Нам, эвсэл, нэр дэвшигчид халдвар, хамгааллын дэглэмийг чанд баримтална

Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 9 нам, нэг эвсэлд Сонгуулийн ерөнхий хороо “Коронавируст халдвар(Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам” болон Улсын Онцгой Комиссоос ирүүлсэн чиглэлийг хүргүүллээ.

Сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигч нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 152 дугаар тогтоолоор батлагдсан  Сонгуулийн үед коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхөөс гадна ухуулах байр, уулзалт, сурталчилгааны үед цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажилтныг томилж ажиллуулах, урьдчилан сэргийлэхтэй холбогдох зардлыг хариуцах үүрэгтэй.

Сонгуулийн сурталчилгааны үед аливаа арга хэмжээ, сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг цахим хэлбэрээр зохион байгуулах чиглэлийг сонгуулийн төв байгууллагаас өгч байна. Боломжгүй тохиолдолд байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайтар хийж, иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулахыг сануулж байна.