Сонгуулийн төсвийг хэмнэлттэй, хяналттай зарцуулахыг зөвлөв

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн бэлтгэлийг хангах, түүнийг зохион байгуулахтай холбогдуулан аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны төсвийн хуваарийг тухайн аймгийн газар нутгийн хэмжээ, сонгогчдын болон сум, дүүрэг, хэсгийн хорооны тоо, тэдгээрт ажиллагсдын тоо зэргийг харгалзан тооцож  гаргалаа. Ийнхүү аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод төсвийн хуваарийг гаргаж хүргүүлсний сацуу түүнийг хэрхэн зарцуулах талаар зөвлөмж өгөв.

Сонгуулийн Ерөнхий Хороо аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дарга нарт хүргүүлсэн ийнхүү төсвийг тодорхой лимит, зарчмыг баримтлан сум, дүүргийн сонгуулийн хорооддоо шуурхай хуваарилахын чухлыг тэмдэглээд ийнхүү хуваарилсан төсвийг зүйл анги хооронд нь шилжүүлэхгүй байх, зардлыг өөр зориулалтаар хэрэглэхгүй байхыг сануулсан байна. Үүний сацуу зардлыг оновчтой зөв хуваарилж хяналттай, хэмнэлттэй зарцуулахыг  зөвлөв гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.