Уругвай улсын бүх нийтийн сонгууль

Уругвай улсын Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах, Төлөөлөгчдийн танхимын 99 төлөөлөгчийг сонгох, мөн түүнчлэн Сенатын 30 төлөөлөгч, Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчийг сонгох бүх нийтийн сонгууль 2014 оны 10 дугаар 26-ны өдөр явагдлаа. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч 50-иас дээш хувийн санал авахгүй бол сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтыг ирэх сарын 30-ны өдөр явуулах юм байна.

Одоогийн Ерөнхийлөгч Хосе Мухика 2009 онд сонгогдсон бөгөөд Үндсэн хуульд зааснаар энэ удаагийн сонгуульд дахин нэрээ дэвшүүлэх эрхгүй болж байгаатай холбоотойгоор эрх барьж буй “Өргөн фронт” хэмээх социалист болон коммунист намын эвслээс өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Табаре Васкесийн нэрийг дэвшүүлжээ. Ерөнхийлөгчид нийт 7 нэр дэвшигч өрсөлдлөө.

           

Сонгуулийн тухай:         

 

Энэ удаагийн бүх нийтийн сонгуультай хамт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нас 18-аас эхэлдэг байсныг 16 наснаас эхлэн эрүүгийн хариуцлагад татаж байхыг дэмжих эсэх тухай, түүнчлэн гудамжны гэмт хэрэгтэй тэмцэх, иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой асуудлаарх санал асуулгыг хамтатган явуулсан юм.


Сонгуульд 250 мянга орчим сонгогч шинээр саналаа өгөх ба эдгээр сонгогчдын ихэнх хэсэг нь уламжлалт буюу сонин хэвлэл, телевиз гэх мэт хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашигладаггүй нь нэр дэвшигчдийн хувьд хамгийн гол бэрхшээлийг учруулж байна. Үүнтэй холбогдуулан сонгуулийн кампанит ажлын менежерүүд болон сурталчилгааны байгууллагууд олон нийтийн интернэт сүлжээг идэвхтэй ашиглан явуулжээ.


Сонгуулийн өмнө явуулсан асуулгаар ихэвчлэн өмнөх сонгуулиудаар байнга сонгогдож байсан нэр дэвшигчид сонгогдох магадлалтай гэсэн дүн гарчээ. Тухайлбал, “Өргөн фронт” эвсэл - 1971 оноос хойш байнга нэр дэвшигчдээ сонгуульд өрсөлдүүлж байсан, Табара Васкес, Луис Лакалье, Педро Бордаберри нар – сонгуульд ялалт байгуулж байсан зэрэг жишээг дурдаж байна.


Гэвч энэ удаагийн сонгуулиар олон жижиг намууд шинээр сонгуульд оролцож байгаа юм.


10 дугаар сарын 26-ны өдөр сонгуулийн санал хураалт орон нутгийн цагаар 08.00 цагт эхэлж 21.30 цагт дууслаа.


Уругвай улсын 3,3 сая хүн амын 2,6 сая нь сонгуулийн эрхтэй. Тус улсын 18 нас хүрсэн хүн бүр сонгуульд санал өгөх үүрэгтэй байдаг юм байна.


Сонгуулийн үеэр хэв журмыг сахиулахаар 2 мянган цагдаагийн ажилтан, 3 мянган цэргийн албан хаагчид ажиллав. Сонгуулийн үйл ажиллагааг хуулийн дагуу явагдаж буй эсэхэд ажиглахаар олон орны ажиглагчид ирсэн бөгөөд ихэвчлэн америк тивийн улсууд болох Аргентин, Бразили, Колумби, Коста-Рика, Чили, Эквадор, Гондурас, Мексик, Никарагуа, Панам, Перу болон Доминиканы Бүгд Найрамдах Улсуудын сонгуулийн байгууллагын төлөөлөгчид ажиллажээ.

 

Сонгуулийн үр дүн:

 

Сонгуулийн өмнөх асуулгын үр дүнтэй бараг ижил дүн гарч Ерөнхийлөгчид нэр дэвшигч Табаре Васкес хангалттай хувийн санал буюу 50-иас дээш хувийн санал авч чадаагүй тул 11 дүгээр сарын 30-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь шатны санал хураалт явагдаж хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч өрсөлдөх болно. 


Нэр дэвшигч “Өргөн фронт” эвслийн нэр дэвшигч Табаре Васкес урьдчилсан дүнгээр 46 хувийн санал, Үндэсний намаас нэр дэвшигч Луис Лакалье33 хувийн санал, Колорадо намаас нэр дэвшигч Педро Бордаберри 13—14 хувийн санал авсан байна.


Эх сурвалж: www.ria.ru, www.dw.de