МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ДҮНГИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА П.ДЭЛГЭРНАРАНГИЙН ИЛТГЭЛ

 

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийг Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр амжилттай зохион байгуулж, явууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны энэ удаагийн ээлжит сонгууль нь дэлхий нийтийг хамраад буй Ковид-19 цар тахлын хүнд нөхцөл байдалд, дотооддоо халдвар тархсан цаг үед явагдсан нь сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагааны хувьд өргөн цар хүрээг хамарч, бидэнд шинэ сорилт боллоо.

Хэдийгээр цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа хэдий ч Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний сонгох, сонгогдох эрхээ эдлэх нөхцөл боломжийг бүрдүүлэн Сонгуулийн төв байгууллагын үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж, Ковид 19-ын улмаас тусгаарлагдсан, хэвтэн эмчлүүлж байгаа болон тусгай чиг үүргийн дагуу ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгой байдлын зэрэг албан хаагчдынхаа сонгох эрхээ эдлэн Монгол төрийн тэргүүнээ сонгох сонгуульд оролцох боломж, нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа.

Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст  халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам”-ыг боловсруулж Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 152 дугаар тогтоолоор батлуулан, хэрэгжилтийг хангах талаар олон талт шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэн, хамтран ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг гадаадын 30 улсын 44 дипломат төлөөлөгчийн газарт 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг улсын хэмжээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллав.

Мөн цагдаагийн болон онцгой байдлын алба хаагчид, төрийн тусгай хамгаалалтын газар болон тагнуулын байгууллагын ажилтнууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, сонгуулийн үеийн хамгаалалт, аюулгүй байдлыг ханган ажилласан болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийг зохион байгуулахад аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах төв комисс болон 44 салбар  комисс, 2087 хэсгийн хороонд нийт 22300 төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч, мэдээллийн технологийн 2800 албан хаагч ажилласнаас гадна, цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор халдвар хамгааллын дэглэм, батлагдсан журмыг мөрдүүлэх чиглэлээр онцгой байдлын болон эрүүл мэндийн байгууллагын нийт 5474 албан хаагч, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгах үйл ажиллагаатай холбоотойгоор 3137 иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, цагдаагийн 8500 албан хаагч нийт 42211 төрийн албан хаагч ажиллалаа.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг хуулийн дагуу ил тод, шударга зохион байгуулахад хүчин зүтгэл гарган ажилласан нийт албан хаагчдад Сонгуулийн ерөнхий хорооны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль болон Улсын Их Хурлын 2021 оны 08 дугаар тогтоолд заасны дагуу сонгуулийн автоматжуулсан системээр зохион байгуулж явууллаа.

Тагнуулын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн  газар болон тус Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн хамтарсан Ажлын хэсэг санал тоолох төхөөрөмж, бүртгэлийн техник хэрэгслийг хуульд заасны дагуу нэг бүрчлэн шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгосон болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагааг дэлхий дахин анхааралтай ажиглаж, гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагууд сурвалжлан олон улсад Монголын сонгуулийн талаарх мэдээллийг шуурхай түгээн ажиллаа.

Энэ удаагийн сонгуулийг ажиглахаар гадаадын болон олон улсын байгууллага, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайдын яамдаас ажиглалт хийн үнэлэлт дүгнэлтээ танилцуулж эхэллээ. Тухайлбал, ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны Сонгууль ажиглах тусгай багийн 8 орны 11 ажиглагч, Азийн сонгуулийн байгууллагуудын холбооны шугамаар Филиппин улсын Сонгуулийн төв комиссын 2 ажиглагч, Их Британи, АНУ, Япон, Австрали улсын Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын 39 хүний бүрэлдэхүүнтэй ажиглагчдын баг ажилласанаас гадна манай улсад үйл ажиллагаа явуулж буй Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Бодлогод залуусын хяналт төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн нийт 44 ажиглагч сонгуулийг ажиглалаа.

Сонгуулийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагынханд талархал илэрхийлье.

Сонгогчдыг мэдээллээр хангах, сонгуулийн үйл явцыг сурвалжилж, мэдээ мэдээллийг шуурхай түгээхэд хувь нэмрээ оруулахаар дотоодын 80 хэвлэл мэдээллийн 450 гаруй сэтгүүлч, зураглаач, инженер техникийн ажилтнууд ажилласанаас гадна гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын 13 байгууллагын 16 сэтгүүлч, сурвалжлагчид ажилласан.

