ЗАЛУУЧУУДЫН СОНГУУЛИЙН ИДЭВХ, ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төв “ЛИЙД төгсөгчдийн холбоо” ТББ-тай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд 1990 оноос хойш зохион байгуулагдсан сонгуулиудын сонгогчдын ирцтэй холбоотой судалгаа хийх, тайланг нийтэд танилцуулах, Улсын Их хурлын 2024 оны сонгуулийн ирц дэх сонгогчдын насны ангилал болон бусад мэдээллийг боловсронгуй болгох, залуу сонгогчдын идэвх оролцоо, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарна.

Ингэхдээ хараат бус, бие даасан зарчмыг хадгалах ба Хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төв нь судалгаанд шаардлагатай баримт, мэдээллээр хангаж, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, холбогдох байгууллагуудтай холбох бол тус төрийн бус байгууллагын зүгээс залуу сонгогчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр шинэ төсөл, санал, санаачлагыг боловсруулан харилцан зөвшилцөж ажиллахаар боллоо.

“ЛИЙД төгсөгчдийн холбоо” ТББ нь “LEAD Mongolia” хөтөлбөрт хамрагдсан төгсөгчдийн санаачлагаар байгуулагдсан, 250 орчим гишүүнтэй ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлж, нийгмийн тэгш оролцоог хангахад хувь нэмрээ оруулан залуусын оролцоог дэмжих зорилготой иргэний нийгмийн байгууллага юм.

Талууд Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд сонгогчийн ирцийн мэдээллийг олон нийтэд шууд дамжуулах, залуу сонгогчдын сонгуулийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх чиглэлд хамтран ажилласан туршлагатай.