Сонгогчийн саналын нууцлалыг мэдэх боломж байхгүй

Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа 2021 оны 10 дугаар сарын 10-нд болно. Уг сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19 дүгээр хороо, мөн 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хорооны сонгогчид оролцож саналаа өгөх юм.

Монгол Улсын иргэд  шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүйгээр сонгуульд оролцож, саналаа нууцаар гаргах эрхтэй. Сонгогчийн саналын нууцлалд эргэлзсэн, сонгогчдыг төөрөгдүүлсэн ташаа мэдээллийг тарааж, иргэд сонгогчдын хуулиар хамгаалагдсан эрхэд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн хууль бус үйлдэл гарч байгаа талаар Сонгуулийн ерөнхий хороонд хандан иргэдээс гомдол гаргасан бөгөөд сонгуулийн байгууллагын зүгээс холбогдох тайлбарыг хийж, хариу хүргүүллээ. Уг хариунд сонгогчийн саналын нууцлалыг хангах асуудалд манай байгууллагын зүгээс онцгойлон анхаарч ирсэн талаар дурдсан бөгөөд тухайн сонгогч саналаа хэнд өгснийг нь өөр хүн мэдэх, сонгогчийн хийсэн сонголтын үр дүнг өөрчлөх ямар ч боломжгүй болохыг онцолсон байна. Сонгогчийн саналаа нууцаар гаргах эрхэд нөлөөлөх гэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 14.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болохыг мөн дурджээ. 

Хэрвээ  саналаа бие даан, чөлөөтэй, нууцаар гаргах сонгогчийн эрхэд нь хөндлөнгөөс нөлөөлөх, халдах, саналын нууцлалыг мэдэх боломжтой гэх зэргээр олон нийтэд худал мэдээлэл тарааж, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар хамгаалагдсан иргэдийн үндсэн эрхийг зөрчиж байгаа нь хууль бус үйлдэл тул энэ талаарх гомдол, мэдээллийг баримт нотолгооны хамт цагдаагийн байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх боломжтой гэж Сонгуулийн ерөнхий хорооны Сонгогчдын боловсрол, сургалтын төвөөс мэдээллээ.