Киргиз Улсын Ерөнхийлөгч асан хатагтай Роза Отунбаеваг хүлээн авч уулзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав, нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн нар Киргиз Улсын Ерөнхийлөгч асан хатагтай Роза Отунбаеваг хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгч асан Р.Отунбаева Монгол Улс түүхэндээ анх удаа парламентын сонгуулиа автоматжуулсан системээр амжилттай зохион байгуулж явуулсныг онцлон тэмдэглэж, баяр хүргэлээ.

Энэ үеэр тус Хорооны дарга Н.Лувсанжав Сонгуулийн төв байгууллагын бүтэц, үйл ажиллагааг товч танилцуулав. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн болон сонгуулийн автоматжуулсан системийн хууль эрх зүйн орчин хагас жил гаруйн өмнө бүрдсэн тул энэ богино хугацаанд олон шинэ зүйлийг нэг дор хамт зохион байгуулж явуулснаараа онцлог сонгууль болсныг тэмдэглэв.

Тухайлбал, анх удаа Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн хосолсон тогтолцоогоор зохион байгуулж явуулсан, Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрлаж буй гадаад улс дахь сонгуулийн эрх бүхий иргэдийнхээ саналыг авсан, Улсын Их Хурал, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг хамт зохион байгуулж явуулсан, сонгуулийн автоматжуулсан систем нэвтрүүлсэн зэргийг онцлон танилцуулсан юм.

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч асан Р.Отунбаева болон түүнийг дагалдан яваа албаны болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдөд сонгуульд ашигласан сонгогчийн бүртгэлийн болон санал авах, тоолох техник хэрэгслийг танилцуулав.