дагаж мөрдөх арга хэмжээний журам боловсруулсан. Энэ журам нь ердийн газруудад ч, эмнэлэг, тусгаарлах байруудад ч ижил үйлчилнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах цогц арга хэмжээг тусгасан тогтоол, журам гарсан. 152 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдсон шат шатны зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөө гаргаж, СЕХ-ноос Ажлын хэсэг гаргаж, даалгавар, зааварчилгаа өгч ажиллалаа. Яг одоогийн байдлаар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх ажил ид явагдаж байна. Өглөөний 9 цагаас орон даяар санал авах ажиллагаа эхэлсэн. 25619 хүн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан. Халдвар аваагүй буюу ердийн нөхцөлд байгаа, санал авах байранд өөрийн биеэр очиж санал өгөх боломжгүй, хүндэтгэх шалтгаантай 18 мянга орчим иргэн байна. Цар тахлын улмаас эмнэлэгт, тусгаарлах байр, улаан бүсэд байгаа иргэд, алба хаагчид нийлээд 7051 хүн хүсэлт ирүүлсэн. Улаанбаатар хотод 457 хэсгийн хороо ажиллаж байна. Тэдгээр хэсгийн хороодоос 3-4 баг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахаар хөдөлгөөнд оролцож, сонгогчдын гэрээр очиж санал авах ажлыг зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагаанд 1600-аад тээврийн хэрэгсэл, 3200 сонгуулийн байгууллагын ажилтнууд. Өөрөөр хэлбэл, хэсгийн хороонд ажиллаж байгаа хүмүүс нийслэлд ажиллаж байна. Халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах ёстой учраас эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, онцгой байдлынхан их туслалцаа үзүүлж байна. Цагдаа, тээврийн цагдаагийн байгууллагын алба хаагчдад бас талархал илэрхийлье. Засгийн газрын 2021 оны 152 дугаар тогтоолын дагуу халдвар хамгааллын дэглэм баримтлах онцгой байдлын алба хаагчдыг хэсгийн хороодод томилж өгсөн.

Гадаадад байгаа иргэдийнхээ санал авах ажлыг зохион байгуулсныг Та бүхэн мэдэж байгаа. 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд гадаадын 30 улсад суугаа 44 дипломат төлөөлөгчийн газарт салбар комисс байгуулаад санал авах ажиллагааг явуулсан. Нийтдээ 7398 хүн бүртгэгдсэнээс 5618 хүн саналаа өгсөн. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн ирцтэй харьцуулахад гадаад дахь иргэд харьцангуй идэвхтэй оролцож, саналаа өгсөн. Гэхдээ цаашид сонгуулийн хууль тогтоомжоо боловсронгуй болгож, гадаадад байгаа иргэд болон улирлын шинжтэй үйл ажиллагаа явуулдаг онцлогтой уул уурхайн салбар, байнгын хөдөлгөөнд байдаг оюутнууд, бусад хүндэтгэх шалтгаантай, өөрсдөө хүсч байгаа тохиолдолд цахимаар саналаа өгөх боломжийг олгох ёстой юм байна гэдэг дүгнэлтийг хийж байгаа.

Энэ талаар Цахим бодлогын хороонд бид саналаа хүргүүлсэн. 2024 оны сонгуулиас өмнө бид сонгогчдодоо цахимаар санал өгөх сонголтыг, боломжийг бүрдүүлнэ гэж Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна. Энэ удаагийн сонгуульд нийт 2087 хэсгийн хороонд 20 гаруй мянган албан хаагчид ажиллаж байна. Цагдаагийн 9000 гаруй алба хаагч ажиллаж байгаа. 1300 гаруй эрүүл мэндийн байгууллагын ажилтан дайчлдагдан ажиллаж байна. Мөн энэ зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаанд 60 эмнэлгийн баг ажиллаж байгааг хэлье. Энэ бүрэлдэхүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг хийж дуусгалаа. Маргааш буюу 2021 оны 6 дугаар сарын 09-ний өглөө 07:00 цагаас 22 цаг хүртэл орон даяар санал авах ажиллагааг зохион байгуулахад бэлэн боллоо. Сонгуулийн автоматжуулсан системийг бид бэлэн болгож, улсын хэмжээнд нийтдээ 2641 даамал сонгуулийн санал хураалтын ирц, дүн дамжуулах ажлыг хариуцаж ажиллана. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу уг ажлыг зохион байгуулж, санал тоолох төхөөрөмжийн ил тод байдал, ажиллагааны зарчмыг сонгуулийн сурталчилгааны үед олон нийт, иргэдийн хүссэн үед нээлттэй танилцуулж, шаардлагыг биелүүлж ажиллалаа. Өгөгдөл дамжуулах сүүлийн туршилтыг энэ сарын 05-нд хийсэн. Амжилттай болсон. Дүн дамжуулахад бэлэн болсон.

Дүн гаргахад гар тооллогыг хийнэ. Хуулинд зааснаар бол эхлээд автоматжуулсан системийн буюу санал тоолох төхөөрөмжийн дүнгээ дамжуулна. Түүний дараа гар тооллогыг хуулийн дагуу нэн даруй хийж гүйцэтгэнэ. Ямар нэгэн завсарлага, гарах, орох хөдөлгөөн хийхгүйгээр, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зааврын дагуу хэсгийн хороод саналын хуудсаа 100 хувь гараар тоолно. Дүнгээ нэгтгэнэ. Автоматжуулсан систем буюу санал тоолох төхөөрөмжийн дүнтэй нийлүүлж, тулгаж шалгана. Ингэснээр сонгуулийн дүнгийн тоо баталгаажна.

Санал тоолох төхөөрөмжөөр дамжуулах дүн олон нийтэд нээлттэй шууд дамжуулагдана. Санал авах ажиллагааны мэдээлэл төв серверээс дэлгэц рүү шууд дамжина. Маш богино хугацаанд өндөр хурдаар дамжуулна.

Маргааш 22:00 цагт хэсгийн хороод төхөөрөмжийнхөө билл-ийг, цаасан суурьтай мэдээллийг ажиглагчдад болон тэнд байгаа хүмүүстээ хэвлэж өгнө. Тэгээд дүнгээ кодолж дамжуулна. Тэр дүн шууд дэлгэцэн дээр гарна. Тэгэхээр энэ бол маш богино, түргэн хугацаанд автомат системийн дүнгүүд нээлттэй харагдана. Түүнийг Та бүхэн байнга шалгаж, үзэх боломжтой” гэв.

Ийнхүү мэдээлэл өгсний дараа УБЕГ, ОБЕГ, ЗӨСҮТ, ЦЕГ, НЭМГ-ын удирдлагууд болон СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн газраас нэмэлт мэдээллийг хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.