“ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” БЭЛТГЭХ АЙМАГ, ДҮҮРЭГ ХАРИУЦСАН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭН ТОМИЛЛОО

Ард нийтийн санал асуулга, сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сургалт, судалгаа явуулах, сонгуулийн явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор Сонгуулийн ерөнхий хороо 2022 оны 8 дугаар сарын 15-24-ний өдрүүдэд сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг дэх төрийн албан хаагч, нийт 62 хүн хамрагдаж, Хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн сургагч багшийн гэрчилгээг гардан авлаа. Эдгээр албан хаагчид нь Сонгуулийн ерөнхий хорооноос бэлтгэгдсэн анхны сургагч багш нар бөгөөд тэднийг Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 15.1-д заасныг үндэслэн тус Хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн аймаг/дүүрэг хариуцсан төлөөлөгч, сургагч багшаар томиллоо.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хороотой хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай сонгогч” бэлтгэх хөтөлбөрөөр бэлтгэгдсэн тэд ирэх сараас 21 аймаг, нийслэл дэх сонгуулийн насны иргэд, залууст сонгуулийн боловсрол олгох сургалтуудыг явуулж эхэлнэ.

Сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, сургагч багш нарын үндэсний сүлжээг бий болгох, сургалтыг өргөн хүрээнд тогтмолжуулахын тулд сонгуулийн хууль тогтоомжид заасан ард нийтийн санал асуулга, сонгууль зохион байгуулах, бэлтгэл ажилтай холбогдсон асуудлаар төрийн зохих байгууллагын үйл ажиллагааг уялдуулах эрхийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооноос 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд албан тоот илгээж, өөрийн харьяа аймаг/дүүрэгт томилогдсон сургагч багш нартай хамтран ажиллах болно.