Бидэнд цэвэр, шударга сонгууль зохион байгуулсан танай туршлага чухал байна



          

Бидэнд цэвэр, шударга сонгууль зохион байгуулсан ялангуяа сонгуульд итгэх сонгогчдын итгэлийг бий болгосон талаарх танай туршлага чухал байна. Тиймээс энэхүү туршлагыг нарийвчлан судлах  эрмэлзэл  байна гэдгээ манай улсад ажлын айлчлал хийж буй  Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Д.К. Оторбаев мэдэгдлээ.

 

Тэрээр өнөөдөр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд тусгайлан зочилж,  Монгол Улсад сонгууль зохион байгуулж буй арга туршлага,  сонгуулийн төв байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцлаа.

 

Монгол Улсад сонгууль зохион байгуулж буй арга туршлага олон улсын анхаарал, сонирхолыг ихэд  татах болжээ.  Ирэх онд Киргиз Улсад болох сонгуулийг танайхаас дутахааргүй хийхийг хүсэж байна. Тийм учраас юуны өмнө Монгол Улсад сонгуулийг зохион байгуулахад учирсан хүндрэл бэрхшээл юу байв, сонгуульд шинэ техник, технологи сонгон авч, ашиглахад юуг анхаарах зэрэг асуудлыг  бид ихэд сонирхож байна. Гэхдээ шинэ техник, технологи ашиглахын утга учрыг иргэд сонгогчиддоо нарийвчлан зөв тайлбарлаж таниулах, ойлгуулж итгүүлэх нь чухал байна гэдгээ хүндэт зочин илэрхийлээд  энэ  талын туршлага судлах  төлөөлөгчдийн  цуваа тасрахгүй гэлээ.

 

Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд Д.К.Оторбаев болон түүнийг дагалдан яваа тус  улсын томоохон намуудын дарга нар  Монгол Улсад сонгууль зохион байгуулж буй арга туршлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан төдийгүй  санал хураалтын техникийн ажиллагаатай танилцлаа.

 

 

Үүний дараа Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны сонгуулийн хорооны дарга  ноён Родерих Эгелэрийг хүлээн авч уулзаж, хоёр орны сонгуулийн байгууллагын эрх үүрэг, үйл ажиллагааны онцлог болон  цаашдын хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал солилцов.

 

Уулзалтын үеэр тэд Монгол Улс, ХБНГУ-ын Холбооны сонгуулийн байгууллагын хооронд хамтран ажиллах Ойлголцлын санамж бичиг байгуулахаар тохиролцов.

 

100 гаруй жилийн түүх, уламжлалтай ХБНГУ-ын Холбооны сонгуулийн байгууллагатай харилцан төлөөлөгчид болон мэдээлэл солилцох,  сонгууль зохион байгуулдаг арга туршлага судлах зэргээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн онцлон тэмдэглэв.

 

                                                2014 оны 07 дугаар сарын 09