 

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдээсээ санал авах ажиллагааг зохион байгуулахад цаашид тодорхой хэд хэдэн чиглэлээр анхаарч ажиллах шаардлага үүсч байгааг онцлон дурдаж байна. Тухайлбал саналаа өгөх тухай хүсэлт гаргах болон санал авах ажиллагааг цахимжуулж сонгогчдын идэвхи, оролцоог нэмэгдүүлэх, сонгох эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог сайжруулах эрх зүйн орчин бүрдүүлж, сонгуулийн автоматжуулсан системийн техник, технологийн шинэчлэлтэй холбоотой шийдвэр гаргах шаардлагатай гэж үзэж байна.

Санал авах ажиллагааны цахим системийн оновчтой шийдлийг нэмэгдүүлж, хэсэгчлэн нэвтрүүлснээр саналаа өгөхөд хүндрэл үүсдэг зарим асуудлыг шийдвэрлэх боломжтой юм. Тухайлбал улирлын шинжтэй ажилладаг уул уурхайн салбарын ажилчид, оюутнууд саналаа өгөхөд үүсдэг хүндрэл болох байнгын оршин суугаа газраасаа өөр газарт байгаа тохиолдолд саналыг нь авах ажиллагааг зохион байгуулах бүрэн боломж бүрдэх ач холбогдолтой юм.

Сонгогчдын идэвхи оролцоог сайжруулах, сонгуулийн болон сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх ач холбогдлыг сонгогчдод тайлбарлан таниулах, сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагааны талаар суурь мэдээ, мэдээллийг хүргэх зэрэг сонгогчдын боловсролд зориулсан үйл ажиллагааг сонгуулийн болон сонгуулийн бус жилд өргөн цар хүрээтэйгээр, тогтмол, хүртээмжтэй хэлбэрээр явуулах чиглэлд Сонгуулийн ерөнхий хороо онцгой анхаарал хандуулж ажиллахаар төлөвлөж байгаа тул уг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд сонгуулийн төв байгууллагын чадавхийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсч байна.

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Ардын Намаас Ухнаагийн Хүрэлсүхийг, Ардчилсан Намаас Содномзундуйн Эрдэнийг, “Зөв хүн электорат” эвслээс Дангаасүрэнгийн Энхбатыг тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлснийг Сонгуулийн ерөнхий хороо 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарган 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулсан болно.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид Мөрийн хөтөлбөрөө тайлбарлан таниулах сурталчилгааг хуулийн хугацаанд зохион байгууллаа.

2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын олонхи буюу 59,35 хувь нь оролцлоо.

Хэдийгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн урд өмнөх сонгуулиудтай харьцуулахад сонгогчдын ирцийн хувь бага боловч өмнө явагдсан сонгуулиудын нөхцөл байдлыг харьцуулж үзвэл цар тахлын амаргүй энэ үед сонгогчдын ирц, идэвх оролцоо өндөр байсан гэж дүгнэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ эдлэн Монгол төрийн тэргүүнийг сонгох сонгуульдаа идэвхтэй оролцсон нийт сонгогчдодоо гүн талархал илэрхийлье.

 

Монгол Улсын Их Хурлын дарга, гишүүд ээ!

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг нэгтгэхэд Монгол Ардын Намаас нэр дэвшсэн Ухнаагийн Хүрэлсүх 823,326 санал буюу сонгуульд оролцсон нийт сонгогчийн 67.69 хувийн санал, Ардчилсан Намаас нэр дэвшсэн Содномзундуйн Эрдэнэ 72,832 санал буюу сонгуульд оролцсон нийт сонгогчийн 5.99 хувийн санал, “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшсэн Дангаасүрэнгийн Энхбат 246,968 сонгогчийн буюу сонгуульд оролцсон нийт сонгогчийн 20.31 хувийн саналыг тус тус авсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу улсын хэмжээнд 2087 хэсгийн хороонд хяналтын камер ажиллуулж, нэгдсэн сүлжээнд холбон гадаадын ажиглагч болон нам, эвсэл, төрийн бус байгууллагын ажиглагч, иргэд сонгогчдод сонгуулийн үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг хангах техникийн шийдлийг хэрэгжүүлэн ажиллалаа.

Үндэсний статистикийн мэдээллийн сангийн насны ангилалд нийцүүлэн ирц бүртгэлийн нэгдсэн шинэ системийг нэвтрүүлж амжилттай ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал хураалт дууссаны дараа 2087 хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн дүн хяналтын тооллогын дүнтэй бүрэн тохирсон болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид бүрэн нийцэж, хуулийн дагуу хүчин төгөлдөр боллоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь  хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн буюу 67.69 хувийн санал авсан Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргаж, сонгуулийн дүн болон ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна.

                       

Анхаарал хандуулсан Та бүхэнд баярлалаа.