Сонгогчид сонгуулийн байгууллагын ажлын ур чадварт итгэлтэй байсан байна гэж үнэлжээ

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын олон улсын сонгуулийн ажиглагчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага нь Европ, Төв Ази, Хойд Америкийн зэрэг нийт 57 орныг эгнээндээ нэгтгэсэн  бөгөөд Монгол Улс 2012 оны 11-р сард  түүний гишүүн болсон билээ.
Ийнхүү байгууллагын Хүний эрх, ардчилсан байгууллагуудын албанаас 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах бэлтгэл ажлын хүрээнд хэрэгцээний судалгаа хийх  шинжээчдийн багийг энэ оны 3 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд Монголд ажиллуулсан байна.

Үүний зэрэгцээ төлөөлөгчийн газраа Монголд албан ёсоор нээсэн тухай тэд Сонгуулийн Ерөнхий Хорооны даргад танилцуулав.
Уулзалтын үеэр Ажиглагчдын багийн ахлагч хатагтай Oдрий Гловер Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах тус байгууллагын урт хугацааны ажиглагчдын эхний ээлжийн 20 ажиглагч Монголд ирээд байгаа, тэд ирэх 7 хоногоос орон нутагт ажиллаж эхлэхээр төлөвлөсөн талаар танилцуулаад тус байгууллагаас сонгуулийн үеэр 300 орчим богино хугацааны ажиглагч   сонгуулийг ажиглагч ирж ажиллах тухай мэдээлэв.
Ажиглагчид  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахдаа юуны өмнө, хуулийн орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр явах сурталчилгааны тэгш байдал, сонгогчдыг бүртгэх, санал тоолох технологи болон гомдлыг хэрхэн шийдвэрлэж буй байдалд анхаарал хандуулах ажээ.
Нэр хүнд бүхий олон улсын энэ байгууллагын шинжээчид 3 сард хийсэн судалгааны тайландаа, сонгогчид Монголын сонгуулийн байгууллагын сонгууль зохион байгуулах мэргэжлийн ур чадварт итгэлтэй байсныг нааштай үнэлжээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.