Ботсван улсын парламентийн сонгууль

Ботсван Улсын Парламентийн сонгуулийн санал хураалт 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр болж тус улсын иргэд сонгогчид орон нутгийн засаг захиргааны Зөвлөлийн 490 гишүүнийг, Парламентийн Үндэсний Ассамблейн 57 гишүүнийг сонголоо. Ассамблейгаас Ботсваны Ерөнхийлөгчийг сонгох юм.


Үндэсний Ассамблейн 63 гишүүний 57 гишүүн нь нэг мандаттай тойргоос мажоритар системээр сонгогдсоны дараа Ассамблей нь дахин 4 гишүүнийг сонгож,  үлдсэн 2 гишүүн буюу Ерөнхийлөгч, Ерөнхий прокурорыг мөн сонгодог юм байна.


Тус улсын 18 насанд хүрсэн, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэхээс өмнөх 12 сар эх орондоо байнга оршин суусан бүх иргэд сонгох эрх эдэлнэ. Харин сонгогдох эрх 21 наснаас эхлэх бөгөөд нэр дэвшиж буй иргэн Парламентийн хэлэлцүүлэгт оролцохын тулд англиар хангалттай сайн хэмжээнд ярьдаг, уншдаг байх шаардлагатай. 


Ботсван улсын улс төрийн хувьд харьцангуй тогтвортой, эдийн засаг нь уул уурхайн салбар болон “De Beers” компанийн олборлодог алмазын үйлдвэрлэл дээр ихэвчлэн суурилж эдийн засгаа удирдах чадвартай улс орны нэг гэж үздэг. Америкийн хөгжлийн банкны мэдээллээр хүн амын орлогын хэмжээгээр дундаж оронд тооцогддог хэдий ч үндэсний баялгийг жигд бус хуваарилдаг орон хэмээн дүгнэжээ. Тус оронд хүн амын дунд ядуурал 18,4%, ажилгүйдэл 17,8%, ДОХ-ын тархалт 23,4% байдаг юм байна.

 

Сонгуулийн тухай:

 

Энэ удаагийн сонгуульд нийт 192 нэр дэвшигч өрсөлдөж байна. Намын харъяаллаар авч үзвэл: Ардчилсан нам – 57, Конгрессийн нам – 54, Ардын фронт, Ардын нам, Ардчиллын төлөө хөдөлгөөний “Ардчилсан өөрчлөлтийн шүхэр” эвсэл – 52, бие даан нэрээ дэвшүүлэгч – 29 байв.


Сонгуулийн санал хураалтын ажиллагаа тус улсын нутаг дэвсгэр дэх 4449 сонгуулийн хэсэгт өглөөний 07.30 цагаас эхлэн явагдаж 19.00 цагт дууслаа. Нийт 2 сая хүн амтайгаас сонгуульд оролцохоор 824 мянган сонгогч бүртгүүлжээ. Цагдаагийн албан хаагч, сонгуулийн хороодын ажилтнууд, гадаад оронд амьдарч байгаа сонгогчдынхоо саналыг 10 дугаар сарын 18-ны өдөр авсан. Олон орны ажиглагчид сонгуулийн үйл ажиллагааг ажигласан бөгөөд Африкийн холбооны ажиглагчдыг Малави улсын Ерөнхйилөгч асан Джойс Банда тэргүүлэн ажиллажээ.

 

Сонгуулийн үр дүн:

 

Сонгуулийн урьдчилсан дүнгээр Ботсваны Ардчилсан нам сонгуульд ялалт байгуулж Ассамблейн 57 суудлын 33-ыг нь авсан байна. Ассамблейн сонгуульд 29-өөс дээш тооны суудал авсан нам олонх болдог. Харин “Ардчилсан өөрчлөлтийн шүхэр” эвсэл 14 суудал авч, үлдсэн 5 суудлыг аль нам, нэр дэвшигч авсан нь одоогоор тодорхой болоогүй байна.